Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-13
Тогтоолын дугаар 195
Хэргийн индекс 187/2017/0000/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Т.Т
Зүйл заалт 096.1.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Т.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

хохирогч С.Доржсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр магадлалтай, 201626031633 дугаар эрүүгийн хэргийг хохирогч С.Д-ийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, 1995 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 жил хорих ялаар тогтоож 2004 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2009 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 2011 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2016 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овогт Т-ийн Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Т-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Т.Т-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сар хорих ялаар тогтоон, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 121 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Доржсүрэн, шүүгдэгч Т.Туул нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч С.Д хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Би Алтангэрэлтэй хамт архиа хувааж уучихаад Т-ын гэрт орсон. Т-ын гэрээс гарах гэтэл миний араас Т хутгалсан. Би Т-тай хэрэлдэж муудалцаагүй, өөрөөр хэлбэл ямар ч шалтаг шалтгаан байхгүй байхад миний араас гэнэт хутгалж, надад хүнд гэмтэл учруулсан. Т болон түүний эхнэр нь санаатайгаар энэ хэрэгт оролцож, эхнэр нь надад тусламж үзүүлэх үйлдэл огт хийгээгүй, харин гэмт үйлдлийг санаатайгаар нуун далдлах үйлдэл хийсэн нь тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхад хэргийг зөвхөн Т-д холбогдуулах шалгаж, Т болон түүний эхнэрийн үйлдлийг тохирох зүйл ангиар зүйлчлээгүй нь учир дутагдалтай. Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар танхайн сэдэлтээр үйлдэгдсэн гэж үзэж байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зөвтгөн зүйлчилж ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүгдийг нь нэмж нэгтгэн шийдвэрлэх байтал хууль буруу хэрэглэж хөнгөн ялаар шийдвэрлэснийг зөвтгөж өгнө үү. Иймд хэргийг дахин хянаж, зүйлчлэлийг зөвтгөн, тохирох ял шийтгэл оногдуулж, хохирогч миний эрх ашгийг хангаж өгнө үү” гэжээ.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Т.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нэхмэлийн 16-24 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн ар хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Т-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Т.Т-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заажээ.

Шүүгдэгч Т.Т-ын хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан боловч энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан нь тухайн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 5-аас дээш 7 жил хүртэл хорих ялын хэмжээнээс хүнд буюу хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн байх тул Т.Т-ын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.

Түүнээс гадна шүүх Т.Т-д өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасныг баримтлан эдлээгүй үлдсэн ялын зарим хэсгийг нэмж нэгтгэх журмыг баримталсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан ял нэгтгэх журамтай харьцуулахад түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.

Иймд Т.Т-д түүний гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар холбогдох хэргийг зүйлчилж, ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хяналтын шатны шүүх нь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд Т.Т-ын үйлдэлд танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэх шинж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул хохирогчийн гаргасан “Т.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зөвтгөн зүйлчилж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулиар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх заалт байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь зүйлд “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг … ял эдлүүлнэ.” гэж заасан тул 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр магадлалд “Шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 6 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, хохирогч С.Д-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         

             ДАРГАЛАГЧ,

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН