Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-27
Тогтоолын дугаар 212
Хэргийн индекс 153/2017/0007/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч П.Бя
Зүйл заалт 098.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

П.Бя-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мянган,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаар магадлалтай 201621000218 тоот эрүүгийн хэргийг хохирогч Б.Ба-, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүгдэгч П.Бя-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Бо овогт П.Бя нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Бя-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан П.Бя- нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн найман цагийн ялыг 1 хоногийн баривчлах ялаар тооцож солихоор, Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бя-аас 1.960.710 төгрөг  гаргуулж, хохирогч Б.Ба-т олгож, хохирогчийн таксины зардал, бусад эмийн зардал, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, өмгөөллийн хөлс 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Бя-аас 1.960.710 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ба-т олгож, хохирогчийн таксины зардал, бусад эмийн зардал, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, өмгөөллийн хөлс 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг” Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Бя-аас 2.669.510 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ба-т олгож, бусад эмийн зардал, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, өмгөөллийн хөлс 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Б.Ба-, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Мянганы саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.Ба-, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...шийтгэх тогтоол, магадлалд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг баримталсан, гэмт этгээдийн үйлдсэн хэрэгт хэргийн зүйлчлэл тохироогүй, шүүгдэгчид хүнд ялтай хууль хэрэглэх шаардлагатай гэж гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх П.Бя- нь хохирогч Б.Ба-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь танхайрах гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хохирогч Б.Ба- нь ялтан П.Бя-ын үйлдлээс биедээ гэмтэл авах хүртлээ түүнийг, түүний эхнэр Ж.Ня- нарыг танихгүй, тэдэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэх ямар ч шаардлага байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Харин П.Бя-, Ж.Ня- нарын нийгмийн хэв журмыг зөрчсөн, хууль бус үйлдлээс шалтгаалан биедээ гэмтэл авч эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учирсан. Анхан шатны шүүх шүүгдэгч П.Бя-ыг бэлэн мөнгөний машины бүхээгт хохирогч Б.Ба-тэй “эхнэр Ж.Ня-тай хэрүүл хийлээ” гэж маргалдаж улмаар ар нуруу хэсгээс авч шидэж газар унаган түүний биед “шуу ясны хугарал” гэх хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Б.Ба- нь шүүгдэгч П.Бя-тай маргалдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч П.Бя- нь араас нь хүчтэй шидэж газарт унагасан үйл баримт тогтоогдож байгаа.

Гэтэл шүүх болон прокурор, мөрдөн байцаагчийн зүгээс ямар үндэслэлээр хохирогч Б.Ба-, П.Бя- нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй харин Эрүүгийн хуулийн 181 дүгээр 181.2-д танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байна. Улсын яллагч хэргийн бодит байдалд тохирсон зүйлчлэлийг хийгээгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс ч энэ асуудлуудыг орхигдуулан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн гэрч Ж.Ня-гийн хохирогч Б.Ба-т хандан гаргаж буй үйлдэл нь “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн” Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байхад түүнийг шалгалгүй орхигдуулж харин ч хохирогч мэтээр хэргийн нэг талыг баримтлан шалгасан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Ба-ийн баруун гарын шуунд гэмтэл учирсан байхад анхны дүгнэлт гаргасан шинжээч эмч зүүн гарын шуу гипсэн боолттой гэж үзлэг хийсэн тэмдэглэлдээ дурдсан ноцтой алдаа гаргасан. Түүнчлэн толгойн рентген зургийн өөрчлөлтөд бодит дүгнэлт гаргаагүй, харааны эрхтэн болон баруун гаранд учирсан гэмтэл зэрэг хохирогчийн биед учирсан гэмтэл бүрт дүгнэлт гаргалгүй орхигдуулж, хуулийг зөрчсөн. Дээрх алдаа бүхий шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1347 тоот дүгнэлтээр залруулаагүй бөгөөд уг дүгнэлтэд “...МRI шинжилгээ хийлгэх гэсэн боловч баруун гарын хугарлыг засаж метал ялтас тавьж, шургаар бэхэлсэн тул шинжилгээ хийгдэх боломжгүй байна...” гэж дурдагдсан. /хх-ийн 68-69/ Энэ нь хохирогч Б.Ба-т учирсан гэмтэл нь бодит байдлаар гүйцэд тогтоогдоогүй бөгөөд өнөөдрийг хүртэл эдгэрэх боломжгүй, гэмтлээс учирсан хор уршиг арилаагүй байна.

Хохирогч Б.Ба-ийн баруун гарны шууны яс зөрүүтэй хугаралтай, 11 ширхэг хадаас, метал ялтас хадуулсан, шургаар бэхлүүлсэн, богтос ясны далд хугарал, бүтэц алдагдсан, баруун гарны шууны хэсэгт сул яс гарч ирсэн бөгөөд уг ясыг авах эсэх, цаашид баруун гар хэвийн ажиллах эсэх нь эргэлзээтэй байгаа. Мөн тархины доргилтоос үүдэлтэй 2 нүд байнга даралттай болж, 2 нүдний хараа муудаж, нулимс байнга тасралтгүй гоождог болсон, зүүн нүдэнд гэмтэл учирч, зүүн нүдний зовхи буусан, зүүн нүдний харах өнцөг өөрчлөгдсөн. Гэтэл энэ асуудлыг тогтоолгүйгээр орхигдуулсан нь хэргийн зүйлчлэл буруу байх нэг нөхцөлийг бүрдүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1 дэх заалтыг анхан шатны шүүхээс биелүүлээгүй нь хуулийг зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч П.Бя-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Зүйлчлэлийн хувьд маргаагүй. Харин Ховд аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хавтаст хэргийн 117-118 хуудсанд байгаа хохирогч Б.Ба-ийн нэхэмжилсэн Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх явцад таксигаар 2016 оны 09 сарын 22-оос 10 сарын 21-ний өдрүүдэд явсан нийт 708.800 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг үнэлсэнд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх унааны зардлын талаар тодорхойлолт нь таксиний үйлчилгээ эрхэлдэг эсэх, хаана гаргасан нь тодорхой бус, хохирогч Б.Ба- нь тухайн үед нярайн хүүхэдтэйн улмаас таксигаар үйлчлүүлэх зайлшгүй шаардлагатай байсан талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу цуглуулаагүй байхад давж заалдах шатны шүүх нь Магадлалд өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...П.Бя- нь хохирогч Б.Ба-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2015 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мянган хяналтын шатны шүүх хуралдаанд: “...П.Бя-ын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байхад хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад уг хэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн гэж харагдахгүй байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр П.Бя-т холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Бя- нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1700 цагийн үед хохирогч Б.Ба-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас татаж унаган түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар П.Бя- нь “эхнэртэй хэрүүл хийлээ” гэж хохирогч Б.Ба-ийг арагш татаж унагасан хэргийн үйл баримт тогтоогдсон бөгөөд хувийн таарамжгүй харилцаа нь зөвхөн шүүгдэгчтэй үүсгэж буй харилцаа төдийгүй, шүүгдэгчийн ойр дотны хүн болон бусад хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэж буй зэрэг хохирогчийн зүй зохисгүй байдал, тодорхой үг, үйлдэлтэй холбогдон үүсэж болно.

Анхан шатны шүүх П.Бя-ыг “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн бол албадан ажил хийлгэх, эсхүл хорих ял шийтгэхээр хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд хорих ял байхгүй байгаа нь 2015 оны Эрүүгийн хуулийг илүү хөнгөн хууль гэж тооцож, тухайн хуулийг П.Бя-ын үйлдсэн гэмт хэрэгт буцаан хэрэглэх үндэслэл болж байна.      

Хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдол, шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байх тул П.Бя-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Албадан ажил хийлгэх” ялын төрөл байхгүй болсон, нөгөөтэйгүүр уг ялыг нэршил, агуулга, хэрэглэгдэх шинж чанарын хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялтай шууд адилтгах, дүйцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан ялын төрлийн шинжээс илүү хөнгөн ял болох торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаар магадлалд: “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, шүүгдэгч П.Бя-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 1.500 нэгжээр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ба-, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүгдэгч П.Бя-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                     Б.ЦОГТ

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН