Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-27
Тогтоолын дугаар 239
Хэргийн индекс 106/2016/0066/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.З, Д.А
Зүйл заалт 215.3., 222.2.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Г.З, Д.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр,

шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, О.Сайнгэрэл,

шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Б.Цолмон,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 398 дугаар магадлалтай, 201624000174 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ын З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Д-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.З-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг нь хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, Д.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Г.З-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Д.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгэж,  Г.З-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Д.А-т оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, хэрэгт битүүжилсэн “Тоёота приус” маркийн 18-41 УНИ, 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтаар Д.А-ын эзэмшлийн “Тоёота приус” маркийн 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлснийг чөлөөлж, Г.З-ын эзэмшлийн “Тоёота приус” маркийн 18-41 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.З болон өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ц.Майбаяр, Ш.Мягмарцэрэн, О.Сайнгэрэл, Б.Цолмон нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан бөгөөд дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн талаар үндэслэлээ заагаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хянуулахаар уг гомдлыг гаргаж байна.

 Г.З нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны орой Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота приус” маркийн 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч Б.Т-г мөргөж, амь насыг нь хохироосон үйл баримтыг бэхжүүлсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн удаа дараагийн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтээр уг автомашиныг Г.З- жолоодож явсан нь тогтоогдоогүй.

 “Юнивишн” ХХК-ийн  хуучны зураг сэргээн засварлах “HD төсөл”-ийн багийн шинжээчийн дүгнэлтийн  6, 7 дахь хэсэгт жолоочийн эсрэг талаас Г.З бууж байгаа, цацруулагчтай гутал өмссөн талаар тодорхой дурдсаныг дүгнэлтэд ноцтой нөлөөлөх нотлох баримт гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.3, 319.1.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж хяналтын шатны шүүхэд  гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлттэй маргах зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн 3,500,000 төгрөгийн хохиролд нийт 8,000,000 төгрөгийг бэлнээр төлж, хохирогч гомдолгүй болохоо илэрхийлсэн.

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, Г.З-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг хүсч байна. Мөн хохирол бүрэн төлөгдсөнтэй холбогдуулан Г.З-ын эзэмшлийн 18-41 УНИ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж өгнө  үү...” гэв.

Шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч О.Сайнгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: Хэргийн зүйлчлэлийг өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Б.Цолмон хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч Г.З-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгийг өнөөдөр мэдлээ. Тэгвэл шүүгдэгч Г.З нь яагаад өнөөдрийг хүртэл хэргээ хүлээхгүй байсан нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.З-аас 1,235,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А-т олгохоор заасныг анхаарч үзэхийг хүсч байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн төлөгдсөн учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн зүгээс шүүгдэгч Г.З-д оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгч надаар уламжлуулан Улсын Дээд шүүхэд гаргасан гэв. 

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.З-ын хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт, шүүгдэгч Д.А нь тээврийн хэрэгслийг согтуу хүнд шилжүүлсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалсны үндсэн дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Г.З-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Г.З-д оногдуулсан ялд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Г.З, Д.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.З нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Төмөр замын “KFС” хоолны газрын урд замд “Toyota Prius” загварын, 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно; а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган зорчигч Б.Т-г мөргөснөөс амь насыг нь хохироосон,

Д.А нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Toyota Prius” загварын, 14-91 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно; б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.З-д жолоогоо шилжүүлсний улмаас явган зорчигч Б.Т-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.З, Д.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Г.З-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг нь хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, Д.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон тохиолдолд онцгойлон хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Г.З нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж иргэн Б.Т-ийн амь насыг хохироосон нь хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй дүйцэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таваас найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхээр байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээнээс хүндрэхээр байх боловч “согтуурсан” гэх шинжийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Г.З-д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэх нь үндэслэлтэй болно.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 3 жил, дээд хэмжээ 5 жил байхаар хуульчилсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 1 жил, дээд хэмжээг 5 жил болгон ялын доод хэмжээг багасгасан нь 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан “ял хөнгөрүүлэх” тухай гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.З-д оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасаж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.А-ын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн  222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж байхад Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 19 хоног баривчлах ялаас 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар чөлөөлөгдөж суллагдсан болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 398 дугаар магадлалд:

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Г.З-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, 3 /гурав/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.З-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  

                      ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                      ШҮҮГЧ                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Б.ЦОГТ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН