Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-09
Тогтоолын дугаар 229
Хэргийн индекс 106/2016/0241/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Н.Б
Зүйл заалт 145.2.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Б-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 424 дүгээр магадлалтай, 201625031690 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, 1998  оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, В овогт Н-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын агуулах саванд нэвтэрч, бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Б-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Б-ийг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Дашдоржийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...2016 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн Л.Б-ийн эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн, 06-32 УБЦ улсын дугаартай автомашинаас урд их гэрэл 2 ширхэг, хойд гэрэл дохио 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдаж, 2,142,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг гарсан. Уг хэргийн газрын үзлэгээр тухайн машинаас 7 ширхэг гарын мөр илэрсэн бөгөөд энэ мөрнөөс 3, 4 дэх гарын хээнүүд шинжилгээнд тэнцэнэ гэж шинжээч үзэж, 4 дугаартай гарын мөр нь Н.Б-ийн зүүн гарын алганы дардастай ерөнхий болон онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирч байна. Харин 3 дугаартай гарын мөр нь санд байгаа хүмүүсийн гарын хээний дардастай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна гэж 06/440 тоот шинжээчийн дүгнэлтэд дурдагджээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн газраас нийт 7 гарын мөр олдож 3 дугаартай гарын хээ нь шинжилгээнд тэнцсэн байхад тухайн этгээдийг олж тогтоохгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Н.Б-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон. Н.Б нь уг машиныг хэрэг гарахын өмнө өөрийн засварын газар ирж үйлчлүүлж зураас арилгуулсан эмэгтэй хүн унаж явсан гэж мэдүүлдэг боловч хэрэг гарах үед машины жинхэнэ эзэн ОХУ руу явсан байсан бөгөөд уг машинаа ээждээ үлдээсэн байдаг. Хохирогчийн ээж нь тухайн үед машиныг огт хөдөлгөөгүй гэж мэдүүлдэг боловч хохирогчийн ах хөдөлгөж явсан талаар мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Өмгөөлөгчийн зүгээс хэргийг шийдвэрлэхдээ 3 дугаартай гарын мөрний эзнийг тогтоосноор уг хэрэгт Н.Б-ийн үйлдэл, оролцоо байсан эсэх нь нотлогдох бөгөөд энэ гарын хээг олж тогтоохгүйгээр огт гэм зэмгүй хүн хуулийн хариуцлага хүлээж, эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж,  3 дугаартай гарын хээний эзнийг олж тогтоож, уг гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нэг бүрчлэн тогтоолгохоор хуульд заасан ажиллагааг хийлгэж өгөхийг хүсье...” гэв.  

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Н.Б нь 2016 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн Л.Б-ийн эзэмшлийн 06-32 УБЦ улсын дугаартай автомашины цонхыг хагалан их гэрэл, хойд гэрэл, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1,862,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй. Харин Н.Б-т оногдуулсан ялыг шинэ Эрүүгийн хуульд дүйцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэхэд:

Шүүгдэгч Н.Б нь 2016 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны баруун талын автомашины зогсоолд байрлуулсан Л.Б-ийн эзэмшлийн 06-32 УБЦ улсын дугаартай автомашины цонхыг хагалан их гэрэл, хойд гэрэл, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1,862,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Н.Б-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан  талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бусдын ... агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас хүндэрсэн байх тул хууль буцаан хэрэглэхгүйгээр шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэхэд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь түүнд ашигтай гэж үзэв.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан “3 гэж дугаарлагдсан гарын мөрний эзнийг тогтоолгох” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 424 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ,

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ