Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-13
Тогтоолын дугаар 196
Хэргийн индекс 106/2017/0205/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Ө
Зүйл заалт 181.2.1
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

 

Б.Ө-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 423 дугаар магадлалтай, 201626022928 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцангийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ийн Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлан танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ө-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Ө-т 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцангийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Даваажанцангийн  саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэхдээ хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон байна. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч болон гэрчийн мэдүүлгийг дүгнэхдээ тэдгээр мэдүүлгийн зөвхөн нэг талыг барьж дүгнэсэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь үл ялих зүйлээр шалтагласан, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн болон нийтийн хэв журмыг ноцтой зөрчсөн байхыг шаардана. Хохирогч Б.Э-ын мэдүүлэг гэрч Б.З, Л.Э нарын өгсөн мэдүүлгээс зөрж байгаа. Өөрөөр хэлбэл хохирогч өөрийгөө цагдаа байна гэж хэлэхээр нь шүүгдэгчийн зүгээс шууд цохисон зүйл байхгүй, харин цагдаа юм бол үнэмлэхээ үзүүлээрэй гэж зүй ёсны шаардлага тавьсан боловч хохирогч дүргүйцэн хэрүүл үүсгэсэн байдаг. Гэрч Т.А-ын “Тэдгээр залуучууд н.Д-г цохисон болохоор Б.Ө ах салгах гэж байгаад нөгөө залуутай барьцалдаж аваад газарт унасан ба цугтаа байсан залуугийн нэг нь цагдаа үнэмлэх гаргаж ирээд үзүүлэхгүй байсан” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Тэгэхээр барьцалдаж авсан гэдэг нь зөвхөн нэг талын үйлдэл биш хоёр талын идэвхтэй үйлдлийг илэрхийлж байна. Иймээс уг үл ойлголцол үүсэхэд зөвхөн шүүгдэгч Б.Ө-ын бус хохирогч Б.Э мөн буруутай байна.

Шүүгдэгч Б.Ө-ыг үл ялих зүйлээр шалтагласан гэж үзэх нь буруу юм. Учир нь Б.Ө нь баарны зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд ажил үүрэгт нь ямар нэгэн эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх, асуудал гарсан тохиолдолд зохицуулах үүрэгтэй юм. Тухайн үед баарны хамгаалагчид болон Б.З, Л.Э нарын хооронд үл ойлголцол үүсч хэрүүл болж байсан нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Иймд үл ялих зүйлээр шалтагласан, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн болон нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн зүйл байхгүй, харин ч шүүгдэгч ажил үүргийн хүрээнд гүйцэтгэсэн үйлдэл тул танхайрсан гэж үзэхгүй.  

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд “Хууль буцаан хэрэглэх” талаар зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Шинэ Эрүүгийн хуулиар танхайрах гэмт хэргийг хассан буюу гэмт хэрэгт тооцохгүй болсон тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй байна.Мөн шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс шүүгдэгч Б.Ө-т оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.Шүүгдэгч Б.Ө-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо арилгасан, хувийн байдал зэрэг нь шинэ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгтэй нийцэж байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Ө-ын үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Ө нь бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэж байх явцад 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд танхайрах гэдэг гэмт хэрэг байхгүй болсон тул шүүгдэгч Б.Ө-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай байна гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ө нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” диско баарны гадаа нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Э-г шалтгаангүйгээр хүч хэрэглэн нүүрэн тус газарт гараараа цохиж, хавсарч өшиглөж унагаан бие махбодид нь дээд уруулын дотор салст, хүзүү, зүүн хацарт цус хуралт, эрүү, хүзүү, цээж, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Ө-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэрэг гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Б.Ө-ын үйлдсэн танхайрах гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах  гэмт хэргийн бүрэлдэхүүний “бүлэглэж үйлдэх” үндсэн шинжийг агуулаагүй тул түүний дээрх үйлдлийн улмаас учирсан шууд үр дагаварыг харгалзан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж буй эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ө нь хохирогчийн биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн боловч хөөн хэлэлцэх хугацааг нэг жил болгон нэмэгдүүлсэн нь  гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Б.Ө-ыг гэмт хэрэг үйлдэхэд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Өмгөөлөгч Б.Даваажанцангийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийг харгалзан  шүүгдэгч Б.Ө-ын үйлдэлд дахин дүгнэлт хийж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх тухай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцангийн гаргасан гомдлыг хүлээн авч Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 423 дугаар магадлалд:

“Прокуророос  шүүгдэгч Б.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ө-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  

 

                      ДАРГАЛАГЧ,

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН