Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-13
Тогтоолын дугаар 201
Хэргийн индекс 166/2017/0048/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.Бо
Зүйл заалт 148.3.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.Бо-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Хохирогч Э.У-,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар магадлалтай 201609000575 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Бо-, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1955 онд төрсөн, эрэгтэй, 1978 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169а-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2001 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж, бүгд 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 2001 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шүүхийн 330 дугаар магадлалаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 224 дүгээр зүйлийн 224.3 дахь хэсэгт зааснаар 3 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж, бүгд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж бүгд 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 9 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Бо-ыг итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон Со овогт Д.Бо- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Бо-д холбогдуулан хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж 34.788.000 төгрөг авсан гэх хэргээс 8.788.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3 дахь заалтад зааснаар энэ хэрэгт ялтан Д.Бо- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Бо-оос 26.200.000 /хорин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Э.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Д.Бо-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бо-, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, Л.Цуурай нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Бо- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч гэдэг нь хувийн сонирхолгүй хүн байна гэжээ. Гэтэл прокурор, мөрдөн байцаагч нар Э.У-ын хадам эх, эхнэр хоёрыг гэрч болгосон, энэ хоёр хүн намайг мөнгө авсан гэж гүтгэсэн. Мөрдөн байцаагч Б.Гэрэлцогт нь мөнгө авсан гэж миний гарын үсгийг хуурамчаар үйлдлээ. Энэ гарын үсгийг хэн зурсныг шалгаж өгөхгүй байна. Мөн намайг хавтаст хэрэгтэй танилцах боломж олгохгүй байна. Прокурор намайг Са-тай барьцааны гэрээ байгуулсан гэх юм. Тэр барьцааны гэрээг гаргаж өгөөч. Би Э.У-аас урьдчилгаа 10.000.000 төгрөг авсан, өөр мөнгө аваагүй. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хэргийн шүүхэд хэрэг маргааныг шилжүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж заасан бөгөөд Д.Бо- нь Э.У-ыг хуурч, залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй, тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай. Хэрвээ шүүх Д.Бо-ыг гэм буруутай гэж үзвэл шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг нийцүүлэн багасгаж өгнө үү” гэв. 

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Д.Бо-ын С.Са-тай байгуулсан “худалдах, худалдан авах” гэрээний дагуу түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан боловч уг орон сууцны эзэмшигч С.Са-ын хүсэл сонирхлын дагуу Д.Бо-ын нэр дээр бүрэн шилжээгүй байхад бодит байдлыг нуух замаар иргэн Э.У-ыг төөрөгдүүлж 26.000.000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Түүний үйлдсэн гэмт хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Харин шүүхээс Д.Бо-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан хорих ял нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан ялын хэмжээнээс хүнд байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэнэ үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай хяналтын шатны шүүх хуралдаанд: “...өнөөдрийг хүртэл хохирол төлбөрөөс огт төлөгдөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Д.Бо- нь 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан иргэн С.Са-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 4-р байр, 335 тоот, 29мкв 2 өрөө орон сууцыг иргэн Э.У-т 35.000.000 төгрөгөөр зарна гэж 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөг давтан үйлдлээр авч, мөн өдөр үлдэгдэл мөнгөний зөрүүд Сэлэнгэ аймаг, Сайхан сум 2 дугаар баг, Ширээ нуруунд байрлах 1730мкв талбайтай улсын бүртгэлийн Г-1310001074 дугаартай бүртгэгдсэн газрын гэрчилгээг итгэмжлэл хийн, өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч шунахай сэдэлтээр хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бусдад 34.788.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй бөгөөд шүүх Д.Бо-ыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний эрх зүйн харилцаагаар халхавчилсан, дүр үзүүлсэн гэрээ хэлцэл хийж, эсхүл итгэл эвдэн хохирогчдын эд хөрөнгийг өөрийн болгож авах нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд Д.Бо- нь С.Са-ын зээлийн барьцаанд тавьсан орон сууцны эзэмшигчийн гэрчилгээг түүний хүсэл зоригийн эсрэг, түүний итгэлийг урвуулан ашиглаж өөрийн нэр дээр шилжүүлж авсан, улмаар бодит байдлыг гуйвуулан тайлбарлаж, иргэн Э.У-т уг орон сууцыг худалдана гэж түүнийг залилан мэхлэж мөнгө, эд хөрөнгийн эрх зэргийг авсныг иргэний эрх зүйн харилцаатай адилтган үзэх үндэслэлгүй тул өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын “...хуурч, залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй, тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Харин 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс дээрх зүйлд тодорхойлсон шинжийг агуулсан залилах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод болон дээд хэмжээг багасган хөнгөрүүлж тогтоосон байх тул Д.Бо-ын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.      

Иймд Д.Бо-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Түүнчлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Эд хөрөнгө хураах” нэмэгдэл ялын төрөл хасагдсан буюу уг ялын төрлийг бусад ялын төрөлтэй дүйцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Д.Бо-оос 100.000 төгрөг хураахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар магадлалд: “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, шүүгдэгч Д.Бо-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 2 жил 8 сарын хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Бо-оос 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бо-, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Т.УРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН