Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-15
Тогтоолын дугаар 207
Хэргийн индекс 166/2017/0127/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Д.Д
Зүйл заалт 099.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.Д-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, 201709000060 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Д болон өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын хамтран гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Д-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д болон өмгөөлөгч Ц.Гэнэндулам нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Д.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19.00  цагийн орчим Дархан сумын 3 дугаар баг, Тосгоны 5-84 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Б-тай маргалдаж, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Д.Д-ийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн.  Харин давж заалдах шатны шүүх хохирогч Ц.Б-т хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн болон хохирогч хохирлын мөнгийг хүлээн авсан гэх баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогч нь хохирлыг өөрөө хүлээн авсан эсэх нь эргэлзээтэй, хохирол авсан гэх баримтад хохирогчийн иргэний үнэмлэх хавсаргагдаагүй, нотариатаар гэрчлэгдээгүй, мөн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрснийг нотолсон баримтгүй байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Д.Д нь хохирогчид хохирол, төлбөрийг төлж барагдуулж, хохирогч болон шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Д.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19.00  цагийн үед Дархан сумын 3 дугаар баг, Тосгоны 5-84 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Б-тай маргалдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.Д-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээ 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ялын хэмжээнээс хөнгөрсөн хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа 1 жил болж нэмэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүйгээр Д.Д-ийн гэмт хэрэг үйлдэхэд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүнд ашигтай байна.

Шүүгдэгч Д.Д хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын гаргасан шүүгдэгч Д.Д-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр магадлалд:

“шүүгдэгч Д.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН