Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-13
Тогтоолын дугаар 200
Хэргийн индекс 171/2017/0073/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч П.Ба-, Г.Цэ-, Б.Мя- нар
Зүйл заалт 181.2.1, 181.2.4., 181.2.5.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

П.Ба-, Г.Цэ-, Б.Мя- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр магадлалтай 201609000561 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мя-ийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Бо овогт П.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт,

2.  Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 03 жил 02 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан Бо овогт Б.Мя- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь заалтад заасан “Давтан үйлдлээр догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 5 хоногийн хорих ял оногдуулсныг 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийн хорих ялаас өршөөн хасаж суллагдсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэнийг, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр магадлалаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн Ха овогт Г.Цэ- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мя-ийг бүлэглэн, давтан үйлдлээр, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Ба-, Г.Цэ- нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Ба-ийг 3 жил 6 сар хорих ялаар, шүүгдэгч Г.Цэ-ыг 3 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мя-ийг 4 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мя-ийн энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэ-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ба-ид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Б.Мя-ид оногдуулсан 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ба-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгчийн тэнсэж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 19-нд төрсөн У.Өлзийбатад асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргад үүрэг болгож, шүүгдэгч П.Ба- бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэ-ээс 410.164 төгрөг, шүүгдэгч Б.Мя-оос 410.164 төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.Ши-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Мя- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...миний бие “Сутай” бааранд найз Г.Цэ-ын хамт үйлчлүүлж байсан бөгөөд тамхи татахаар гадаа гартал зүс таних П.Ба- гэдэг залуу тааралдсан. Хамт тамхи татаад зогсож байтал П.Ба-ийн танил А.Му- тааралдсан бөгөөд П.Ба- нь түүнийг араас нь тэвэрч автал А.Му- П.Ба-ийг бөгсөөрөө түлхэж унагаасан. Тэгээд П.Ба- А.Му-тай зодолдож эхэлсэн. Энэ үед А.Му-ы найз Д.Шинэбаяр гарч ирсэн бөгөөд П.Ба- руу хоёулаа нийлээд дайрсан. Би тэднийг салгах гээд дийлээгүй тул баар руу орж найз Г.Цэ-ыг дагуулан гарч иртэл хохирогч Д.Шинэбаярын толгойноос цус гарсан газар унасан байсан. Бид П.Ба-ийг салгаад, аваад явсан бөгөөд П.Ба- “хувцсаа авна” гээд буцаад явсан. Харин Г.Цэ-бид 2 гэр, гэр рүүгээ харьцгаасан. Би хохирогч Д.Шинэбаярыг зодоогүй бөгөөд намайг зодоогүй гэдгийг гэрчлэх камерийг бичлэг байдаг. Мөн 3-4 гэрч байдаг бөгөөд тэдгээр гэрчүүдийг байцаагаагүй. Хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Д.Шинэбаяр болон гэрч А.Му- нарын мэдүүлгээр надад ял шийтгэсэнд гомдолтой байна” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...П.Ба-, Б.Мя-, Г.Цэ-нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн цагаар бүлэглэж, хохирогч Б.Ши-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байна. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд “Танхайрах” гэмт хэрэг хасагдсан боловч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан нарт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээд эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэнэ үү” гэв.

Шүүгдэгч П.Ба-, Б.Мя-, Г.Цэ-нар нь архидан согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 24-ний оройн 2300 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Г.Ши-ыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, танхайрсан, шүүгдэгч Б.Мя- нь танхайрах гэмт хэрэгт шийтгүүлээд ялтай байх хугацаандаа танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Б.Мя-ийг бүлэглэн, давтан үйлдлээр, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, П.Ба-, Г.Цэ-нарыг бүлэглэн, догшин авирлаж, танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан, Б.Мя-ийг 4 жил хорих ялаар шийтгэж, энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр урьд тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, П.Ба-, Г.Цэ-нарыг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар П.Ба-ид оногдуулсан хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Б.Мя-, Г.Цэ-нарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх, эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Шүүгдэгч Б.Мя-, П.Ба-, Г.Цэ-нарын үйлдэл нь дээрх Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, ... олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэмт хэргийн шинжийг агуулж буй бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг нэг жил болгон хөнгөрүүлж тогтоосон нь 2015 оны Эрүүгийн хуулийг илүү хөнгөн хууль гэж тооцож, тухайн хуулийг шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт буцаан хэрэглэх үндэслэл болж байна гэж дүгнэлээ.

Дээрх байдалд үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, ... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгч П.Ба-ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж дүгнэлээ.  

Харин шүүгдэгч Б.Мя-, Г.Цэ- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан, анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн багасгаж, Б.Мя-ид өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг нэмж нэгтгэн, Б.Мя-, Г.Цэ- нарын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр магадлалд: “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч П.Ба-, Б.Мя-, Г.Цэ-нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх болгон өөрчилж, шүүгдэгч П.Ба-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, шүүгдэгч Б.Мя-, Г.Цэ- нарыг 1 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Мя-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг нэмж, шүүгдэгч Б.Мя-ийн биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мя-д оногдуулсан 4 жил 10 сарын хорих ялыг, шүүгдэгч Г.Цэ-д оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мя-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН