Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-08
Тогтоолын дугаар 193
Хэргийн индекс 188/2017/0172/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч П.Б
Зүйл заалт 148.2.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

П.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 366 дугаар магадлалтай, 201626011217 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эмэгтэй, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 05 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт П-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-г давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 09 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн шүүхийн шийдвэр болон хяналтын журмаар гаргасан гомдлын талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч П.Б-гийн Б.Н-г залилсан үйлдэлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу түүнийг сэжигтнээр таталгүй шууд яллагдагчаар татаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Мөн П.Б-д холбогдох хэргийг түдгэлзүүлсэн байх хугацаанд түүнийг сэжигтнээр тооцсон болох нь 3 дугаар хавтаст хэргийн 19, 22 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сэргээсэн байдаг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удаа дараа ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгч П.Б-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болж байна. Шүүгдэгч П.Б нь 7 сартай жирэмсэн, биеийн байдал хүнд, ураг хөдлөхгүй нөхцөл байдалтай, цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлж байгаад хорих анги руу шилжсэн. Хүний орчлонд мэндлэхээр П.Б-гийн хэвлийд бойжиж буй ургийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим”-ын дагуу тэрээр тээж буй эхийн гэм бурууг давхар үүрэх үүрэг хүлээгээгүй бөгөөд эрүүл аюулгүй орчинд төрж, өсч бойжих эрхтэй билээ. Гэтэл түүний эх П.Б хорих ял эдэлснээс хойш түүний урагт сөрөг нөлөө үзүүлж байгаа нь эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байна. Энэ нь П.Б-гийн ургийн хувьд гэм буруугүй атлаа эрүүгийн хариуцлага хүлээж, “эрүүл, аюулгүй орчинд төрж, өсч бойжих” эрхээ эдлэх нь бүү хэл “амьд явах” эрхийг ноцтой зөрчих эрсдэл бүхий шийтгэх тогтоол, магадлал гарсанд харамсаж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгч П.Б-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудлын тухайд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн дагуу шүүгдэгч П.Б-гийн эдлэх ялаас дүйцүүлэн хассан тул ялыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч П.Б нь давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд “Ажил явдал гарсан, буяны ажилтай явж байна, Баянхонгор аймаг явах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна би таны өгсөн мөнгөн дээр нэмээд буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье, төлбөрийн мөнгийг данс руу чинь шилжүүлсэн валютын данс учир гүйлгээ нь уддаг юм удахгүй орно, би Зайсангийн П гэдэг дэлгүүр ажиллуулдаг хүний хүүхэд байна, манай ээж танайхаас бараа авдаг” гэх зэргээр нэр бүхий 17 хохирогчийн 4,112,000 төгрөгийг хуурч мэхлэн, тэдний итгэлийг эвдэх аргаар залилан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн П.Б-гийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон гэмт үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч П.Б-гийн тодорхой цаг хугацаанд нэг аргаар 17 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдыг залилан мэхэлсэн үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй тохирч байх бөгөөд оногдуулах ялын хэмжээ хүндрэхээр байх тул П.Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч П.Б-гийн биечлэн эдлэх хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар 09 хоногоор тогтоосон ажиллагаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаагаас гадна хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд гарснаараа хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заасан бөгөөд шүүгдэгч П.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Б нь урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, дахин энэ төрлийн гэмт хэргийг 17 удаагийн үйлдлээр үйлдсэн түүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч нар гомдол саналтай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын “...шүүгдэгч П.Б-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин хорих ял эдлүүлэх байгууллагын талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 366 дугаар магадлалд “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН