Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-04
Тогтоолын дугаар 222
Хэргийн индекс 142/2016/0195/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Б.С
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, П.Батжаргал,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр магадлалтай, Б.С-д холбогдох эрүүгийн 201609000635 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, Ө.Өлзиймаа, П.Батжаргал нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Түмт овогт Бадамцэдэнгийн Санчирсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 176 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гийн хувьд ногдох хөрөнгөөс 5.371.566 төгрөг гаргуулж хохирогч Р.Гантөмөрт олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Б.С-гийн эзэмшлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцуулахаар шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, П.Батжаргал, хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, П.Батжаргал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... талийгаач Р.Бямбасүрэн нь гадны нөлөөтэйгээр давсагны урагдал задралын улмаас хурц цус алдалт шокоор нас барсан нь шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсонд боловч Б.С-гийн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан гэх нотлох баримт хэрэгт хангалттай тогтоогдоогүй. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Б.С-, Р.Бямбасүрэн нарын хооронд болсон үйл явдлыг харсан гэрч Р.Мөнхцэцэг, Д.Нямсүрэн, Б.Мэндбаяр нарын мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байдлаар хэрэгт авагдсан. Талийгаач Р.Бямбасүрэнг Б.С- эхлээд цохиж унагаахдаа толгой, нүүр хавьцаа нь цохиж унагаасан нь хөдлөшгүй тогтоогдож байх бөгөөд харин “талийгаачийг газар унасных нь дараа гэдэс хавьцаа нь өшиглөсөн” гэх гэрч Б.Мэндбаярын мэдүүлэг нь гэрч Д.Нямсүрэнгийн “газар унасны дараа толгой руу нь өшиглөсөн” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд шүүх гэм буруутай нь хангалттай тогтоогдоогүй байхад ял халдааж хууль буруу хэрэглэсэн, шүүгдэгч Б.С- нь талийгаач Р.Бямбасүрэнгийн давсаг руу өшиглөж улмаар түүний амь насыг хохироох шалтгаан нөхцөлд хүргэсэн гэх байдал хөндлөнгийн гэрч Нямсүрэнгийн мэдүүлгээр үгүйсгэгдэж хангалттай тогтоогдоогүй тул Б.С-г гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хяналтын шатны шүүхээс хүсэхэд шүүгдэгч Б.С- нь тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэхийг нэг мөр тогтоолгомоор байна. Хэрвээ хяналтын шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл 2015 онд батлагдсан шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн гомдол гаргасан. Шүүгдэгч нь тухайн зодоонд гэмт халдлагыг таслан зогсоох зорилгоор оролцсон болох нь хэрэгт цугларсан материалууд болон шүүгдэгчийн эхнэрийн мэдүүлэг зэргээс тодорхой харагддаг. Мөн байцаан шийтгэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-д заасан гэмт хэргийн санаа сэдэлтийг заавал тогтоосон байна гэсэн заалтыг зөрчсөн. Мөн мөрдөн байцаалтын шатанд Санчирсүрэнг эхлээд сэжигтнээр байцаасан атлаа дараа нь гэрчээр байцаасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн гэж үзэж байна. Хохирогчийн давсаг нь цохилтын улмаас уу, эсвэл унасны улмаас хагарсан уу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож чадсан зүйл байхгүй. Хэрэг гарснаас хойш хохирол төлбөр бүрэн барагдсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “... хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч нь хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхой харагдаж байна. Шүүгдэгчийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ багассан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.С- нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах “Эзэнт гүрэн” зоогийн газрын гадаа хохирогч Р.Бямбасүрэнг зодож давсагны задрал бүхий хүнд гэмтэл учруулж санаатай алсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэдэг бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.С-г тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг мөрдөж эхэлсэн бөгөөд шүүгдэгч Б.С-гийн үйлдэл нь уг хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг 8 жил гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаас багасгаж тогтоожээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” гэх хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарах учир мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг шинээр батлагдсан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож, урьд оногдуулсан ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч, хорих ял эдлэх дэглэмийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинээр тогтоох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөрдөн байцаагч нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүх арга хэмжээг авч гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нотлох үүрэгтэй болно.

Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор хохирогчтой хамгийн сүүлд уулзсан, маргалдаж зодолдсон гэх этгээдүүдэд хууль сануулан гэрчээр байцааж, улмаар өөрийнх нь болон бусад гэрч нарын мэдүүлэгт үндэслэн Б.С-г сэжигтнээр тооцсон нь оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэхгүй тул шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, П.Батжаргал нарын “анх хууль сануулж гэрчээр байцаасны дараа сэжигтнээр байцааж хууль зөрчсөн” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх “гэрч” Б.С-гийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн үйл баримтыг шинээр тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх эрхгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, Ө.Өлзиймаа нарын “гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй” гэх, өмгөөлөгч “Санчирсүрэнгийн  өшиглөсөн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан обьектив болон субьектив шинжүүд тогтоогдоогүй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял шийтгэл оногдуулсан”, “шүүгдэгчийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой“ гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хяналтын шатны шүүхэд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх эрх хэмжээг хуульчлаагүй тул хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр магадлалд:

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д 8 /найм/ жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, Ө.Өлзиймаа, П.Батжаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                Б.ЦОГТ

                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН