Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-07-04
Тогтоолын дугаар 183
Хэргийн индекс 179/2016/0221/Э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Н.Батцэнгэл, Ц.Батдэлгэр, О.Доржсүрэн, Ө.Батбилэг, В.Тэрбиш, Д.Төгсболд
Зүйл заалт 145.2., 145.4., 246.1., 261.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Н.Батцэнгэл, Ц.Батдэлгэр, О.Доржсүрэн, Ө.Батбилэг,

В.Тэрбиш, Д.Төгсболд нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Н.Батцэнгэлийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 дугаар магадлалтай, 201622000575 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Батцэнгэлийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 15 хоног хорих ялаас 2 жилийг өршөөн хасч суллагдсан Борынхон овогт Нямаагийн Батцэнгэл нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах”, Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй,

-2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 110 цаг албадан ажил хийлгэх ял,

-2008 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял,

-2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 22 хоногийн хорих ялаас тэнсэгдэж суллагдсан Хананцахиур овогт Цогзолмаагийн Батдэлгэр нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах”, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийх” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй,

      -2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан,

          -2007 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

          -2009 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

         -2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Сахалт овогт Оросоогийн Доржсүрэн нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Өлзийгийн Батбилэг нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

5.Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт Ванчингийн Тэрбиш нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах”, Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй” гэмт хэрэгт,

6.Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй,

-2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял шийтгүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан Боржигон овогт Дашцэрэнгийн Төгсболд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

шүүгдэгч Н.Батцэнгэлийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй,

шүүгдэгч Ц.Батдэлгэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

шүүгдэгч В.Тэрбишийг бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй,

шүүгдэгч Ө.Батбилэг, Д.Төгсболд нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн,

шүүгдэгч О.Доржсүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Н.Батцэнгэл, В.Тэрбиш нарт Эрүүгийн хуулийн 246 дугаар зїйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батцэнгэлийг 200 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар хорих,

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батдэлгэрийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батдэлгэрийг 1 жил хорих,

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Доржсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах, шүүгдэгч Ө.Батбилэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах, шүүгдэгч В.Тэрбишийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах, шүүгдэгч Д.Төгсболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1  жил хорих ялыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялд багтааж, шүүгдэгч Ц.Батдэлгэрийн биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батцэнгэлд оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батдэлгэрт оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батцэнгэлээс 175.000 төгрөг гаргуулж Г.Наранцэцэгт, 450.000 төгрөг гаргуулж Ч.Батхуягт, 200.000 төгрөг гаргуулж П.Ганцоожид, 466.666 төгрөг гаргуулж Д.Наранчулуунд, 183.333 төгрөг гаргуулж Б.Шижирбаатарт, 183.333 төгрөг гаргуулж Х.Мөнхбатад, шүүгдэгч Ц.Батдэлгэрээс 175.000 төгрөг гаргуулж Г.Наранцэцэгт, 450.000 төгрөг гаргуулж Ч.Батхуягт, 200.000 төгрөг гаргуулж П.Ганцоожид, 433.333 төгрөг гаргуулж Базарцогт, 466.666 төгрөг гаргуулж Д.Наранчулуунд, 183.333 төгрөг гаргуулж Б.Шижирбаатарт, 183.333 төгрөг гаргуулж Х.Мөнхбатад, 2.100.000 төгрөг гаргуулж Г.Галбадрахад, шүүгдэгч Ө.Батбилэгээс 175.000 төгрөг гаргуулж Г.Наранцэцэгт, 450.000 төгрөг гаргуулж Ч.Батхуягт, 200.000 төгрөг гаргуулж П.Ганцоожид, 433.333 төгрөг гаргуулж Базарцогт, шүүгдэгч В.Тэрбишээс 450.000 төгрөг гаргуулж Ч.Батхуягт, 466.666 төгрөг гаргуулж Д.Наранчулуунд, 183.333 төгрөг гаргуулж Б.Шижирбаатарт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийг талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Батцэнгэлийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Батцэнгэл нь Батдэлгэр, Тэрбиш нартай бүлэглэн хохирогч Д.Наранчулууны 2 морийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Хохирогч Д.Наранчулууны 2 морийг шүүгдэгч нар хулгайлж авсан эсэх нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй, морийг хулгайд алдсан гэх цаг хугацаа болон морины зүс, газар нь шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт дурдагдсан байдлуудтай огт таарахгүй байна. Хохирогч Д.Наранчулуун нь нас гүйцсэн шар хээр морь, нас гүйцсэн бор морьдоо 2016 оны 3 дугаар сарын 18-наас 21-ний өдрийн хооронд Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Мөрөнгийн голын шугуй гурвалжин Цахир гэх газраас алдсан. Харин шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр дээрх газраас тухайн цаг хугацаанд хулгай хийгээгүй болох нь харагддаг... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд хангалттай нотлогдоогүй бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байхад мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж, энэ хулгайн үйлдэлд гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хохирогч Наранчулууны 2 морь хулгайлсан гэх үйлдэлд шүүгдэгч нар нь гэм буруутай эсэхийг шалгаж, тухайн цаг хугацаанд шүүгдэгч нар хаана юу хийж байсан талаар гэрчүүдийг асуулгах, Бүрэнтогтох сумын Их-Уул баг, Мөрөнгийн шугуй болон Туяа бригад, Хүйтэн Цахиур гэх газар нутгууд нь хөрш зэргэлдээ газар мөн эсэх, Наранчулууны адуу тухайн газар нутагт очсон байх боломжтой эсэх, хохирогч, шүүгдэгч нараас саарал морь, бор морь гэж ямар зүсмийг хэлдэг болох, нас гүйцсэн, эсвэл үрээ морь байсан эсэх, өөр бусад содон шинж тэмдэг байсан эсэхийг зайлшгүй тодруулах шаарлагатай юм.

Шүүгдэгч Батцэнгэл нь бичиг үсэг мэдэхгүй бөгөөд түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээс харахад байцаалтыг хөтөлсөн, тулгасан хэлбэрээр явуулсан байна. Батцэнгэл 6 тооны бод мал хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2 тооны морь хулгайлсан гэх үйлдэл нь хангалттай тогтоогдохгүй байгаа нь цаашид шинэ Эрүүгийн хууль үйлчлэх үед шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг анхаарч үзнэ үү. Шүүхээс Батцэнгэлийн хувийн байдлыг харгалзалгүй чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүндэдсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Батцэнгэлд холбогдох хохирогч Наранчулууны 2 морь хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд оногдуулсан хорих ялыг жирийг дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Гэхдээ 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.12 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэхэд шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэхээр байх тул хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Ц.Батдэлгэрт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийх” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй больсон тул холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Н.Батцэнгэл, Ц.Батдэлгэр, Ө.Батбилэг, В.Тэрбиш нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 22-наас 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Цахирын ам гэх газраас иргэн Г.Наранцэцэгийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -2016 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Навчилтай гэх газраас иргэн П.Ганцоожийн 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -2016 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Нарийн хавчуу гэх газраас иргэн Ч.Батхуягийн 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Батдэлгэр, В.Тэрбиш, Н.Батцэнгэл нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 03 дугаар сарын 18-наас 21-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их Уул багийн нутаг Мөрөнгийн голын шугуйгаас иргэн Д.Наранчулууны 2 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг Элстэйн амнаас иргэн Б.Шижирбаатарын 1 тооны морийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 03 дугаар сарын 10-ны үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Хан жаргалант гэх газраас иргэн Х.Мөнхбатын 1 тооны морийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Батдэлгэр, Д.Төгсболд, Ө.Батбилэг нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Нам дөрөлж гэх газраас иргэн Н.Базарцогийн 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Батдэлгэр, О.Доржсүрэн нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Дөш гэх газраас иргэн Д.Батсүмбэрэлийн 1 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Батдэлгэр нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Туулайн зоо хөх бэлчир гэх газраас иргэн Г.Галбадрахын 3 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч В.Тэрбиш, Н.Батцэнгэл нар нь Ц.Батдэлгэрийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр машин механизм хэрэглэн иргэн Г.Галбадрахын 3 тооны морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй,

Шүүгдэгч Ц.Батдэлгэр нь батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Н.Батцэнгэлийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм ашиглан үйлдсэн, Н.Батцэнгэл, В.Тэрбиш нарыг гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, шүүгдэгч Ц.Батдэлгэр, В.Тэрбиш, Ө.Батбилэг, Д.Төгсболд нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн, О.Доржсүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Ц.Батдэлгэрийг шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Иймд хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Н.Батцэнгэлд оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасаж, ялын төрлөөс халсан баривчлах ялаар шийтгүүлсэн шүүгдэгч В.Тэрбиш, Ө.Батбилэг, Д.Төгсболд, О.Доржсүрэн нарыг баривчлах ялаас чөлөөлж, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэрэг нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул шүүгдэгч Ц.Батдэлгэрт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч Н.Батцэнгэлийн өмгөөлөгчийн гаргасан “Н.Батцэнгэлд холбогдох хохирогч Д.Наранчулууны 2 морь хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 12 дугаар магадлалд:

-“Шүүгдэгч Н.Батцэнгэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн,

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Доржсүрэн, Ө.Батбилэг, В.Тэрбиш, Д.Төгсболд нарыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан баривчлах ялаас чөлөөлж, тэднийг нэн даруй сулласугай” гэсэн,

-“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ц.Батдэлгэрт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн,

-“Шүүгдэгч Ц.Батдэлгэрт оногдуулсан 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсугай.

2.Шүүгдэгч Н.Батцэнгэлийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                      

                                                 ДАРГАЛАГЧ,

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                                 ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                                              Б.ЦОГТ

                                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН