Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-15
Тогтоолын дугаар 204
Хэргийн индекс 144/2017/0014/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч С.М
Зүйл заалт 091.2.2
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

хохирогч И.Б,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар магадлалтай, 201616010133 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хохирогч И.Б, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаатай албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт С-ын М нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч С.М-г хүнийг танхайн сэдэлтээр санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар С.М-г 16 жил хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч И.Б-ын “хэргийг мөрдөн байцаалтад буцаах”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ц.Баярмаа, Ч.Сайнжаргал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь заалтад гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоохыг хуульчилж өгсөн. Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг авч үзвэл С.М нь найзыгаа өмөөрсөн, дээрээс нь архи унагалаа гэх хувийн сэдэлтээр хохирогчтой хувийн ашиг сонирхлын зөрчилдөөн үүссэн нь тодорхой байсаар атал шүүх танхайн сэдэлтээр хүний амь насыг хохироосон гэж зөрүүтэй байдлаар дүгнэсэн. Иймд энэхүү нөхцөл байдлыг анхааран үзнэ үү. Танхайн сэдэлт гэдгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг болсон хэргийн нөхцөл байдалтай уялдуулан үзэхэд С.М-ийн хувьд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, хэрэг учрал болох үед дэлгүүр хэвийн ажиллаж, иргэдэд үйлчилж байсан. Мөн хэн нэгнийг шаардлага тавихад эсэргүүцсэн, өөрийгөө бусдын анхаарлын төвд байлгах гэсэн үйлдэл байхгүй, орчны хүмүүсийг айлган сүрдүүлж түгшээх, жигшил дургүйцлийг төрүүлэх зэргээр хэрцгий догшин авирлан нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдэл гаргаагүй болно. Энэ нь гэрч нарын мэдүүлгээс тодорхой харагдана. Тэгэхээр танхайн сэдэлтээр бусдын амь насыг хохироогоогүй болохыг шүүн тунгааж, С.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шинэ хууль үйлчилж эхлэхээс өмнө хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргасан. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдсэн, тодруулбал танхайн сэдэлт гэх ойлголт шинэ Эрүүгийн хуульд байхгүй болсон учраас хуулийг буцаан хэрэглэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн шүүгдэгч С.М нь тухайн гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлснийг харгалзан үзнэ үү” гэв.

Хохирогч И.Б, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Шүүх “шүүгдэгч С.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж арилгасан, анх удаа ял шийтгэгдэж байгаа, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” гэж үзэн хорих ял оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүдийг илүүтэйгээр анхааран үзсэн бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх хуулийн дагуу байна хэмээн дүгнэж байгаад маш их гомдолтой байна. Миний хүү “шил архи газарт унагалаа” гэдэг шалтагийн улмаас С.М-ийн гарт амь үрэгдсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх оршуулгын зардлыг төлж, шүүх хуралдаан дээр уучлал гуйж байгаа нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна гэж үзэж байгаа нь үнэхээр гомдол төрүүлмээр байна. Миний хүүг ийм харгис хэрцгийгээр ганц хутгалаад амь насыг нь хохироосон этгээд ийм цөөхөн жил хоригдон гарч ирэхэд миний хүү босоод ирэхгүй гэдгийг та бүхэн ойлгож, үйлдсэн хэргийнх нь хүнд хор уршиг, эргэн нөхөн төлөгдөх боломж нөхцөл байхгүйг анхаарч ял шийтгэлийг дээд хэмжээгээр оноож өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.М нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, учирсан хор хохирлыг арилгасан гэж дүгнэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 16 жил хорих ял оногдуулсан. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 15-25 жилийн хорих ял оногдуулах боломжтой боловч шүүх 16 жилийн хорих ял оноосон нь хөнгөдсөн гэж үзэж байна. Шүүгдэгч өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэгдэж байсан. Шүүх хэдийгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан гэж дүгнэдэг боловч үнэндээ хүний амь насыг юугаар ч сольж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Мөн шүүх шүүгдэгчийг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн гэж тайлбарладаг боловч шүүгдэгчийн ар гэрийн зүгээс оршуулгын зардалд 10,970,000 төгрөг өгчихөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар холбоо барьж, уучлалт гуйгаагүй зэргээс харахад чин санаанаасаа гэмшсэн гэж үзэх боломжгүй байгааг анхаарч үзнэ үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.М-ийн хувьд танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон бөгөөд мөрдөн байцаалтын болон хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэрэг, танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдэх гэсэн ойлголт байхгүй болсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, С.М-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч С.М нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар “Баялаг говь” хүнсний дэлгүүрт Б.Ж-тэй архи унагалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний баруун гуянд хутгалж танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэдэг боловч уг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль мөрдөгдөж эхэлсэн тохиолдолд “хууль буцаан хэрэглэх” зарчим үйлчилдэг бөгөөд энэ зарчим 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэсэн шинж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиас хасагдсан бөгөөд С.М-ийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжгүйгээр “Хүнийг алах” гэмт хэргийн зүйл, хэсэгтэй тохирч байх тул уг зүйл, хэсэгт зааснаар хорих ялыг нийцүүлэн хасах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар магадлалд:

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Танхайн сэдэлтээр” гэснийг хүчингүй болгож, С.М-ийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 11 /арван нэг/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.М-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч И.Б, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН