Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-27
Тогтоолын дугаар 213
Хэргийн индекс 142/2016/0195/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Ц.М, Д.Г, Д.Т
Зүйл заалт 096.1., 181.2.1, 181.2.5.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Ц.М, Д.Г, Д.Тнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 473 дугаар магадлалтай, Ц.М, Д.Г, Д.Тнарт холбогдох эрүүгийн 201625014110 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуутан овогт Цэгмэдийн Мягмарбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Даваацэрэнгийн Ганбаатар нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан “Бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Даваацэрэнгийн Тунгалаг нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан “Бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан, Д.Г, Д.Тнарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мт 5 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Д.Г, Д.Тнарт 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, Ц.Мт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Д.Гт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Д.Тунгалагт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийтгэж, Ц.Мын цагдан хоригдсон 3 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцож, Д.Г, Д.Тнар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бейсболын цохиур модыг тогтоол хүчин төгөлдөр  болмогц устгаж, шүүгдэгч Д.Г, Д.Тунгалаг, Ц.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Д.Г нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Д.Тунгалагт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Гт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах”-аар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Мт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, С.Батболд, Э.Ганбат, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Дамба нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… тухайн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад батлагдсан шинэ Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байх тул хуулийг буцаан хэрэглэж өгнө үү. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхийг хүсч байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, мөн тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял шийтгэж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Харин 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мын эрх зүйн байдал дээрдэж байх тул хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх Ц.М, Д.Г, Д.Тнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г, Д.Тнар нь бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Ибиза” шөнийн цэнгээний газар согтуурхаж, үйлчилгээний цаг дууссан гэсэн баарны ажилтан нартай маргалдаж, улмаар зохион байгуулагч Ц.Мыг цохих, маажих зэргээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Ц.М нь зодуулсан гэх шалтгаанаар хохирогч Д.Гын толгой руу бейсболын цохиур модоор цохиж биед нь “тархины баруун, зүүн болон шугаман хугарал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно. 

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Мт тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний буюу 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Г, Д.Тнар тус бүрт 2002 оны Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-д  зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг мөрдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах ялд торгох ялыг шинээр нэмж, хорих ялын доод хэмжээг урьд байснаас багасгаж тогтоожээ.

Энэ нь шинээр дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх үндэслэлд хамаарах тул мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Ц.Мт урьд оногдуулсан хорих ялыг шинээр тогтоосон ялын хэмжээнд нийцүүлэн хасч өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 3 жилийн хорих ял байсныг 1 жил хорих ял болж хөнгөрсөн боловч шүүгдэгч Д.Гт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, шүүгдэгч Д.Тунгалагт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар журамласан байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар ял оногдуулахгүйгээр тодорхой үүрэг хүлээлгэж хянан харгалзах хугацааг тогтоож, уг хугацаа дуусмагц прокурорын дүгнэлтээр шүүх ял оногдуулах эсэхийг дахин шийдвэрлэж байхаар өөрчилжээ.

Түүнчлэн шинэ Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах журамд шүүгдэгч Д.Тунгалагийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт шинээр нэмэгдээгүй тул шийтгэх тогтоол, магадлалын тэдгээрт холбогдох заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Харин шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг болно.

Шүүгдэгч Ц.Мын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой тул шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Э.Ганбатын “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 473 дугаар магадлалд “шүүгдэгч Ц.Мт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Э.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                      Б.ЦОГТ 

                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН