Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-08
Тогтоолын дугаар 190
Хэргийн индекс 105/2017/0115/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Э.Ба-
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Э.Ба-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаар магадлалтай 201525011099 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, С.Батдэлгэр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Да овогт Э.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ба-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Ба-ын цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Э.Ба-ын цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг” гэснийг “120 /нэг зуун хорь/ хоногийг” гэж  өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Н.Буянжаргалын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Э.Ба-ын гэм буруутай эсэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь уг хэргийн хохирогч талийгаач Ц.Нэргүйбаатар нь Э.Ба-ын үйлдлийн улмаас нас барсан гэдэг нь эргэлзээтэй, талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1442, 1561 дугаартай дүгнэлтүүдийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байгаа болно. Уг дүгнэлтүүдээр талийгаач Ц.Нэргүйбаатарыг хүзүүний хэсгийн рефлексийн бүсийн гэмтлийн улмаас нас барсан гэж үзжээ. Гэтэл талийгаач нь рефлексийн бүсэд цохиулаагүй, Э.Ба- нь талийгаачийн зүүн шанаанд нэг удаа цохьсон талаар мэдүүлдэг. Иймд талийгаач нь рефлексийн бүсэд цохиулаагүй байхад түүнийг хүзүүний рефлексийн бүсийн гэмтлээр нас барсан гэж дүгнэсэн дээрх дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлгүй, эргэлзээтэй гарсан байна. Уг хэргийг анх гарсан дариуд тус шүүх эмнэлгийн шинжээч эмч Болороогийн 1237 тоот дүгнэлтээр “Талийгаач нь этилийн спиртийн хурц хордлогын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг үндэслэлтэй болохыг нь шинжээч эмч Б.Ганзориг, Т.Номинцэцэг, Ө.Сарангэрэл нарын 938 тоот дүгнэлтээр баталсан. Гэвч 5 хүний бүрэлдэхүүнтэй 1353 тоот дүгнэлтээр 1237, 938 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Харин талийгаач нь “Амьсгалын замд ходоодны агууламж орж амьсгал бүтэж нас барсан” гэж дүгнэсэн. Ийнхүү 3 удаагийн дүгнэлт гаргахдаа рефлексийн бүсийн гэмтлийн улмаас нас барсан талаар огт дурдаагүй байхад хэрэг болсноос хойш 1 жил 4 сарын дараа хэргийн материалаар дүгнэлт гаргахдаа өмнөх шинжээч нарын дүгнэлтийг эрс үгүйсгэж дүгнэлт гаргасан нь 1561, 1442 тоот дүгнэлтүүдийг хууль зүйн үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэхээр байна. Шүүх эмнэлгийн 5 удаагийн дүгнэлтээр 3 өөр дүгнэлт гаргасан байхад шүүх “...нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна" гэж үзэж Э.Ба-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1353, 1237, 938 тоот дүгнэлтүүд талийгаачийг цохилтоос болж нас бараагүй талаар гарсан байтал уг дүгнэлтүүдийг шүүх ямар учраас үнэлээгүй талаар, мөн Шүүхийн шинжилгээний 1561, 1412 тоот дүгнэлтүүдийг ямар учраас үндэслэлтэй гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс Э.Ба-ыг хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцохдоо мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох бүх арга хэмжээг аваагүй, ингэснээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Э.Ба-ыг гэм буруутайд тооцсон үндэслэл нь талийгаачид хүзүүний рефлексийн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт бөгөөд уг дүгнэлт нь гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт тулгуурлан хийсэн дүгнэлт байдаг. Гэтэл С.Батмөнх, Ө.Намнандорж, Т.Баасанжав, Н.Ганболд, Ц.Цэрэннадмид нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь таамаглал дэвшүүлсэн мэдүүлгүүд байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд харин таамаглал дэвшүүлж буй этгээдийг гэрч гэж тооцдоггүй. С.Батмөнх гэрчээр мэдүүлэхдээ “яг цохисон эсэхийг хараагүй” гэсэн бол дараа нь “Баярбямба талийгаач дээр хүрч ирээд эрүүн тус газар нь нэг удаа гараараа цохиход талийгаач газар доошоо хараад унасан” гэж мэдүүлсэн нь өмнөх мэдүүлгээс зөрүүтэй байгаа юм. Илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад шүүх бүрэлдэхүүн уг мэдүүлгийн зөрүүг гаргалгүйгээр эрүүн тус газар цохиход хүзүүний хажуу хэсэгт рефлексийн гэмтэл учруулах боломжтой мэтээр шууд дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн юм. Э.Ба- нь талийгаачийн зүүн шанаанд баруун гараар цохисон хэмээн шүүх тогтоосон атлаа нүүрэн тус газар /шанаа эсхүл эрүү/ цохиход хүзүүний хажуу хэсэгт рефлексийн гэмтэл учруулах боломжтой эсэх талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Талийгаачийн нүүрэнд цохисон цохилт, хүзүүний хажуу хэсэгт учирсан рефлексийн гэмтэл хоёрт шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. Нүүрэнд ирсэн цохилт нь хүзүү рүү дамжиж хүнийг түргэн үхэлд хүргэхүйц хэмжээний рефлексийн гэмтэл учруулах боломжтой эсэхийг мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжээч нараар тогтоолгосны эцэст Э.Ба-ын гэм бурууг шийдвэрлэх нь зүйтэй юм. Талийгаачийн хувьд хүзүүний аль талд нь рефлексийн гэмтэл учирсныг шинжээч нар тогтоогоогүй байхад шүүх ял оногдуулсан нь эрүүгийн хэрэгт шалгавал зохих бүх асуудлыг шалгаж тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй. Э.Ба- талийгаачийн биед рефлексийн гэмтэл учрахуйц хэмжээнд хүчтэй цохисон бол тухайн цохисон газар нь цус хуралт, толбо зэрэг шинж тэмдэг үлдэх ёстой байсан бөгөөд гэрчүүдийн таамагласан мэдүүлэгт үндэслэн рефлексийн гэмтэл гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй бөгөөд үндэслэл муутай юм. Рефлексийн гэмтэл нь өөрөө түргэн үхэлд хүргэдэг талаар шинжээч нар мэдүүлсэн. Гэтэл талийгаач нь Э.Ба-д цохиулсны дараа түүний хүзүүгээр тэвэрч ноцолдсон, дараа нь Н.Ганболдтой хамт 3 алхаад газар унасан, унаснаас хойш 10 орчим минут амьсгаадан хэвтэж байгаад нас барсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Рефлексийн гэмтэл авсан хүн ийм хугацаанд амьд байх боломжтой эсэх талаар шинжээчээс асуугаагүй, уг нөхцөл байдлыг тодруулах ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзнэ. Иймд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэнэ үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Ба- нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг гарсан цаг хугацаа, талийгаачийн амь хохирсон нөхцөл байдалтай тохирсон, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2015 оны шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийн байдалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

Шүүгдэгч Э.Ба- нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15-ын 4 дүгээр байрны гадна хохирогчийн зүгээс гаргасан зохисгүй яриа хэллэг, харьцаанаас үүдэлтэй хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдах явцдаа, талийгаач Ц.Нэргүйбаатарын зүүн шанаан тус газар гараараа нэг удаа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байх бөгөөд шүүх Э.Ба-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Рефлексийн бүсэнд учирсан гэмтлийн улмаас хүн нас барах явдал нь ховор тохиолдлын нэг бөгөөд гадна талдаа илрэх шинж чанарын хувьд хордлогын улмаас зүрхний хурц дутагдалд орж нас барах, мөн амьсгал бүтэж нас барах зэрэг тохиолдолтой адил төстэй байдгаас шинжээчийн 1237, 938, 1353 тоот дүгнэлтүүд алдаатай гарсан болохыг сүүлийн тав болон долоон шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1442, 1561 тоот дүгнэлтүүдээр үгүйсгэн тайлбарлаж, анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд бататган мэдүүлэг өгсөн шинжээч эмч Б.Ариунзул, Б.Ундармаа, А.Амгаланболд, Б.Энхжин нарын тайлбар зэрэг нь хэргийн нөхцөл байдалд нийцэж байгааг хянан үзэж дүгнэлт хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, талийгаачийн нас барсан шалтгаан нь архины хордлого,  эсхүл амьсгал бүтэлтээс бус харин гадны хүчний үйлчлэл болох шүүгдэгч Э.Ба-ын цохилтоос талийгаач их хэмжээний мэдрэлийн хүлээн авагчийн бөөгнөрөл буюу рефлексийн бүс өртөгдөж тэнэгч мэдрэлийн хүчтэй цочрол бий болж цусны даралт унан, зүрхний хэм алдагдаж, зүрх рефлексээр зогссон гэх дүгнэлт нь хэргийн нөхцөл байдлын талаар хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзнэ. 

Харин 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс 2015 оны Эрүүгийн хуулиар хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг нь найман жил болгон багасган эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Э.Ба-ын үйлдсэн гэмт хэрэгт тухайн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.       

Иймд Э.Ба-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаар магадлалд: “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Э.Ба-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Ба-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, С.Батдэлгэр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Т.УРАНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН