Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-08
Тогтоолын дугаар 191
Хэргийн индекс 185/2016/0143/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.Ба-
Зүйл заалт 098.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.Ба-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн,

Шүүгдэгч Д.Ба-,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 417 дугаар магадлалтай 201625021722 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Ба-ийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Ур овогт Д.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ба-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Д.Ба- албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдаж, Д.Ба-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ба-, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ч.Нямсүрэнгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ба- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Д.Ба- миний үйлдсэн гэх хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар хангалттай нотлогдоогүй гэж үзэхээс гадна үйлдээгүй хэргийнхээ төлөө ял сонсож байна. Иргэн Б.Гэ- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Ам-тай хэрүүл маргаан хийж, зодохоор барьж авах үед нь дундуур нь орж цээж рүү нь түлхэж салгасан. Биднийг явах үед эдгээр 3 залуу хоорондоо маргалдаад үлдсэн талаар мэдүүлсэн гэрч Ш.Бя-ийн мэдүүлэг болон гэрч Д.Ам-, Ба- нарын мэдүүлгийг шүүх тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үнэлж чадсангүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмчийн мэдүүлгийг үнэлж чадсангүй. Миний бие иргэн Б.Гэ-ыг зодож гэмтэл учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Ба- нь шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтад дүгнэлт хийхдээ гэрч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй байхад дан ганц З.Чи- гэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн харин бусад гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан талаар дүгнэлтдээ тусгаагүй, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нэг бүрийг хэн учруулсан болохыг шалгаж тогтоогүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогүй, зөвхөн гэрч З.Чи-ийн мэдүүлгээр Д.Ба-ийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь буруу байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Ба- 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Старт” нэртэй караоке баарны гадна иргэн Б.Гэ-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байх бөгөөд шүүх Д.Ба-ийг Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд хорих ял байхгүй байгаа нь 2015 оны Эрүүгийн хуулийг илүү хөнгөн хууль гэж тооцож, тухайн хуулийг Д.Ба-ийн үйлдсэн гэмт хэрэгт буцаан хэрэглэх үндэслэл болж байна.      

Иймд Д.Ба-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Албадан ажил хийлгэх” гэх ялын төрөл байхгүй болсон, нөгөөтэйгүүр уг ялыг нэршил, агуулга, хэрэглэгдэх шинж чанарын хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялтай шууд адилтгах, дүйцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан ялын төрлийн шинжээс илүү хөнгөн ял болох торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 417 дугаар магадлалд: “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Д.Ба-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 1.000 нэгжээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ба-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Т.УРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН