Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-08
Тогтоолын дугаар 192
Хэргийн индекс 188/2017/0192/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч С.М
Зүйл заалт 096.1.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаар магадлалтай, 201726010106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.М-ийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С-ын М нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.М-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 02 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Л.Баярсайханы саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Давж заалдах шатны шүүх хуралдаанд намайг цахим сүлжээгээр оролцуулсан боловч өмгөөлөгч Л.Баярсайханыг оролцуулаагүйн дээр миний гаргасан гомдолтой холбоотойгоор ганц ч тайлбар аваагүй, өөрийгөө хамгаалж үг хэлэх боломж ч олголгүй миний хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн уг хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь авч үзэлгүй нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би болж байгаа үйл явдлыг хараад сэтгэл санаа минь маш их цочрон давчдаж тэднийг гэрээсээ хөөж гаргахаар Э.Б-ыг хутгатай гараараа түлхэхэд хутга түүний зүүн тал руу орсон байсан. Миний бие ослоос болж авсан хүнд гэмтлийн улмаас татаж унадаг болсон, зарим үед биеэ хянах чадваргүй болдог. Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаа бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстойгоо ойлгож байна. Гэвч уг гэмт хэрэг гарсан өдрөөс хойш одоог хүртэл тасралтгүй цагдан хоригдож байгаа тул хохирол төлбөрөө барагдуулах боломж байсангүй. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг дахин авч үзэж миний үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болон анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал зэргийг минь харгалзан үзэж надад оноосон ялыг хөнгөрүүлж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсье” гэжээ.

Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Л.Баярсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С.М нь хохирогч Э.Б-ын биед хүнд гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасны дагуу 5 жил 02 сарын хорих ял шийтгүүлсэн. Шүүгдэгчийн сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хохирогчийн биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг гарсан үеэс эхэлж хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүнчлэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил илрээгүй. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод Э.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн хажуу хэсэгт нэг удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүх С.М-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” тухай ойлголт нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана.

Санаа сэтгэлийн хүчтэй цочролт, давчдалт нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсч, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болохыг анхаарвал зохино.

Анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэхэд хохирогч Э.Б нь С.М-г санаа сэтгэлийн болон бие махбодийн хувьд түүнийг хутгалж, гэмтэл учруулахаар хэмжээнд хүргэх хууль бус үйлдэл гаргаагүй, харин маргаан үүссэн нөхцөл байдалд С.М нь уурлаж Э.Б-ыг хутгалсан нь түүний гэмт санаа төрөх үйл явцыг өдөөснөөс бус санаа сэтгэлийн хүчтэй цочрол давчдалд гэмт санаа төрөх шалтгаан болоогүй гэж үзнэ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулбал таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч С.М-ийн хувьд түүнд оногдуулах ял хүндэрч эрх зүйн байдал нь дордохоор байх тул шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.М-ийн “...Санаа сэтгэл минь маш их цочрон давчидсан, надад оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаар магадлалд “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.М-д оногдуулсан 5 жил 02 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН