Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-06
Тогтоолын дугаар 188
Хэргийн индекс 148/2017/0036/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Т.Га-
Зүйл заалт 091.2.1
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Т.Га-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Г.Гэрэлтуяа,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 40 дүгээр магадлалтай 201718000009 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ам-гийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Х овогт Т.Га нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Га-ыг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 04 жил 06 сар 01 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ам-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа нарын хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ам- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Энэ гэмт хэрэг нь санаатай бус, болгоомжгүйгээр үйлдэгдсэн буюу гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан нөхцөл байдал байгааг хэргийг шийдвэрлэхдээ шүүх анхаарч үзээгүй байна. Гэрчүүдийн мэдүүлгүүдээс харахад Т.Га-ын зүгээс ямар нэгэн байдлаар хэн нэгнийг хутгалах гэсэн субьектив санаа зорилго байхгүй зөвхөн хэн нэгэн өөр рүү нь дайрвал айлгах гэсэн санаагаар хутга авч гарсан нь хохирогчийн өөрөө ирж Т.Га-ыг барих гэж байгаад унасан үйлдэлтэй хамааралтай боловч энэ нь унах явцад болгоомжгүйгээр учирсан гэмтэл байж болохоор байна. Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны үед бичгээр гаргасан хүсэлт зэргээс үзэхэд Т.Га нь хэн нэгнийг ална, гэмтээнэ, хутгална гэсэн ямар ч үг болон үйл хөдлөлийг үзүүлээгүй ба хохирогч өөрөө эргэж харж гараас барьснаас гадаа цастай харанхуй халтиргаатай байснаас үүдэн унах явцад үүссэн байхаар харагдаж байна. Т.Га нь ямар нэгэн байдлаар хохирогчийг санаатайгаар гэмтээхийг хүссэн бол даланд нь хутгалах боломжгүй, өөрөөр хэлбэл өөдөөс ирсэн хохирогчийн гэдэс, хэвлий гэх мэт бусад хэсэгт гэмтэл учруулах магадлалтай буюу далны доод хэсэгт байгаа шарх нь тэврэлдээд унах явцад үүссэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхэд яг ямар байдлаар хаана, яаж унасан эсэх талаар туршилт болон бусад ажиллагааг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ажиллагаа юм. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Үндэслэх хэсэгт хэрэгт огт авагдаагүй мэдүүлгийг иш үндэс болгож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулж дүгнэсэн байна. Учир нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр Т.Га нь хутга барьж гарч ирсэн болохоос хэн нэгэн рүү дайраагүй, ямар нэг үг хэллэгээр сүрдүүлээгүй байхад шүүх Б.Энхбаярыг хутгалсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Улсын Дээд шүүх нь танхайн сэдэлт гэдгийг тайлбарласан байдаг бөгөөд гэрч, хохирогч нарын мэдүүлгээр Т.Га-ын гэрт болон гадаа ямар нэгэн маргаан гараагүй гэдэг нь нотлогдсон байхад танхайн сэдэлт гэж үзэж байгаа ойлгомжгүй байна. Т.Га-ын хутга авч гарсан үйлдэл нь буруу боловч Б.Энхбаяр өөдөөс нь гарыг нь барихаар ирнэ гэдгийг, мөн халтирч унана гэдгийг урьдчилан тааварлах боломжгүй байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар хөнгөмсгөөр найдсан байж болохоор байна. Мөн хохирогчид далны доор хутгалагдсанаас учирсан цээжний хөндий нэвтэрч, уушиг, өрц, бүдүүн гэдсийг нэвт дайрсан гэмтлийг Т.Га нь унах явцдаа хутгалахдаа шууд үүсгээгүй буюу сумын их эмч шархыг үзээд оёдол тавихдаа хутганы ир буюу ажлын хэсгийг дотор нь үлдээж оёсон, үүнийг нь рентген зургаар харж илрүүлсэн ба энэ нь тухайн үед эмч хутганы ирийг аваагүйгээс үүдэлтэйгээр бусад дотор эрхтэнг гэмтээсэн байж болохоор байгаа юм. Иймд Т.Га-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлд зааснаар зүйлчилж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.Га нь танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэнтэй холбогдуулж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 336 дугаар захирамжаар “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ялтан Т.Га-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сар 1 хоногийн хорих ялаар шийтгэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 22 хоногийн хорих ял болгон ялыг дүйцүүлэн хассан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Т.Га-ын үйлдсэн хэргийн үйл баримтыг хянан хэлэлцэхдээ хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтад бодитой дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийг танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох “Танхайн сэдэлт” гэдэгт нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, чиглэсэн хувийн бус, танхайн шинжтэй сэдэлтийг хамруулж үздэг. Харин тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаа зэргээс үүдэн маргалдсан, ингэхдээ тодорхой субьект руу тухайлан хандсан үйлдлийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан бол дээрх хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй болно.

Шүүгдэгч, хохирогч нар өмнө нь бие биенээ таньдаг бөгөөд хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ шүүгдэгчийн гэрээс гарч явах зүй ёсны хүсэлт, шаардлагыг гэрч, хохирогч нар үл тоон, дээрэлхэж басамжилсан үг хэллэг хэлснээс тэдний хооронд маргаан үүсэж, уг маргаанаас үүдэлтэй хувийн таарамжгүй нөхцөл байдалд Т.Га нь Б.Энхбаярыг хутгалж, улмаар хохирогчид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Т.Га-ын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан бол тухайн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг болон ял шийтгэлийг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй хуулиар тогтооно гэдэг нийтлэг зарчмаас ангид хэрэглэгддэг цорын ганц тохиолдол бол хууль буцаан хэрэглэх ойлголт байдаг.   

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээг мөн адил багтаан ойлгодог.

Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг хүндрүүлэн тогтоосон байх тул Т.Га-ын үйлдэлд дээрх хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн Т.Га-д холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, шийтгэх тогтоол, магадлалын талаар оролцогч хяналтын журмаар гомдол гаргасан байхад хууль зөрчиж шийдвэр гаргасан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 336 дугаартай Ялыг дүйцүүлэн хасах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 40 дүгээр магадлалд: “Шүүгдэгч Т.Га-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Га-д оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ам-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 336 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ,

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Т.УРАНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН