Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-13
Тогтоолын дугаар 198
Хэргийн индекс 240/2017/0032/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Х.Б, М.Б, С.Т
Зүйл заалт 096.2.1, 181.2.1, 181.2.5.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Х.Б, М.Б, С.Т

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Б.Энхбат, И.Олонмөнх,

шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч М.Батмөнх,

шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар магадлалтай, 201616000258 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Б.Энхбатын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Х-ын Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Н овогт С-ын Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт М-ын Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх заалтад зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Т, Х.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч С.Т, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж, М.Б-г танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х.Б-ыг догшин авирлаж, бүлэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.Т-ыг догшин авирлаж, бүлэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-г 7 жил 01 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 3 жил 01 сар хорих ял, шүүгдэгч С.Т-ыг 3 жил 01 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, С.Т нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т, Х.Б нарт оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, шүүгдэгч С.Т-ыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Б-ыг 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хохирогч Р.М нарын гомдол, улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн шүүхийн шийдвэр болон хяналтын журмаар гаргасан гомдлын талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Энхбат, М.Батмөнх, Б.Оюунтунгалаг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Б.Энхбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэл бүхий давж заалдах гомдлыг гаргасан. Үүнд, шинжээч эмч С.Ш-ийн гаргасан 594 дугаартай дүгнэлт болон шинжээч томилох тухай тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байхад нотлох баримтаар үнэлсэн. М.Б-г хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэх гол үндэслэл болсон шүүгдэгч Х.Б, С.Т нарын мэдүүлгийг анхан шатны шүүх өөр өөр байдлаар ойлгож, эргэлзээтэй байдлаар дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, С.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж ял оногдуулснаас үзэхэд Х.Б, С.Т нарын мэдүүлгийг үнэн гэж үзээгүй байна. Гэтэл миний үйлчлүүлэгч М.Б-д ял оногдуулахдаа тэдний мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээллийг үнэн гэж үзэн дүгнэлтийн үндэслэл болгосон нь хэрэгт авагдсан нэг агуулгатай баримтыг шүүх өөр өөр утгаар ойлгож хэрэглэсэн. Шүүх хуралдаанд хохирогч Р.М нь өөрийн биед хүнд гэмтэл учруулсан байж болох цээж хэсэгт нь цохьсон хүнийг С.Т гэж нэр заан мэдүүлсэн. Гэвч энэ байдлыг шүүх дүгнэлт болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс шалтгаалан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж мэтгэлцсэн. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн нөхцөл байдлуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэт нэг талыг барьж мэдүүлгийг үнэлэхдээ Х.Б, С.Т нарын мэдүүлгийн зөрүүг анхаарч үзээгүй. Нэг үгээр хэлэхэд М.Б-н мэдүүлэг зөрсөн гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгчид ял оногдуулж байгаа нь шударга бус, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Нотлох баримт бүрдүүлэхдээ зөвхөн Х.Б, С.Т нарын мэдүүлгийг батлах нотлох агуулгатай баримтуудыг цуглуулсан. Магадлалд “өмгөөлөгч Б.Энхбат нь гомдолдоо “Т нь хохирогчийг баруун гар талаараа хэвтэж байхад нүүр, толгой, нүүрээ хамгаалаад байсан гар, мөр хэсэгт өшиглөж байсан тул арга буюу нэг хөлөөс нь барьж авсан тухайгаа тодорхой тайлбарлан хэлсэн” гэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлд оруулсан өөрчлөлтөд энэ үйл баримт тусгагдаагүй байна” гэжээ. Гэвч миний давж заалдах гомдолд дурдагдсан утга бол шүүх хуралдааны тэмдэглэлд оруулсан өөрчлөлтөд “таны цээж хэсэгт хэн цохиж хүнд гэмтэл учруулсан байж болох вэ?” гэх асуултад хохирогч “Т цохьсон” гэж хариулсан тухай тэмдэглэгдсэн. Харин гар, мөр хэсэгт шар гуталтай хүн /С.Т/ өшиглөөд байсан. Би гутлыг нь барьж авсан гэх агуулгатай мэдүүлгүүдээ шүүх хуралдаанд өгсөн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн өмнөх мэдүүлэг, хариултууддаа тусгасан тухай бичсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч М.Батмөнх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэж байх тул тухайн хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Б, М.Б, С.Т нар нь бүлэглэн танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээгүйгээс зарим шүүгдэгч нарын хувьд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээрээ буюу сэтгэл санаагаараа нэгдсэн болох нь хэргийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан гомдлыг үндэслэн Х.Б, М.Б, С.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Х.Б, М.Б, С.Т нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, танхайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Зүүн сайханы 1 дүгээр гудамжинд иргэн Р.М-ийг зодож, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч М.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч С.Т, Х.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалт болгон өөрчилж хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болон улсын яллагчийн яллаж буй нотлох баримтууд хэрхэн үгүйсгэгдэн няцаагдаж байгаа үндэслэлээ тодорхой заалгүйгээр шүүгдэгч нарт урьд сонсгосон ялыг хөнгөрүүлж өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байна.

Тухайлбал, М.Б, С.Т, Х.Б нарын үйлдэл, хохирогчийн биед учирсан хүнд зэргийн гэмтэл, тэдгээрийн шалтгаант холбоог тогтоохдоо тэдний болон хохирогч Р.М, шинжээч эмчийн мэдүүлэг, дүгнэлт зэрэгт үндэслэсэн байх боловч эдгээр нотлох баримтууд хэргийн үйл баримттай хэрхэн холбогдож, улмаар яллах дүгнэлтээр шилжүүлсэн хэргийн зүйл, хэсэг хэрхэн үгүйсгэгдэж эсхүл батлагдаж байгааг дүгнэж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлага, нотлох баримтыг шалгаж үнэлэх аргачлал зарчмыг хангаагүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2 дахь заалтад заасан зөрчил гэж үзэх үндэслэл болно.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул Х.Б, М.Б, С.Т нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 204 дүгээр шүүгчийн захирамжаар шүүгдэгч М.Б-н биечлэн эдлэх хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд дүйцүүлэн хассан нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус тул уг захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Х.Б, М.Б, С.Т нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 204 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Б, С.Т нарт хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                      ДАРГАЛАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН