Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-27
Тогтоолын дугаар 211
Хэргийн индекс 142/2016/0195/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч С.Б
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар, Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 6 дугаар магадлалтай, С.Б-д холбогдох эрүүгийн 201620000083 дугаартай хэргийг шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, Ө.Нарантуяа, Э.Ганбат нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 1 сар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Номхон Ахар овогт Сайнбуянгийн Баярхүү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-г хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 128 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гээс 4.144.280 төгрөг гаргуулан хохирогч Н.Отгонтуяад олгож, нэхэмжлэлээс 9.118.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сар бүр гэм хор учруулсны төлбөрийг шүүгдэгч С.Б-гээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гийн эзэмшлийн 65-08 УВХ улсын дугаартай “Hyundai Grace” загварын автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг 4.144.280 төгрөгийн хохирол төлөхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуусах хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, Ө.Нарантуяа, Э.Ганбат нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар, Э.Ганбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… миний бие хүн амины гэмт хэрэг үйлдээгүй, энэ талаараа шүүх хурал дээр мэдүүлсэн. Гэтэл шат шатны шүүх мэдүүлгийг анхааралгүй гэрч Мөнхбатын зөрүүтэй, илт худал мэдүүлгийг үнэн зөв гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн. Мөнхбат цаг хугацаа, явсан маршрутаа олон янзаар зөрүүтэй мэдүүлсэн. Мөн талийгаачийг биеийн бусад шинэ гэмтэлд дүн шинжилгээ хийхгүйгээр, баримт болгосонд гомдолтой байна. Шархны хэмжээ, хутганы хэмжээтэй тохирохгүй байгаа, эд мөрийн баримтанд миний гарын хээ байхгүй зэргийг харгалзан үзэж хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар, Ө.Нарантуяа, Э.Ганбат нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1-д заасан шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, мөн шүүхийн дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэхгүй шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3-т заасан “онцгой ач холбогдол бүхий нотлох баримт /гэрч Мөнхбатын мэдүүлэг, хохирогч Отгонбаярын цээж рүү нэвтэрсэн шархны хэмжээ хутганы хэмжээтэй эрс зөрүүтэй гэх мэт баримтууд/ харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ магадлалд заагаагүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйцаар чухал ач холбогдолтой байж болох байдлыг энэ хэргийн хувьд хутганы хэмжээ, цээжний шарх, түүний сувгийн урт нь гэрч Мөнхбатын гэрчилснээр хураан авсан гэх хутганы хэмжээтэй эрс зөрүүтэй байгааг шүүх тодруулаагүй дахин харьцуулсан шинжилгээ хийлгүй шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан “Шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал мэтгэлцээний үндсэн дээр явуулах” зарчмыг шүүх хангаагүй. Шүүх гэрч Мөнхбатыг урьд хийгдсэн шүүх хуралдаанд оролцуулсан тул дахин оролцуулах шаардлагагүй гэж үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 47 дугаар зүйлийг илтэд зөрчиж өмгөөлүүлэх эрх, өмгөөлөгчийн мэтгэлцэх боломжийг боосон төдийгүй хэргийг эцэслэн шийдвэрлэх урьдчилсан төсөөлөлтэй байжээ гэж үзэхэд хүргэж байна. Гэрч Мөнхбат, Мөнхзул нарын мэдүүлгээр эд мөрийн баримтаар хураан авсан улаан алаг иштэй хутгаар хохирогчийн цээж, зүрхэнд учирсан шарх гэмтэл үүссэн байх боломжтой эсэх талаар асуулт тавьж дүгнэлт гаргуулаагүй. Гэтэл шинжээч эмч Одбаяр шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ тайлбарлахдаа би хэргийн материалтай танилцсан уг хутга нь 3.2 см өргөн бөгөөд цээжний шарх гэмтэл үүсэж болно гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд худал гэж үзэх үндэслэлтэй. Учир нь шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд анх удаа л дуудаж оролцуулсан бөгөөд шинжээчид шүүх хуралдаанд оролцохоос өмнө эд мөрийн баримтыг шинжлэн судлахаас өмнө хэргийн материалыг шинжүүлж шинжилгээ хийлгэх ажиллагаа огт хийгдээгүй болно. Шинжээч Одбаяр нь цогцост шинжилгээ хийхдээ цээжний зүүн урьд талд дээд хэсгийг шархнаас зүрхний хөндий рүү нэвтэрсэн шарх хүртэлх шархны сувгийн уртыг хэмжиж шинжлээгүйгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд ойролцоогоор сувгийн урт 10 см байх гэсэн. Цээжний арьсны шархнаас зүрхний хөндий дотор хана хүртэлх сувгийн уртыг тогтоох нь уг гэмтлийг учруулсан хутганы ажлын хэсгийн урт болон хутгалсан хутга мөн эсэхийг, баталж нотлоход ач холбогдолтой, шинжээч заавал тогтоох ёстой асуудал байсан. Баярхүүгээр “Тэмдэглэл” гэх бичгийг бичүүлж авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах шаардлагыг зөрчсөн. Промедол тарианы найрлагад мансууруулах үйлчилгээтэй бодис ордог бөгөөд тусгай жороор эмчийн заалтаар хэрэглэдэг эмийн бодис бөгөөд үйлчлэх хугацаа нь 4-6 цаг байдаг. Мөн уг тариаг согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд хэрэглэвэл мансууруулах үйлчлэл нь улам нэмэгдүүлдэг. Баярхүү нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00 цаг 10 минутад 0.34 хувь согтолттой байсан нь тогтоогдсон. Ийм үед “тэмдэглэл” гэх бичгийг бичүүлж авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан хууль бус арга хэрэглэхийг хориглоно гэснийг зөрчсөн. Иймд энэ ажиллагааг дутуу ор нэр төдий хийсэн бөгөөд дахин хийх шаардлагатай. Дээрх олон ажиллагааг хийгээгүй байхад шүүх гэрч Мөнхбатын удаа дараа өгсөн мэдүүлэг нь эргэлзээгүй үнэн гэж үнэлсэн нь нотлох ажиллагааг бүх үе шатны явцад ялангуяа мэдүүлгийг шалгахгүйгээр дүгнэлт хийжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаан шийдвэрлэнэ үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... гэрч Мөнхбатын мэдүүлгийн зөрөөтэй байдлыг болон бусад нотлох баримтыг үнэлүүлэх зорилгоор гэрчийг оруулах гэсэн боловч оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “мэтгэлцэх” зарчим алдагдсан. Гэрч Мөнхбатыг оролцуулснаар мэдүүлгийн зөрөөтэй байдал мөн түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа нь хуульд заасны дагуу хийгдсэн мэт боловч танин мэдэхүйн үүднээс хэрэгт ач холбогдол бүхий үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй. Шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг сав, суулгаар орлуулан зураг авсан ажиллагаа хийж, завилж сууж байгаад хохирогчийг хутгалсан гэж байсан боловч завилж суусан байрлал, хутганы чиглэл, хүний биед орох нөхцөл байдал нь цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр учирсан шархны чиглэл сувгийн урт зэрэг нөхцөл байдлыг үнэлэхэд боломжгүй байсан учир гэрчийг оролцуулах нь чухал. Шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хохирогчийн биед учирсан зүүн урд хэсгээс дээрээс доошоогоо, зүүнээс баруун чиглэлтэй зүрхний ховдол үүссэн харьцангуй урт байсныг шинжээч хэмжээгүй байсан. Дор хаяж 10 см урт гэж мэдүүлснийг тодруулаагүй. Эд мөрийн баримтаар хурааж авсан улаан алаг иштэй хутгийг шүүх хохирогчийн хувцастай харьцуулж үзсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Мөн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй харилцан зөрүүтэй нотлох баримтыг нэгийн нөгөөгөөс нь үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ нь өмгөөлөгчийн гаргасан нотлох баримтыг няцаасан үндэслэлээ тогтоолд тодорхой заагаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...  эд мөрийн баримтаар хураагдсан хутга хэрэг үйлдэгдсэн хутга биш гэж үзэж байна. Бусад зүйл дээр Э.Ганбат өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байгаа“ гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... шүүгдэгч С.Б- нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай нотолсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгчийг гэм буруутай тооцсон бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх үед 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах ялын хэмжээ багассан тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэх үндэслэл үүссэн байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүгдэгч С.Б- нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Түргэн сум, Эрдэнэхайрхан баг, Н.Мөнхбатын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи ууж байсан Б.Отгонбаяртай маргалдахдаа цээж рүү нь хутгалж “уушиг, үнхэлцэг хальс, зүрхний ховдол руу нэвтэрч үхэлд шууд хүргэсэн” гэмтэл учруулж санаатай алсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг бөгөөд анхан шатны шүүх тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 12 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг зөв ойлгож хэрэглэсэн гэж үзнэ.

Харин 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 10 жил хорих ял байсныг 8 жил болгож хөнгөрүүлэн тогтоожээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл мөн тул шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, урьд оногдуулсан ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч, ял эдлэх дэглэмийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинээр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Улсын дээд шүүх нь хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн үйл баримтыг шинээр тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх эрхгүй учир шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын “гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Мөн шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хяналтын шатны шүүхэд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх эрх хэмжээ олгогдоогүй тул хуульд заагаагүй  үндэслэлээр  гаргасан  шүүгдэгчийн  өмгөөлөгч С.Чулуунбаатар, Ө.Нарантуяа нарын гомдлыг хэлэлцээгүй орхисныг дурдвал зохино.

Үүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан “... гэрч Мөнхбатыг шүүх хуралдаанд оролцуулахгүй мэтгэлцэх зарчмыг алдагдуулж хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй гэрчийг оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний урьд өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд уншиж сонсгосон нь мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцогч өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, энэхүү нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын “... шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 6 дугаар магадлалд:

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 9 жил хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, С.Чулуунбаатар, Ө.Нарантуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   Т.УРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                         Б.ЦОГТ

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН