Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-04
Тогтоолын дугаар 221
Хэргийн индекс 142/2016/0195/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Д.У, Ч.О, Ө.Г
Зүйл заалт 150.3., 268.2.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.У, Ч.О, Ө.Гнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Ч.О, Ө.Гандолгор,

хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 408 дугаар магадлалтай, Д.У, Ч.О, Ө.Гнарт холбогдох эрүүгийн 2014260001737 дугаартай хэргийг шүүгдэгч Ч.О, хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарсайхан нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Эрчим овогт Дугаржавын Урансүрэн нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль авах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Булгадар овогт Чойнжуурын Оюун нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завших” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Амарсайхан овогт Өлзийбуянгийн Гандолгор нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завших” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Уг давтан үйлдлээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан, Ч.Оыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан, Ө.Гандолгорыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшихад хамжигчаар оролцон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уд 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Од 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гандолгорт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ч.О, Ө.Гнарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Д.Уд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 53 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Ч.О, Ө.Гнар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч байгууллагад Ч.О 11.050.000 төгрөг, Ө.Г6.050.000 төгрөгийг төлсөн, Д.У бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Оаас 5.651.776 төгрөг гаргуулж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт олгох, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д.Угээс 1.170.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах”-аар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Уд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Д.Уд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын Ч.О, Ө.Гнарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.О болон шүүгдэгч Ө.Гандолгорын өмгөөлөгч Ч.Энхтүвшин нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнхбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… Нийслэлийн мал эмнэлгийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд Монголын Үндэсний Аудитын Газрын захиалгаар /өөрөөр хэлбэл төрийн захиалгаар/ 2011 онд аудит хийсэн дүгнэлт, 2013 онд ХХААҮЯамны дотоод хяналтын газраас 2011, 2012 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн дүгнэлт зэрэгт мөнгө төгрөгийн зөрчил дутагдал гараагүй. Гэтэл яагаад доорх нэр бүхий байгууллагуудын шалгалтаар 20 гаруй сая төгрөгийн дутагдал гараад байгаа шалтгааныг би дараах байдлаар ойлгож байна. Үүнд: 2012 оны 12 дугаар сард Д.У даргын тушаалаар хийгдсэн байгууллагын дотоод аудитаар 10.701.523 төгрөгийн дутагдал илэрсэн нь дотоод аудитын мэргэжилтэн П.Дэмбэрэлням, нярав Ө.Гандолгор, эм зүйч нярав Б.Оюунцэцэг, эмч Б.Наранчимэг нарын даргынхаа даалгавраар үйлдсэн санхүүгийн анхны хуурамч баримт. Дараа нь Үндэсний Аудитын газраас хуваарийн дагуу ирсэн “Акпар” аудит компанийн дүгнэлтэд Д.У дарга байхдаа мэдээлэл, тайлбар өгч, байгууллагын дотоод аудитаар зохиож гаргасан 10.701.523 төгрөгийн дутагдлаа баталгаажуулсан “Акпар” аудит буюу Х.Баянбайн бичсэн дүгнэлтийн дагуу Нийслэлийн аудитын газраас гаргасан 5.701.523 төгрөгийн акт Д.У даргын захиалгаар 2012 оны 12 дугаар сард хийгдсэн “Ординат” аудитын дүгнэлтээр гарсан 12.050.253 төгрөгийн дутагдал. Энэ нь эмч нарын хийсэн тайланг харилцах дансаар орсон шинжилгээний орлоготой харьцуулахад мөн л нөгөө орлогыг тодорхойлох тайлан гаргаад байгаа Б.Наранчимэг гэдэг эмчийн хийсэн тайлангийн үед зөрөөд бусад эмч нарын тайлангаар зөрөөгүй байгаа нь эргэлзээтэй. Нийслэлийн мал эмнэлэгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяагийн хүсэлт захиалгаар 2014 онд хийгдсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын актууд /тус газрын улсын ахлах байцаагч гэх Н.Лонжид нь А.Нарантуяа даргатай үгсэн хуйвалдсан/ зэргээр зөрчил дутагдалтай гараад байгаа нь эрх мэдэл бүхий хүмүүс хяналт шалгалтын байгууллагуудыг яаж хувийн эрх ашиг сонирхолдоо ашигладгийг харуулж байна. Шинжилгээний орлогын тайланг эмч П.Бямбасүрэн, Н.Жавхлан, Р.Отгон нар хийж байсан бөгөөд тэд бүгдээрээ тайланг үнэн зөв үйлдсэн тухайгаа мэдүүлсэн байдаг. Зөрүүтэй тайланг дахин үйлдээд нярав Ө.Гандолгорыг 2012 онд эмнэлэгт хэвтэж байхад нь гарын үсэг зуруулаад явж байсан гэх Б.Наранчимэгийн мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй. Түүний хийсэн тайлангийн үнэн зөв эсэхийг анхан шатны баримттай нь тулган шалгасан нэг ч аудит байхгүй бөгөөд энэ хүний хийсэн хуурамч тайлангийн орлогын дүнгээр Нийслэлийн мал эмнэлэгийн газарт орвол зохих орлогыг тодорхойлж дутагдал үүсгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Орлогыг нэмэгдүүлж дутагдал үүсгэх аргыг анх Нийслэлийн мал эмнэлэгийн газрын нягтлангаар 1990 оноос 2009 он хүртэл ажиллаж байгаад дарга болсон Д.У сэдэж түүний удирдлага дор түүний шахалт зааврын дагуу байгууллагын дотоод аудит хариуцсан мэргэжилтэн П.Дэмбэрэлням, Б.Наранчимэг, Д.Лхамноржим, Ө.Гнар бүлэглэн үйлдсэнийг тогтоохыг хүсэхгүй байна. Нярав Ө.Гнь өөрт ирэх хор уршгийг үл ухамсарлан Д.Утэй үгсэн миний эсрэг мэдүүлэг өгч байна. Ө.Гнь дутагдалд тааруулан хар дэвтэрийн хуулга үйлдэж өгснөөр намайг дээрх дутагдлыг хувьдаа завшсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Мөн Урансүрэн нь Д.Лхамноржим эмчээр дамжуулан нярав Б.Оюунцэцэгт нөлөөлж миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Д.У нь өөрийн эрх ашгийн үүднээс Ч.Оыг гүтгэж хуурамч бичиг баримт, тушаал, хурлын тэмдэглэл үйлдэж, дараа нь өр төлбөрт оруулахаар дахин санхүүгийн баримт үйлдсэнээ илэрхийлж удаа дараагийн шүүх хурлууд дээр Оюун надад өс санаж гүтгэж байна гэж мэдүүлдэг. Урансүрэнгийн авлига авсныг би анх илчлээгүй, өгөгч талууд илчилснээр Оюун нь Урансүрэнд өс санасан эсэх нь нотлогдоно. Хэрвээ би өс санасан бол Батгогтохын надаар дамжуулж 1.000.000 төгрөг өгсөн гэх үйлдэлд дамжуулаагүй тухай үнэнийг хэлэхгүй байсан. Мөн Оюуны хүн чанар ямар дээд, эрхэм болохыг өнөөдрийг хүртэлх миний хохирлоор тодорхойлогдоно. Эрүүгийн хэрэг гээд үүсгэж шалгаад байгаа мөртлөө өөрийгөө буруутгахгүй гэсэн хүмүүсийн бүрдүүлж, цуглуулж өгсөн материалаас халихгүй, хохироод байгаа гэх байгууллагын бодит байдалд дүн шинжилгээ хийхгүй, тус газрын баримт бичгүүд, санхүүгийн анхан шатны баримт, дансны хуулгад шинжилгээ хийж шалгаж хавтаст хэрэгт авахгүй байгаа нь энэ хэргийн хуурамч болохыг аль эрт мэдэрчээ гэж ойлгогдохоор байна. Би л үүнийг нь ойлгохгүй үнэнчээр шалгуулчих санаатай их зүтгэлээ. Иймд Ч.О миний бие Нийслэлийн мал эмнэлгийн газарт нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй учир удирдлагуудын ашиг сонирхолоор хуурамчаар үүсгэсэн дутагдал, хуйвалдааныг таслан зогсоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт зааснаар илт үндэслэлгүйгээр Д.Уд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Д.У нь өөрийн удирдлагад байгаа ажилтандаа үүрэг даалгавар өгч орлогыг бууруулж тайланг багасгаж гаргуулдаг. Тэр гаргасан мөнгөө бэлнээр нягтлан бодогч Ч.Оаар кассын нярав Ө.Гандолгороос бэлнээр нь авч ашигласан талаар тогтвортой мэдүүлдэг. Хэргийг шалгах үед Д.Уг Эрүүгийн хуулийн 150, 263, 272 дугаар зүйлээр зүйлчлэн шалгасан. Д.У нь албан тушаал эрх мэдлээрээ далайлган авсан мөнгөндөө гарын үсэг зурж байгаагүйн улмаас дээрх зүйл ангиуд нотлогдоогүй гэж өөрчлөгдсөөр Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлээр зүйлчлэн шалгах үед прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дуусч дээрх зүйл ангиуд бүгд байхгүй болсон. Энэ мөнгө уг нь улсын мөнгө байсан. Д.У нь хясан боогдуулах замаар хээл хахууль шан харамж авч байж ажилд авсан өөрөөр хэлбэл хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд орж Б.Гандолгор, П.Бямбасүрэн нар хээл хахууль өгч ажилд орсон. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт Ө.Гандолгор, П.Бямбасүрэн нарын мэдүүлгээр хангалтай нотлогдож байгаа. Эдгээр хүмүүс үнэнээ хэлсэн ял шийтгэл өгөхдөө харгалзан хөнгөн шийтгэл оноож өгнө үү гэсэн. Гэтэл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Д.Угийн төрсөн дүү Д.Сэлэнгэ, мөн хахууль зуучилсан этгээд Д.Лхамноржин нарын мэдүүлгийг үнэлээгүй гэж үзэж цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Угийн үйлдэлд зөв үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Тухайн шийтгэх тогтоол нь хууль зүйн дагуу үндэслэлтэй гарсан. Иймд давж заалдах шатны шүүх магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Ө.Гандолгорын авилгал өгсөн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тухайн асуудалд давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иймд магадлалын Д.Уд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 болон мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ч.О, Ө.Гнарт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Уд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин шүүгдэгч Ч.О, Ө.Гнар нь байгууллагын хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байх үедээ их хэмжээний хөрөнгө завшсан болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгч Ч.О, Ө.Гнарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ багассан. Иймд хяналтын шатны шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.          

Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бодит байдлаас зөрүүтэй тогтоож, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Д.У нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж давтан үйлдлээр буюу иргэн П.Бямбасүрэнгээс 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины мах хахууль болгон авч дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд, иргэн Ө.Гандолгороос Ч.Оаар дамжуулж 1 сая төгрөгийн хахууль авч нярвын ажилд тус тус томилсон болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх нь ямар зорилгоор Д.Уд хахууль өгсөн тухай тогтвортой мэдүүлсэн П.Бямбасүрэн, Ө.Гнарын мэдүүлэг, хахууль зуучилсан тухайгаа мэдүүлсэн Ч.Оы мэдүүлэг болон Ө.Гандолгорыг хахууль өгч ажилд орсон болохыг баттай сайн мэдсэнээ гэрчилсэн Б.Сэндэрьяа, Б.Баттунгалаг нарын эх сурвалжаа заасан мэдүүлэгт үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг “таамаглалд үндэслэсэн” хэмээн дүгнэж, улмаар анхан шатны шүүхийн үгүйсгэж няцаасан нотлох баримт болох гэрч Д.Сэлэнгэ, Д.Лхамноржин нарын мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Д.Уд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь давж заалдах шатны шүүх нь тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.3 дахь хэсэгт заасан “анхан шатны шүүхээр тогтоогдоогүй байдал буюу үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоолд өөрчлөлт оруулах эрхгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэснийг тус тус зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийн зүйл, заалт, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалын Д.Уд холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд хяналтын шатны шүүхэд хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарсайханы гаргасан “давж заалдах шатны шүүх Д.Уд холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” гэх гомдол үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Ч.О нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү, аж ахуйн албаны даргаар, шүүгдэгч Ө.Гнь мөн газрын кассын нярваар ажиллаж байхдаа тус газрын урьдчилан сэргийлэх үйлчилгээний 2011 оны орлогоос 12.050.253 төгрөг, 2012 оны орлогоос 10.701.523 төгрөгийг тус тус завшиж, нийт 22.751.776 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэж үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай бүрэн нийцжээ.

Шүүх шүүгдэгч Ч.О, Ө.Гнарт тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Оы хээл хахууль зуучилсан хэргийг, шүүгдэгч Ө.Гболон П.Бямбасүрэн нарын хээл хахууль өгсөн гэх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй. 

Мөрдөн байцаалтаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.  

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг болно.

2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт хөрөнгө хурааж таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үед 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жил гэж хорих ялын доод, дээд хэмжээг урьд байснаас багасгаж тогтоожээ.

Мөн тухайн гэмт хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хахууль авсан гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсон байна.

Энэхүү нөхцөл байдлууд нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” хуулийг буцаан хэрэглэх үндэслэл мөн тул Д.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Угийн урьд шийтгүүлсэн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч, хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Харин 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буцаан хэрэглэх тухай хууль зүйн ойлголт байхгүй тул шүүгдэгч Ч.О, Ө.Гнарт хууль буцаан хэрэглэвэл тэдний эрх зүйн байдлыг дордуулна гэж үзсэн болно.

Анхан шатны шүүх Ч.О, Ө.Гнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв ойлгож хэрэглэсэн тул “гэмт хэрэг үйлдээгүй” гэх шүүгдэгч Ч.Оы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 408 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолд “шүүгдэгч Д.Уд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Оы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Т.УРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                      Б.ЦОГТ