Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-15
Тогтоолын дугаар 208
Хэргийн индекс 142/2017/0099/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.Ба-, Б.Ба- нар
Зүйл заалт 098.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.Ба-, Б.Ба- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

Шүүгдэгч Б.Ба-,

Хохирогч Б.Бат-,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 64 дүгээр магадлалтай 201606000196 тоот эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Дэ овогт Д.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2.  Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Дэ овогт Б.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ба-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ба-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчлөн зүйлчилж, Б.Ба-ийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба-д оногдуулсан 2 жилийн хорих ял тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, шүүгдэгч Б.Ба-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, Н.Дэмбэрэлдагва нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Д.Ба- нь архидан согтуурсан үедээ өөрийн хүү Б.Ба-тэй нийлж, Б.Бат-ыг зодож гэмтэл учруулсан нь хохирогч Б.Бат-, гэрч Б.Чи-, А.Га-, Б.Б- нарын мэдүүлэг, шинжээчийн 10834, 1313 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч Б.Ундармаа, С.Чулуунсүх нарын мэдүүлэг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Люкс мед” эмнэлгийн MRI зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсоор байхад үндэслэлгүй хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн нь буруу юм. Мөн хохирогчийн биед “олон удаагийн, хэд хэдэн үйлчлэлийн улмаас гэмтэл учирсан, энэ нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна” гэсээр байхад анхан шатны шүүх хохирогчийн баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд гэмтэл нь шүүгдэгч Б.Ба-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж буруу дүгнэж, хууль зөрчиж тогтоол гаргасан байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан. Анхан шатны шүүх Б.Ба-ийн өгсөн мэдүүлгийг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийн гэм бурууг нотлох, мэдүүлэх үүрэггүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд бусад нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэсэн болох нь тодорхойгүй байна. Мөн “Б.Бат-ы биед учирсан гэмтэл нь 2 ба түүнээс олон хүний гараар, хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас үүсгэгдэнэ” гэсээр байхад дүгнэлтэд ач холбогдол өгөөгүй. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 7212, 7213 дугаартай дүгнэлтүүдэд шүүгдэгч Д.Ба-ы өмсөж явсан хувцас болон нүдний шилнээс илэрсэн цус мэт зүйл нь Б.Бат-ы цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлтүүдээс үзэхэд Д.Ба- нь хохирогч Б.Бат-ыг сандлаар цохиулахад ойр байсныг илтгэж байна. Мөн хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Бат-ы өвчтөний түүх, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар хохирогч Б.Бат-ыг сандлаар зодож гэмтэл учруулсан нь тогтоогддог бөгөөд гэрэл зургаас хохирогчийн биеийн хэсэг газрыг харвал ташуу, хөндлөн эд зүйлээр цохигдсон ул мөр тодорхой харагддаг. Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д бүлэглэн гүйцэтгэгч гэдгийг хуульчилсан ба Д.Ба-ы үйлдэл буюу гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, арга, сэдэлт тодорхой байхад шүүх үндэслэлгүй зүйлчлэлийг өөрчилсөн ба шийтгэх тогтоолдоо үндэслэлийг тусгаагүй. Мөн эд мөрийн баримтыг хэлэлцүүлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд хууль буруу хэрэглэж зүйлчлэл өөрчилсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...шүүх шүүгдэгч Д.Ба-, Б.Ба- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон байхад шүүгдэгч Д.Ба-ы үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрхэн няцааж, үгүйсгэсэн талаар, мөн шүүгдэгч Б.Ба-ийн зүйлчлэлийг өөрчилсөн үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдаагүй нь шүүхийн шийдвэр хэргийн жинэхэн байдалтай нийцээгүй, хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва хяналтын шатны шүүх хуралдаанд: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гаргасан гомдлыг үндэслэн Д.Ба- Б.Ба- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Д.Ба-, Б.Ба- нарыг бүлэглэн, 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Булган аймгийн Засаг даргын тамгын газрын байрны 210 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Б.Бат-ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч Д.Ба-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч Б.Ба-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон өөрчилж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нараас татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2017 оны 6 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тусгасан зохицуулалт нь тухайн хэрэг маргааныг шийдвэрлэж буй шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гарах асуудалд хамаарах бөгөөд “Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзаж байна” гэсэн хууль бус үндэслэлээр гаргасан хүсэлтийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгчийг татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага, үндэслэл журмыг ноцтой зөрчиж буруу шийдвэрлэснээр хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу шийдвэрлэх үндсэн зарчим алдагдсан байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлж буйтай холбогдуулан Д.Ба-, Б.Ба- нар нь гэмт хэрэг үйлдсэн эсэх, тэдгээрийн оролцоо, гэм буруу нотлогдсон эсэх зэрэг асуудлыг хянан хэлэлцэх, энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 64 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН                                                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН