Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-07-04
Тогтоолын дугаар 184
Хэргийн индекс 221/2013/0090/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ч.Санжаа
Зүйл заалт 216.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Ч.Санжаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар магадлалтай, 201214000368 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хар сүрэгтэн овогт Чойговын Санжаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь заалтад заасан “Жолооч зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Санжааг зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Санжаад оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Санжаагаас 859.960 төгрөг гаргуулж хохирогч Ц.Цэрэнпагмад олгуулахаар шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо“...Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх Ч.Санжааг бусдыг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулаад зугтаасан гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Шүүх хохирогчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж анхнаасаа тодорхой бус байсныг анхаараагүй. Өөрөөр хэлбэл хохирогч Цэрэнпагма анх өөрийгөө мөргөсөн машины дугаарыг цагдаагийн газарт хэлээгүй бөгөөд өөрийн хамаатан, цагдаа Батболдын зааж өгсний дагуу Санжаагийн хашааны завсраар очиж хараад машины дугаарыг 6 хоногийн дараа тайлбар өгөхдөө хэлсэн байдаг. Энэ 6 хоногийн дотор цагдаагийнхан бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн машиныг хайсан болох нь аймгийн авто тээврийн газар руу явуулсан албан бичгээр нотлогддог. ...2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 16 дугаар гудамжны зүүн талд автомашины осолд өртөж биедээ гэмтэл авсан хүмүүсийн гомдлоор анх 8 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн ч энэ гэмт хэрэгт Ч.Санжааг бүр хожим 10 дугаар сард сэжигтнээр тооцсон байдаг. Хэрэв Цэрэнпагма өөрийгөө мөргөсөн машины дугаарыг хэргийн газрын үзлэг хийж байсан цагдаагийн ажилтнуудад хэлсэн бол Санжааг тэр дор нь сэжигтнээр тооцох ёстой. Мөн цагдаагийн газрын дуудлагын дэвтэрт мөргөсөн машины дугаар гэж тэмдэглэсэн нь засвартай байдаг.

Энэ хэргийг анх 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан. Шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагааг хийгээд Ч.Санжааг буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт цуглараагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод харин осол гаргасан болон ослын газраас зугтсан хэргийг түдгэлзүүлсэн байсан. Гэтэл түүнээс хойш 2 жил гаруй хугацааны дараа хэн ч гомдол гаргаагүй байхад хэрэгсэхгүй болгосон хэргээ сэргээгээд, түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ч өөр нотлох баримт цуглараагүй байхад осол гаргасан этгээдийг олж тогтоогоогүй мөртлөө зөвхөн ослын газрыг санаатай орхисон гэсэн Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Ч.Санжааг буруутгах нэг ч нотлох баримт байхгүй байхад түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүй. Хэрэгт хяналт тавьсан, яллах дүгнэлт үйлдсэн прокурор хэргийг сэргээсэн тухай, яллах дүгнэлт үйлдэх тухай, хэргийг шүүх рүү шилжүүлж байгаа тухай яллагдагчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй нь яллагдагч болон түүний өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн. Хохирогч нь Ч.Санжаагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, харин ч уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тухай өөрийн гараар бичиж өгсөн баримт хэрэгт хавсаргагдсан байдаг. Иймд Ч.Санжааг ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Ч.Санжаагийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчид оногдуулсан ял түүний хувийн байдалд тохирсон бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч Ч.Санжаагийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын гэм хорын хохирол шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Ч.Санжаа нь 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 16 дугаар гудамжны зүүн талд 75-66 ОРО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2, 2.7е, 2.5а, б, в, г-д заасан заалтуудыг зөрчиж, явган зорчигч С.Мөнгөншагай, Ц.Цэрэнпагма нарыг мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ч.Санжаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь заалтад заасан “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Санжааг цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ослын газрыг орхиж зугтаасан автотээврийн хэрэгслийн жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангасан бол түүнд Эрүүгийн хуулийн 27.10 болон 27.11 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, харин гэмт хэргийн шинжгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Шүүгдэгч Ч.Санжаа нь 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2, 2.7е, 2.5а, б, в, г-д заасан заалтуудыг зөрчиж,  явган зорчигч С.Мөнгөншагай, Ц.Цэрэнпагма нарыг мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ч.Санжаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ч.Санжаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                                ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                                            Б.ЦОГТ

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН