Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-06-30
Тогтоолын дугаар 177
Хэргийн индекс 106/2015/1137/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич
Зүйл заалт 192.3.4., 240.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

                       Уткин Дмитрий Николаевичид холбогдох

                       эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр,

нарийн бичгийн дарга Н.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 226 дугаар магадлалтай, 201501000047 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Оросын Холбооны Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, Уткин Дмитрий Николаевич нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх заалтад заасан “Давтан үйлдлээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан”, Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт заасан “Гадаадын иргэн Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан” гэмт хэргүүдэд холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Уткин Дмитрий Николаевчийг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидро каннабинол/ гэх нэршилтэй, 6.499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, удаа дараагийн давтан үйлдлээр борлуулсан гэмт хэргийг, мөн Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ялаар, 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Уткин Дмитрий Николаевичийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх хорих ялыг 10 жил 6 сараар тогтоож, эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ялаар, 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэснийг “Уткин Дмитрий Николаевичийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт заасан хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичийн өмгөөлөгч С.Тунбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч С.Тунбаяр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хийсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг саатуулах үед хөндлөнгийн гэрчүүдийн дэргэд миний зүгээс өмгөөлөгч болон ОХУ-ын ЭСЯ-ны консулыг байлцуулах тухай амаар хэлсэн хүсэлтийг цагдаагийн байгууллага хангаагүй. Ингэж цагдаагийн байгууллага миний эрхийг ноцтой зөрчсөн. Манай гэрт үлдээсэн байсан өвстэй хайрцаг, бусад эд зүйлийг би сайн дураараа гаргаж өгсөн. Шүүхийн шийтгэх тогтоолд “хэрэг учралын газраас олсон” гэж хэд хэдэн удаа дурдсан байна. Хэрэг учралын газар хийсэн тэмдэглэлд цагдаагийн ажилтан Ариунаа гэх орчуулагч байсан ба миний мэдүүлгийн ихэнх хэсгийг худлаа тэмдэглэсэн байна. Хэдэн жил тамхи татаж байгаа вэ гэсэн асуултанд би 20 жил гэж хариулахад тэмдэглэлд 20 жил хар тамхи татаж байгаа гэсэн байх жишээтэй. Хэрэг учралын газар хийсэн тэмдэглэлд юу бичсэн байгааг би зөвхөн мөрдөн байцаах газар л мэдсэн. Тэнд өөр орчуулагч байсан бөгөөд тэр хүн надад тэмдэглэлийн агуулгыг орчуулж өгсөн. Миний хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох тестийг зааврын дагуу аваагүй. Хавтаст хэрэг болон шүүхийн шийтгэх тогтоолд хөндлөнгийн гэрч нарын дэргэд тестийг ашиглах талаар санал болгосон гэсэн байна. Энэ бол худлаа. Намайг тест заавал өгөх ёстой гэж мөрдөн байцаагч надад хэлсэн. Бид хоёр хамт ариун цэврийн өрөөнд орж би тэнд шинжилгээ өгсөн. Тестийн сав нь битүүмжилсэн байсан эсэхийг би мэдэхгүй байна. Зааврын дагуу аваагүй тул энэ тестийг зөв хийсэн гэж тооцох боломжгүй.

Гэрч Б.Алтанзул намайг хэд хэдэн удаа Дархан руу явж байсан гэдэг нь худлаа. Шүүх хурал дээр би зөвхөн Улаанбаатар хотын захууд дээр ажилладаг гэж хэлсэн. Үүнийг миний ажил олгогч болох Овчинников.В.Ю нотолж байгаа. Тиймээс гэрч Б.Алтанзулын мэдүүлгийг үнэн зөв гэж тооцож болохгүй. Шийтгэх тогтоолд миний мэдүүлгийг гуйвуулсан байна. Шийтгэх тогтоолд намайг 2 удаагийн үйлдлээр хар тамхи борлуулсан гэсэн байна. Эхний удаа би үл таних этгээдээс 20.000 төгрөг авч боодолтой зүйл дамжуулсан гэдэг. 2 дахь удаа би тамхины хайрцагт хийсэн зүйл өгсөн бөгөөд тэр нь хар тамхи байсан гээд байгаа. Давж заалдах шатны шүүх хурал дээр прокурор “тамхины хайрцагтай зүйл өгсөн нь чухал биш харин тамхины хайрцаг дотор хар тамхи байсан нь чухал. Яагаад гэвэл тамхины хайрцаг дахь хар тамхи болон гэрт байсан хар тамхи 2 төстэй гэдгийг шинжилгээгээр тогтоосон” гэж хэлсэн. Тэр 2 адилхан байх учиргүй бөгөөд нүдээр харахад хүртэл өөр бодис байгаа. Дүрс бичлэгийн камераар хайрцаг дотор юу байсныг тогтоогоогүй. Борлуулж байхад газар дээр баривчлах эсхүл тэмдэг тавьсан мөнгө зэрэг нь нотлох баримт болж чадна. Харин тодорхойгүй бүх зүйл шууд бус нотлох баримт гэж явах ёстой. Надаас хар тамхи хийсэн гээд байгаа тэр этгээдэд цагдаагийн байгууллага яагаад хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бэ. Хар тамхийг тодорхой төхөөрөмж, янз янзын орц бодис ашиглан хийдэг талаар судалсан бөгөөд манай гэр болон миний биед үзлэг хийхэд тийм төрлийн зүйл огт олдоогүй. Энэ нь би хар тамхи хийх боломжгүй байсан, одоо ч хийж чадахгүй гэдгийг нотолж байгаа юм. Шинжилгээ буруу хийгдсэн, бүрэн хэмжээнд хийгдээгүй. Манай гэрт байсан бодис болон миний борлуулсан гээд байгаа бодис 2-ыг төстэй, адилхан гэж тодорхойлж болохгүй. Үүнд дахин шинжилгээ хийж өгнө үү.

Интерполын шугамаар авсан тодорхойлолтод алдаатай мэдээлэл байна. Би 2002 онд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 221 дүгээр зүйл ангиар ял эдэлж байгаагүй. Анхан шатны шүүх өмнө нь ял эдэлж байсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь буруу. Би ял шийтгэлгүй гэж тооцогдох ёстой. Мөрдөн байцаах газар ОХУ-аас энэ талаар дахин лавлагаа авах хэрэгтэй. Шүүх өмнө нь ял шийтгэгдэж байсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон мөртлөө хайрцгийг сайн дураар гаргаж өгсөн, мөрдөн байцаалтын явцад боломжийн хэмжээнд туслаж байсан, бага насны хүүхэдтэй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй байдаг. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ” гэж заасан байдаг. Эхний удаа гүйцэтгэх ажил явуулаад дараа нь хоёр дахь удаа гүйцэтгэх ажил явуулах ямар ч шаардлагагүй байсан. ...Хоёр дахь удаагаа ямар зорилгоор гүйцэтгэх ажил явуулаад байна вэ гэдэг хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. Анхны гүйцэтгэх ажлын шугамаар энэ хүний үйлдлийг тогтоосон байгаа. Эхний үйлдэл дээр явуулсан гүйцэтгэх ажлыг хууль зөрчсөн гэж би үзээгүй, яагаад гэхээр энэ асуудал дээр прокуророос зөвшөөрөл өгсөн байдаг. Хоёр дахь удаа гүйцэтгэх ажил явуулах ямар нөхцөл байдал үүсээд яагаад давтан гэсэн зүйл анги сонсгоод байгааг анхаарч үзнэ үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичийн холбогдсон хэргээс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэртээ 6499 грамм каннабис гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг нь, мөн 2010 оноос Монгол улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан гэмт хэрэг нь тус тус хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Харин шүүгдэгчид холбогдох хэргээс 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт удаа дараагийн давтан үйлдлээр нийт 18,7 грамм каннабис гэх бодисыг борлуулсан гэх гэмт хэргийг прокурорын зөвшөөрлөөр явагдсан гүйцэтгэх ажлын баримтаар нотлогдож тогтоогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалтад заасан “хяналтын худалдан авалт” гэсэн хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмж хуульчилсан байгаа. Тэгэхээр прокурорын зөвшөөрлөөр хийгдсэн ажиллагаа нь хуульд өөрчлөлт орохоос өмнө хийгдсэн ажиллагаа тул, өөрөөр хэлбэл хуулиар зөвшөөрөгдөөгүй ажиллагаа байгаа тул гүйцэтгэх ажлын шугамаар цугларсан нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар нотлох чадвараа алдаж байна. Иймээс үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд Уткин Дмитрий Николаевичид холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх заалтад заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг давтан үйлдлээр борлуулсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг буюу “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэж хөнгөрүүлэн өөрчлөх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

1.Уткин Дмитрий Николаевичид холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 27 дугаар тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн ба уг тогтоолын “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн талаар тогтоовол зохих асуудлыг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоох, үйлдэл холбогдлыг нарийвчлан шалгах, ОХУ-ын иргэн Д.Н.Уткиний хувийн байдлыг Монгол Улс болон ОХУ-ын  хооронд байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээнд заасан журмын дагуу зохих ёсоор тогтоон эрүүгийн хэрэгт хавсаргах” гэсэн заалт биелэгдээгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт заасан “Хяналтын шатны шүүхийн заалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхэд заавал биелүүлнэ” гэснийг зөрчсөн байна.

2.Прокуророос шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичийг 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт давтан үйлдлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт каннабис гэх нэршилтэй нийт 18.7 грамм бодисыг борлуулсан, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-Б байрны 36 тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд сэтгэцэд нөлөөт каннабис гэх нэршилтэй савлагааны хамт 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэсэн үйлдэлд буруутган яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн паалантай сав, “Galanz” бичиглэл бүхий цагаан өнгийн будаа агшаагч болон Д.Н.Уткиний гэрээс хураагдсан бусад эд мөрийн баримтаас үзэхэд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэсэн буюу “байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан” шинж байгаа эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй байна.

3.Прокурорын яллах дүгнэлтэнд Уткин Дмитрий Николаевичийг “2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт давтан үйлдлээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт каннабис гэх нэршилтэй нийт 18.7 грамм бодисыг борлуулсан” гэх боловч 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд хэзээ, хаана, хэнд, хэрхэн борлуулсныг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, энэ талаар гүйцэтгэх ажлын танилцуулгаас өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 127, 131 дугаар хуудас дахь Эрүүгийн Цагдаагийн Газрын танилцуулгад “... Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь хэсэгт заасан ажиллагааг 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд прокурорын зөвшөөрөлтэй зохион явуулсан, уг ажиллагаагаар баримтжуулагдсан мэдээ, дүрс бичлэг, шинжээчийн дүгнэлтээр Уткин Дмитрий Николаевич нь удаа дараагийн үйлдлээр хар, тамхи мансууруулах төрлийн бодисыг зарж борлуулсан нь нотлогдож байна гэжээ. Гэтэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтын “хяналтын худалдан авалт” гэсэн хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмж хуульчилсан байх тул 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд гүйцэтгэх ажлын тухай хуулиар зөвшөөрөгдөөгүй арга ашиглаж нотлох баримт цуглуулж, бэхжүүлжээ. Хяналтын худалдан авалт хийж цуглуулсан нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарах тул нотлох чадвараа алдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд шалгаагүй, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.4 дэх заалтад “дүгнэлт нь шийтгүүлсэн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлсөн буюу нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас Уткин Дмитрий Николаевичид холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүний гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 226 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Уткин Дмитрий Николаевичид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Уткин Дмитрий Николаевичид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН