Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-27
Тогтоолын дугаар 216
Хэргийн индекс 106/2014/1677/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч С.Г, Л.Б, Б.Г
Зүйл заалт 145.2.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С.Г, Л.Б, Б.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч Б.Ганзоригийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 442 дугаар магадлалтай, 201624000945 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, ял шийтгэлгүй, Б овогт С.Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ““Бүлэглэн, машин механизм ашиглан, орон байр агуулах саванд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, ял шийтгэлгүй, Б овогт Л.Б  нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ““Бүлэглэн, машин механизм ашиглан, орон байр агуулах саванд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, ял шийтгэлгүй, Д овогт Б.Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ““Бүлэглэн, машин механизм ашиглан, орон байр агуулах саванд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Г, Л.Б, Б.Г нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар С.Г, Л.Б, Б.Г нарыг эд хөрөнгө хураахгүйгээр, С.Г-г 2 жил 3 сар хорих, Л.Б, Б.Г нарыг тус бүр 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, С.Г, Л.Б, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Соната YF” маркийн 13-04 УНЭ улсын дугаартай автомашины үнэ болох 11.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Г, Л.Б, Б.Г нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 3.666.666 төгрөг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 442 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Г-т оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, Л.Б, Б.Г нарт тус бүр оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд С.Г-т хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Л.Б хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Б.Г хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, С.Г, Л.Б, Б.Г нар нь тус бүр 27 хоног цагдан хоригдсоныг дурдаж, тэднийг нэн даруй суллаж шийдвэрлэсэн болно.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан тээврийн хэрэгслийн үнийг 3 хувааж Б.Г-с 3.666.666 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор заасан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Б.Г нь тухайн шөнө харуулын үүрэг гүйцэтгэж байсан ба С.Г-ын  “гэрэл унтраачих, өөрөө бүрэн даана, мөнгө өгье” гэсэн саналыг хүлээн зөвшөөрч гэрэл унтраах байдлаар хамжиж гэмт үйлдэлд оролцсон байдаг. Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь С.Г-ын аав С.С-ийн өмч бөгөөд С.Г унаж ирээд шатахуун ачиж явсан. С.С нь автомашинаа гэмт үйлдэлд ашиглуулахаар хүүдээ шилжүүлж өгсөн байдал тогтоогдоогүй. Уг тээврийн хэрэгслийг хулгайн хэрэгт ашиглах талаар Б.Г С.Г-тэй тохиролцсон зүйл байхгүй болно. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад буюу 2016.11.19-ний өдөр автомашины өмчлөгч нь машинаа Д.Б-д 11 сая төгрөгөөр худалдаж шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод хураах тухай заалт байхгүй. Гэтэл шүүх тээврийн хэрэгслийг биш, тээврийн хэрэгслийн үнийг хуваан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын тээврийн хэрэгслийн үнийг хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв. Харин 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах тухай зохицуулалт байхгүй болсон тул хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч С.Г, Л.Б, Б.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө    “Соната YF” маркийн 13-04 УНЭ улсын дугаартай автомашин ашиглан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мэргэ ван” ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлах “ТС-1” шатахууны 2 дугаар савнаас 2051 литр агаарын хөлгийн түлш хулгайлж, 2.527.822 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч С.Г, Л.Б, Б.Г нарыг хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан ба давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заажээ.

Шүүгдэгч нарын агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглан 2051 литр агаарын хөлгийн түлш хулгайлсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан боловч энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилээс 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 2-оос 5 жил хүртэл хорих ялын хэмжээнээс хүнд буюу хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн байх тул шүүгдэгч С.Г, Л.Б, Б.Г нарын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.

Харин шүүх уг гэмт хэргийг санаачилж, гардан гүйцэтгэж, хууль бус орлого олсон шүүгдэгч С.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Соната YF” маркийн 13-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хураахгүйгээр, түүний үнэ 11.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг … үйлдэхэд хэрэглэсэн … тээврийн хэрэгслийг ... эд хөрөнгө хураах ялаас гадуур  заавал хураана.” гэсэн заалтын агуулгад нийцээгүйгээс гадна шүүгдэгч Л.Б, Б.Г нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээнд тохирохгүй байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу уг автомашиныг хурааж улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч С.Г нь 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Жинст богд” ХХК-иас 540.000 төгрөгийн зээл авахдаа “Соната YF” маркийн 13-04 УНЭ улсын дугаартай автомашиныг барьцаалж, автомашиныг эзэмших эрхийг “Жинст богд” ХХК-ний нэр дээр шилжүүлсний /хх-169/ дараа 2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө уг автомашиныг хэрэглэж “Мэргэ ван” ХХК-иас 2051 литр агаарын хөлгийн түлш хулгайлсан, улмаар энэ хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Жинст богд” ХХК-д хандаж зээлээ төлж барьцаанд тавьсан автомашиныг өөрийн эцэг А.С-ын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг гарган,  мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч С.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаалт өгөхдөө “13-04 УНЭ улсын дугаартай Соната-7 маркийн автомашин нь миний эд хөрөнгө биш, “Жинст богд” ХХК-ний эзэмшлийн автомашин. Тэр үед би түр зуур унаж хэрэглэж байсан юм” гэж мэдүүлснээс /1-р хх-101/ үзэхэд тэрээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслээ санаатайгаар бусдад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэв.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг ... үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасны дагуу шүүгдэгч С.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэж, өөрийн үзэмжээр захиран зарцуулж байсан “Соната YF” маркийн 13-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Соната YF” маркийн 13-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.Б-ын эзэмшилд шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч Д.Б нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч нараас тус бүр 3.666.666 төгрөг гаргуулсан 6 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоолын 7 дахь заалтаас “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Б-ын өмчлөлийн “Соната YF” маркийн 13-04 УНЭ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар иргэн Д.Б-ын нэр дээр эзэмших эрх нь бүртгэлтэй “Соната YF” маркийн 13-04 УНЭ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулж, мөнгийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгах газарт даалгасугай.

4.Шийтгэх тогтоолын “Шүүгдэгч С.Г, Л.Б нараас 3.666.666 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар С.Г-ын эзэмшлийн 13-97 УНӨ улсын дугаартай FOTON маркийн зуурмагийн автомашин, мөн Л.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 90/1 дүгээр байрны 304 тоот 2 өрөө орон сууц зэрэг мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэсэн 8 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ,

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН