Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-13
Тогтоолын дугаар 197
Хэргийн индекс 186/2016/0241/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.М, Д.Б
Зүйл заалт 215.1., 215.2.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.М, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол,

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар магадлалтай, 201616000281 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 215.2 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ын үйлдэлд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Б.М-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Д.Б-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Б.М-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Б.М-ын гэм хорын хохиролд илүү төлсөн төлбөр болох 568,115 төгрөгийг Д.Б-оос, 1,035,000 төгрөгийг Өмнөговь аймгийн А-н газраас тус тус гаргуулан шүүгдэгч Б.М-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.    

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Б.М-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон 1 дэх заалт болон шүүгдэгч Б.М-аас хохирогч Д.Б, Өмнөговь аймгийн А-ын газарт илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулж түүнд олгосон 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Өмнөговь аймгийн А-ын газраас 672,732 төгрөг, Д.Б-оос 2,070,000 төгрөг” гэснийг “Өмнөговь аймгийн А-ын газраас 777,347 төгрөг, Д.Б-оос 3,105,000 төгрөг” гэж тус тус өөрчилж, мөн 5 дахь заалтын “Б.М-аас 672,732 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-од, 2,070,000 төгрөг гаргуулж Өмнөговь аймгийн А-ын газарт олгосон хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд прокуророос Д.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай болон шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх тухай заалтуудыг тус тус нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, Д.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.  

Шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ц.Баярмаа, Б.Оюунтунгалаг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ц.Баярмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй, хэргийн газрын үзлэг болон фото зургийн тайлбаруудыг буруу, ташаа тайлбарлаж бичсэнээс болж зам тээврийн ослын дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлгүй гарсан.  Үндэслэл муутай дүгнэлтийг шүүх тогтоолынхоо үндэслэл болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхаарч үзэхийг хүсье. Гомдол гаргах гол үндсэн шалтгаан нөхцөл нь бодит үнэнийг тогтоолгох тухай хэдий ч Б.М нь холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хэрэв гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах тухай нэмэгдэл ялыг хүчингүй болгож, шинэ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хяналтын шатны шүүх хуралдаанд: Хохирол төлбөртэй холбоотой асуудлыг давж заалдах шатны шүүх буруу тооцсон байдаг. Аудитын газраас тогтоосон 1,240,847 төгрөгийг гаргуулахаар шийдвэртээ тусгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон. Шүүгдэгч Д.Б нь мөн адил дээрх хуулийг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь шинжээчийн 3 удаагийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд тухайн хэрэгт нотолбол зохих зүйлүүдийг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна. Харин 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар шүүгдэгч Б.М-д оногдуулах хорих ялын доод хэмжээ багассан байна. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.М, Д.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэхэд:

Шүүгдэгч Б.М нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт 44-22 ӨМӨ улсын дугаартай “Toyota Lexus LX 470” маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, Д.Б-ын жолоодож явсан 20-03 ӨМҮ улсын дугаартай “Хьюндай аксент” маркийн автомашинтай мөргөлдөж хохирогч Д.Б-ын биед нь хүнд, Н.О, Ө.Х нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан,  

шүүгдэгч Д.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт 20-03 ӨМҮ улсын дугаартай “Хьюндай аксент” маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж,  Б.М-ын жолоодож явсан 44-22 ӨМӨ улсын дугаартай “Toyota Lexus LX 470” маркийн автомашинтай мөргөлдөж, Н.О, Ө.Х нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс Б.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сарын хорих ялаар, Д.Б-ыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 960,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Б.М-д оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх Д.Б-од холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болон хохирол, төлбөртэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол…хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр зохицуулж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд ял оногдуулах асуудлыг хэлэлцэхээр хуульчилсан байна.

Шүүх шүүгдэгч Б.М-ыг гэмт хэрэг үйлдэхэд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба хэрэв шүүгдэгч шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ харуулсан тохиолдолд шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зохицуулсан байна.

Үүнээс үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалт нь гэм буруутай хүнд ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах асуудлыг нэг хуралдаанаар шийдвэрлэдэг байдлаараа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 6 сар байхаар хуульчилсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар уг хугацаа 1 жил болж нэмэгдэж шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдээгүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан “шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН