Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-07-04
Тогтоолын дугаар 182
Хэргийн индекс 187/2017/0069/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч М.Ариунбаатар, Б.Даваасүрэн
Зүйл заалт 188.3., 192.3.5.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

                     Б.Даваасүрэн, М.Ариунбаатар нарт холбогдох

                       эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч М.Ариунбаатарын өмгөөлөгч Д.Цэндсүрэн, Ж.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 319 дүгээр магадлалтай, 201601000192 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч М.Ариунбаатарын өмгөөлөгч Д.Цэндсүрэн, Ж.Уранчимэг нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Баасансүрэнгийн Даваасүрэн нь Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан “Хар тамхи, мансууруулах бодисыг бүлэглэж хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь заалтад заасан “Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чойндон овогт Машбатын Ариунбаатар нь Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан “Хар тамхи, мансууруулах бодисыг бүлэглэж хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь заалтад заасан “Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргүүдэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Даваасүрэнг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, М.Ариунбаатарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар Б.Даваасүрэнг 12 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар М.Ариунбаатарыг 12 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь заалтад зааснаар 10 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваасүрэн, М.Ариунбаатар нарт оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, Б.Даваасүрэнгийн эдлэх ялыг 12 жил хорих ялаар, М.Ариунбаатарын эдлэх ялыг 12 жил хорих ялаар тус тус тогтоож, М.Ариунбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Б.Даваасүрэнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “шүүгдэгч Б.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Ариунбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 1сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Ариунбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай...” гэж тус тус өөрчлөн,

шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан М.Ариунбаатар, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, ялтан Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ж.Уранчимэг, Д.Цэндсүрэн, Ц.Дэлгэрням нарын саналыг сонсоод ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие М.Ариунбаатартай үгсэн тохиролцож, бүлэглэсэн үйлдэл огт байхгүй байхад миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Эрүүгийн төлөөлөгч Энх-Амгалан надаас сэжигтнээр мэдүүлэг авахдаа дарамталж, элдэв үгээр хараан доромжилж хүчээр мэдүүлэг авсныг шүүх шууд нотлох баримт болгосон. Гэр бүлийн байдал маань хүнд хэцүү, өндөр настай аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасан хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг барьсан. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөн тул хэргийг шударгаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэх заалтыг давж заалдах шатны шүүх зөрчсөн. Б.Даваасүрэн нь М.Ариунбаатартай үгсэн тохиролцож бүлэглэсэн гэх үйлдлийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Б.Даваасүрэнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь заалтад заасан өмгөөлөгчтэй байцаалт өгөх эрхийг эдлүүлээгүй. Эрүүгийн төлөөлөгч Амгаланбаатар нь Б.Даваасүрэнтэй хүнлэг бус, хэрцгий харьцаж, нэр төрийг нь гутаан доромжилж зохимжгүй үг хэллэгээр түүнийг хүнд байдалд оруулж мэдүүлэг авсан талаар миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Миний үйчлүүлэгчээс өмгөөлөгчгүйгээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж авсан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Б.Даваасүрэнгийн дээр дурдсан өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгөх эрхийг нь хясан боогдуулж сэжигтнээр авсан мэдүүлгийг туйлын үнэн, М.Ариунбаатар Б.Даваасүрэнд карт өгсөн тул урьдчилан үгсэн тохиролцсон, Ариунбаатартай бүлэглэсэн гэж дүгнэж түүний эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсгийг зөрчсөн үйлдэлд харамсаж байна.

...Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг барьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан үүргийг мөрдөн байцаагч, прокурор биелүүлэлгүй, хөнгөрүүлэх болон цагаатгах талын нотлох баримтыг хангалттай сайн цуглуулаагүй, эргэлзээтэй байсаар байтал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж үзэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Ариунбаатарын өмгөөлөгч Д.Цэндсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...М.Ариунбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй, энэ гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, ял шийтгэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Шүүгдэгч Б.Даваасүрэн нь мөс гэх бодисыг авч явсан болохоо тодорхой хүлээн мэдүүлсэн байх ба М.Ариунбаатар түүнийг онгоцны буудалд тосож аваад, машиндаа суулгаад 50 метр хүрэхгүй газар явах үед цагдаагийнхан шалгасан бөгөөд түүний жолоодож явсан машинд суусан Б.Даваасүрэнгийн гар тээшнээс мөс гэх нэршилтэй бодис илэрснээр М.Ариунбаатарыг 72.8 грамм жинтэй мөс гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэж дүгнэн хүнд гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Уг бодисыг авч явсан этгээдтэй хамт байсан гэдгээр хар тамхи, мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэж яллах хууль зүйн үндэслэл байхгүй билээ. М.Ариунбаатарыг борлуулах зорилготой байсан гэж үзвэл борлуулсан ямар үйлдэл байгаа болох, ямар худалдан авагч байгаа гэдгийг тогтоох ёстой. Гэтэл энэ талаар шалгасан, тогтоосон ажиллагаа явагдаагүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Баттулга, Н.Заяадулам, Х.Эрдэнэцэцэг нарын мэдүүлгийг магадлалд бичсэн байх ба эдгээр нотлох баримтуудаар гэм буруу нь тогтоогдсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр гэрч нар тухайн хэргийг нотлоход хамааралтай мэдүүлэг өгөөгүй, харин Ариунбаатарын хувийн байдлын талаар мэдүүлэг өгөхдөө өөрсдийн мэдэхгүй, хараагүй, бусдын дам ярианаас сонссон гэж мэдүүлсэн байна. Гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй ба мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг огт шалгаагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасны дагуу нотлох баримт болохгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн энэ зүйл ангийн “олж авах” гэдэгт уг бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж олж авсан идэвхтэй үйлдэл хийхийг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Мөн “хадгалах” гэдэгт уг бодисыг санаатайгаар орон байрнаас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж байхыг ойлгоно гэжээ. Гэтэл М.Ариунбаатарын хувьд ийм үйлдэл хийсэн байдал тогтоогдоогүй, тэрээр энэ бодисыг олж аваагүй, хадгалаагүй байна.

Мөн М.Ариунбаатарын унаж явсан машинаас үзлэг нэгжлэгийн явцад мансууруулах бодисыг хэрэглэхэд ашигладаг гэх хэрэгсэл гэж үзсэн жижиг жин, усны хуванцар сав гэх эд зүйлс илэрснээр түүнийг тус зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэнийг нотлох баримт гэж дүгнэж буруутгах ёсгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг хангах мансууруулах бодис буюу сэтгэцэд нөлөөт бодис болох мөсийг зарж борлуулсан нь тогтоогдоогүй байхад зөвхөн уг бодисыг хэрэглэхэд зориулагдсан хэрэгсэл олдсон гэж дүгнээд Эрүүгийн хуулийн онц хүнд зүйл ангиар ял халдааж болохгүй. Иймд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна.

М.Ариунбаатарыг Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож 12 жил хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй, хууль бус шийдвэр болсон. Монгол Улсын хил гэдэг халдашгүй дархан, онцгой бүс байдаг. Монгол Улсын хилээр орж ирж байгаа хувь хүн болоод аливаа бараа таваар нь хилийн ба гаалийн хяналт шалгалтаар заавал ордог. Хэргийн холбогдогч Б.Даваасүрэнгийн ачаанаас гарсан мөс хэмээх бодисыг Монгол Улсын хилээр орж ирсэн болохыг шалгаж илрүүлсэн, тогтоосон баримт хэрэгт байхгүй. Хэрвээ Б.Даваасүрэнг уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн гэж үзэж байгаа бол миний үйлчлүүлэгч Ариунбаатар ямар дэмжлэг үзүүлсэн болох, энэ нь ямар үйлдлээр илэрч байгаа нь ойлгомжгүй, энэ дэмжлэг гэдэгт юуг ойлгож дүгнээд байгаа нь тодорхойгүй, таамаг төдий зүйлийг дүгнэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал гарсан байна. М.Ариунбаатарын хувьд Б.Даваасүрэнг Монгол Улсын хилээр мөс хэмээх бодисыг оруулж ирэхэд ямар байдлаар дэмжлэг үзүүлсэн болохыг тогтоосны эцэст түүнийг хамжигч гэж үзэж ерөнхий ангийн холбогдох заалтуудыг журамлах ёстой. Нотлох баримтгүйгээр, нотлогдож тогтоогдоогүй асуудлаар бүлэглэсэн гэж буруутгаж, шүүхээс зөвхөн яллах талыг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан, хүнд гэмт хэрэгт ял шийтгэсэн нь хуульд нийцэхгүй. Б.Даваасүрэнгийн Монгол Улсын хилээр мөс хэмээх бодисыг хууль бусаар оруулж ирсэн гэх үйлдэл ч эргэлзээтэй, хангалттай хөдлөшгүй нотлох баримт байхгүй, түүний мэдүүлгүүд зөрүүтэй, энэхүү зөрүүтэй мэдүүлгүүдийн аль нь үндэслэлтэй болох талаар шалгах ажиллагаа огт хийгдээгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар М.Ариунбаатарыг Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж 12 жил хорих ял шийтгэснийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Ариунбаатарын өмгөөлөгч Ж.Уранчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүхээс М.Ариунбаатарыг мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт цугларсан бүхий л материалыг шинжлэн судлахад М.Ариунбаатар нь тухайн 72.8 грамм мөс гэх бодисыг борлуулах зорилгоор олж авч, хадгалсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогддоггүй бөгөөд харин ч шүүгдэгч Б.Даваасүрэн нь 72.8 грамм мөс гэх бодисыг олж авсан, хадгалсан гэдгээ хүлээн мэдүүлдэг ба нотлох баримтаар ч нотлогдон тогтоогддог. Мөн Ариунбаатар нь Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж түүнд зааж зөвлөн Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж огт нотлогдож тогтоогдоогүй болно. Ариунбаатар нь Даваасүрэнтэй дотно харьцаатай байсан болохоор түүнийг тосч авсан, тэр өдөр хүний машин унаж очоод тосч авсан гэж мэдүүлсээр байтал тухайн автомашины эзэмшигчийг лавтай сайн шалгалгүйгээр орхигдуулсан. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасан шаардлагад нийцээгүй, ач холбогдолгүй мэдүүлгүүд байдаг. Тухайн үед дээрх гэрчүүд нь хорих 461 дүгээр ангид хар тамхины хэргээр шалгагдаж байсан сэжигтнүүд бөгөөд тэднийг М.Ариунбаатарыг хар тамхи зарж борлуулдаг гэж мэдүүлэг өгөхийг шаардсан болохыг гэрчүүд хэлсэн тул анхан шатны шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулах тухай хүсэлт шүүхэд гаргахад хүсэлтийг хангасан мөртлөө, гэрчүүдийг оролцуулалгүй хурлаа үргэлжлүүлсэн. Шүүх гаргасан захирамжаа биелүүлээгүй. Мөн 2016.09.26-ний өдрийн М.Ариунбаатарын шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэнгүй гэсэн дүгнэлт гарсан байхад 2016.10.07-ны өдрийн 8513 тоот зөрүүтэй дүгнэлтийг иш үндэс болгон ялласан. Мөрдөн байцаалтын шатанд шинжилгээний дүгнэлт зөрүүтэй гарсаар байтал шинжээч эмч нарыг асууж шалгаж мухарлалгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх дүгнэхдээ Ариунбаатарын биеэс жин хураагдсан учраас мансууруулах бодисыг борлуулах зорилго тодорхойлогдсон байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны үндэслэлтэй байх, мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т заасан шийтгэх тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй гэсэн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй бөгөөд дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоосны эцэст хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж хэргийг зөв зүйлчлэх боломжоор хангаж өгнө үү. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү. Мөн М.Ариунбаатарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.      

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүхэд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс, М.Ариунбаатарын шээснээс хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ариунбаатар, Б.Даваасүрэн нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялын хэмжээ багассан тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, оногдуулсан ялаас дүйцүүлэн хасах нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч шүүгдэгч Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч М.Ариунбаатарын өмгөөлөгч Д.Цэндсүрэн, Ж.Уранчимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн М.Ариунбаатар, Б.Даваасүрэн нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Прокуророос М.Ариунбаатарыг Б.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож, түүнд зааж зөвлөн, улмаар яллагдагч Б.Даваасүрэнгээр БНХАУ-д НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 гр жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан, уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6, 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн М.Ариунбаатар, Б.Даваасүрэн нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан үйл баримттай адил байдлаар тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ прокуророос М.Ариунбаатарыг уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн нь зөв эсэх, өөрөөр хэлбэл түүний үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд заасан захиалагч, зохион байгуулагч, хатгагч зэрэг хамтран оролцооны бусад хэлбэрийг агуулсан эсэх, түүнчлэн Б.Даваасүрэн, М.Ариунбаатар нарын удаа дараа үгүйсгэж буй Б.Даваасүрэнгийн анх сэжигтнээр өгсөн зөрүүтэй мэдүүлгийг шүүх яагаад тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бодит байдалд нийцсэн гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул М.Ариунбаатар, Б.Даваасүрэн нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас Б.Даваасүрэн, М.Ариунбаатар нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч М.Ариунбаатарын өмгөөлөгч Д.Цэндсүрэн, Ж.Уранчимэг нарын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 319 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Даваасүрэн, М.Ариунбаатар нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан шийдвэрлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                             ДАРГАЛАГЧ,

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧ                                                                  Б.БАТЦЭРЭН            

                                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                                           Б.ЦОГТ

                                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН