Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-04
Тогтоолын дугаар 218
Хэргийн индекс 185/2016/0150/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч С.Оч-
Зүйл заалт 096.2.6, 098.1., 100.1.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С.Оч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Х.Батчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 406 дугаар магадлалтай 201525022551 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 232 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Тө овогт С.Оч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 98.2.8 дахь заалтад заасан “тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “Тарчлаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Оч-ийг өөрийн эхнэр Т.Ар-ийг зовоон тарчлааж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, эхнэр Т.Ар-ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, төрсөн хүү Т.Энхмэндийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дахь хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, уг хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар С.Оч-ийн үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар С.Оч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих хөнгөн ялын зарим болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар С.Оч-ийн цагдан хоригдсон 261 /хоёр зуун жаран нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Оч-иас нийт 11.964.600 /арван нэгэн сая есөн зуун жаран дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чулуунцэцэгт олгохоор, С.Оч-ийн насанд хүрээгүй хүүхэд 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн О.Энх-, 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн О.Эн- нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зохих журмын дагуу тогтоох асуудлыг Засаг дарга шийдвэрлэх хүртэл тэднийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чулуунцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Оч- түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэгийн  саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...С.Оч-ийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэргийн бүрэлдэхүүн нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, өөрөөр хэлбэл ...сэтгэцийн өвчтэй болгосон... гэж хуульчилжээ. Сэтгэцийн өвчтэй болгосон гэх ойлголт нь анагаах ухааны асуудал бөгөөд гэмт үйлдлийн улмаас сэтгэцийн өвчинтэй болгосон нь буюу сэтгэцийн өвчин нь гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой нь тогтоогдсон байх ёстой.

Давж заалдах шатны шүүхээс сэтгэцийн өвчин нь С.Оч-ийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой эсэхийг нь шүүх сэтгэц судлалын шинжилгээ хийлгэж тогтоолгох заалт бүхий магадлал гаргасан. Үүний дагуу 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 1118 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр сэтгэцийн эмгэг нь дан ганц нөхрийн дарамтаас үүссэн гэж үзэх үндэслэлгүй, Т.Ар-ийн бие нь сэтгэцийн өвчнөөс болж хүндрээгүй гэж дүгнэсэн байхад шүүх уг дүгнэлтийг үндэслэсэн нь шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлсэн гэж үзэж байна. Мөн гэрч Ба-гийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд хохирогч Т.Ар-т бамбайн хордлого өвчний шинж тэмдгүүд 2013 оны 03 дугаар сараас эхлэн тод илэрч гүнзгий хордлогод хүргэж хэвтэн эмчлүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн сэтгэцийн өвчтэй болгосон гэх асуудлыг тогтоохдоо сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр шалтгаант холбоо нь баттай тогтоогдсон байх, хэрэв сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлтээр шалтгаант холбоо нь тогтоогдсон гэж үзвэл гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу шинжээч томилж шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсны дараа хэргийн зүйлчлэлийг зөв тодорхойлж шийдвэрлэх ёстой.

Гэтэл сэтгэцийн өвчин нь С.Оч-ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдоогүй эргэлзээтэй, түүгээр ч барахгүй сэтгэцийн шинжээч шалтгаант холбоог үгүйсгэсэн байхад шүүх өөрийн дотоод итгэлээр гэмтлийн зэргийг тогтоож хэргийг зүйлчлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дахь заалтад зааснаар С.Оч-ийг ялласныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Хэрэг нотлогдсон. Хохирогч Т.Ар- нь С.Оч-тай суусан цагаасаа л эхлэн байнгын зодуур, нүдүүр, дарамтад байдаг байсан. Энэ нь хохирогчийн амьддаа С.Оч-иаас салах гэж шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, мөн өөрөө болон хүү О.Энх-ийг зодсон гэж 2015 оны 01 сард Цагдаагийн байгууллагад гаргаж байсан гомдол зэргээс, мөн хохирогчийн амьдралын түүхээс тодорхой харагддаг. Шинжээчийн дүгнэлтээр “сэтгэцийн өвчинд нөлөөлсөн, бамбай булчирхайн хордлоготой хэлбэр хэмээх архаг өвчинтэй болно” гэсэн бөгөөд үүнийг баталсан 5 шинжээчийн дүгнэлтээр гарсан 1118 тоот дүгнэлтэд “сэтгэл зүйн дарамт бамбай булчирхайн эмгэгийг сэдрээх хүчин зүйл болж болно” гэснээс үзэхэд хохирогч байнгын дарамтаас болж бамбай булчирхайн хордлоготой болсон, үүнээс сэтгэцийн өвчтэй болсон байна.

Энэ хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дахь заалтад хүндрүүлэх бүрэлдэхүүн нь 7 жилээс 10 жил хүртэл хорих ялтай харин 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.3, 2.7, 2.8 дахь заалтад заасан хэргийн хорих ял нь 5 жилээс 12 жил хүртэл бөгөөд доод хэмжээ нь багассан боловч дээд хэмжээ нь мөн ихэссэн байна. Шүүхээс 9 жилийн хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн гэм буруу, хор уршигт нь тохироогүй бөгөөд ялыг нэмж болохоор байгаа боловч шинэ хуульд заасан хорих ялыг дээш нь татаж хэрэглэхээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байгаа тул буцаан хэрэглэхгүйгээр зүйлчлэл болон ялыг хэвээр үлдээх саналтай байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар өөрчлөлт оруулах шаардлагагүй.

Харин С.Оч-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх бөгөөд хохирогч О.Энх-эд гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй тул өөр гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож ялыг хүчингүй болгох саналтай байна. Иймд биечлэн эдлэх ялыг 9 жилээр тогтоож уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх гэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч С.Оч- нь 2000 оноос 2015 оны 11 сар хүртэлх хугацаанд хамтран амьдрах цаг хугацааны туршид өөрийн эхнэр Т.Ар-ийг зодож дарамтлах, сэтгэл санаа болон бие махбодид нь зовиур шаналгаа учруулсан үйлдлийг байнга хэвшмэл байдлаар хийж, зовоон тарчлаасны улмаас түүнийг сэтгэцийн “Холимог диссоциатив эмгэг /хуваагдсан ухамсар/” өвчтэй болгосон, 2013 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27-р хороо, 27-р гудамжны 2403 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ эхнэр Т.Ар-ийг эр, эмийн хардалтын улмаас шанаадаж, түүний бие махбодид “зүүн хацар ясны зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2012 оны 11 сараас 2016 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд төрсөн хүү О.Энх-ийг байнга хэвшмэл байдлаар зодож тарчлаах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх С.Оч-ийг өөрийн эхнэр Т.Ар-ийг зовоон тарчлааж сэтгэцийн өвчтэй болгон түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, эхнэр Т.Ар-ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, төрсөн хүү О.Энх-ийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дахь заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар, уг хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

“Холимог диссоциатив” эмгэг буюу хуваагдсан ухамсар эмгэг нь стрессийн шалтгаанаар ихэвчлэн үүсдэг, төрөлхийн өвчин биш, удамшихгүй ба хүнээс халдварладаггүй байна. Харин бамбай булчирхайн эмгэг, хордлого зэрэг нь стресс, сэтгэл зүйн өвчлөлөөс шалтгаалан сэдэрч хүндрэх боломжтой байдгийг анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1118 тоот дүгнэлтээр баталж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл Т.Ар- нь бие махбодь, сэтгэл зүйн байнгын дарамт, гэр бүлийн хүчирхийллийн орчинд удаан жил амьдарснаас түүний биед бамбай булчирхайн эмгэг үүсэж хүндрэх, түүнчлэн “Холимог диссоциатив” эмгэг буюу хуваагдсан ухамсар эмгэг өвчтэй болоход хүргэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх тул “шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн” гэх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.   

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дахь заалтад заасан “тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул С.Оч-ийн үйлдсэн гэмт хэргийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.      

Түүнчлэн, шүүгдэгч С.Оч- өөрийн төрсөн хүү О.Энх-ийг байнга зодсон, тарчлаасан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/-ийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтооно.” гэж хуульчилсан байх тул С.Оч-ийн бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан дээрх гэмт хэрэгт оногдуулсан ял дээр хүүхдийг зодсон, тарчлаасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмэх ёстой.

Өөрөөр хэлбэл, өмнөх хуулийн хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэх тухай зохицуулалт үгүй болсон тул С.Оч-ийн үйлдсэн хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялуудыг бүгдийг нь  нэмж нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.     

Ял шийтгэлийг хүндрүүлж байгаа болон хүний эрх зүйн байдлыг ямар нэгэн байдлаар дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй талаарх эрүүгийн эрх зүйн нийтлэг зарчмын дагуу, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг С.Оч-ийн үйлдсэн гэмт хэрэг, түүний үйлдэлд буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ” гэж заасны дагуу С.Оч-т оногдуулсан хорих ялын дэглэмийг хуульд нийцүүлэн өөрчилж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 406 дугаар магадлалд: “2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оч-т оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Т.УРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН