Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-06
Тогтоолын дугаар 227
Хэргийн индекс 142/2016/0195/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч М.Ц, Н.Х, З.Т, М.Э
Зүйл заалт 214.2.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

М.Ц, Н.Х, З.Т, М.Энарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч М.Ц, М.Энх-Ирээдүй,

шүүгдэгч З.Тын өмгөөлөгч Л.Батбаяр,

шүүгдэгч М.Энх-Ирээдүйгийн өмгөөлөгч Д.Мэндээ, С.Батболд,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар магадлалтай, М.Ц, Н.Х, З.Т, М.Энарт холбогдох эрүүгийн 201505000323 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан эсэргүүцлээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Маахарын Цолмон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Харчу овогт Нямаагийн Хүрэлбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Зоригтбаатарын Төрбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой,

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 110.000 төгрөгөөр торгох ял,

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Чулуун овогт Мягмарын Энх-Ирээдүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Энх-Ирээдүй, М.Ц, Н.Х, З.Т нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, Н.Х, З.Т, М.Энарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоног баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 02-66 СЭҮ дугаартай “Хюндай портер” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5.500.000 төгрөг, 55-58 НАА дугаартай “Лексүс 470” загварын тээврийн хэрэгслийн үнэ 17.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан үүсгүүр 1 ширхэг, молдок 1 ширхэгийг устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 156 грамм алтыг улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, М.Ц, М.Энарын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хын унаж явсан 02-66 СЭҮ дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М.Цгийн унаж явсан 55-58 НАА дугаартай “Лексүс 470” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар шүүгдэгч М.Ц, Н.Х, З.Т, М.Энараас 32.285.502 төгрөгийг тэнцүү хуваан тус бүрээс 8.071.376 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн хохиролын үнэлгээ гаргуулсны төлбөр 3.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Ц, Н.Х, З.Т, М.Энараас тэнцүү гаргуулж Баянхонгор аймгийн Их богдын байгалын цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд олгож, шүүгдэгч М.Ц, Н.Х, З.Т, М.Энар цагдан хоригдоогүй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Ц, Н.Х, З.Т, М.Энарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ц, Н.Х, З.Т, М.Энарт анхан шатны шүүхээс хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тэднийг суллаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 156 грамм алтыг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу төрийн өмчлөлд шилжүүлэн улсын орлого болгож, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мотор, мулдокийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Х, М.Ц, М.Энар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө болон 02-66 СЭҮ дугаартай “портер” загварын тээврийн хэрэгсэл, 55-58 НАА дугаартай “Лексүс 470” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч байгууллага буюу Их Богдын Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгч З.Тын өмгөөлөгч Л.Батбаяр, шүүгдэгч М.Энх-Ирээдүйгийн өмгөөлөгч Д.Мэндээ, С.Батболд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд “… М.Энх-Ирээдүй, М.Ц, Н.Х, З.Т нарыг газрын хэвлийд нэвтэрч ашигт малтмал олборлосон болох нь тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн нь “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол” гэж заасан төдийгүй хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан” гэж заасныг давж заалдах шатны шүүх буруу ойлгож М.Энх-Ирээдүй, М.Ц, Н.Х, З.Т нарыг газрын хэвлийд нэвтэрч, ашигт малтмал олборлосон нь тогтоогдоогүй гэсэн. Хуульд тухайн гэмт хэргийг зөвхөн газрын хэвлийд нэвтэрч олборлосон байхыг үгчлэн зааж хуульчлаагүй болно. М.Энх-Ирээдүй, М.Ц, Н.Хурэлбаатар, З.Т нарыг “ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг тусгай хамгаалалттай газар нутагт үйлдсэн” болох нь хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно. Н.Х нарын жолоодож явсан тээврийн хэрэгслээс хурааж авсан 6 шуудай чулууг М.Энх-Ирээдүй, М.Ц, Н.Х, З.Т нарын хэнийх нь болохыг тогтоогоогүй атлаа нийт хохирлыг нэгтгэн дүгнэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй төдийгүй М.Энх-Ирээдүй, М.Ц, Н.Х, З.Т нар нь тусгай хамгаалалттай газар нутагт олборлолт явуулсны улмаас алттай чулуу хураагдаж, уг чулуунаас ялгаж гаргасан алтанд 10.761.834 төгрөг, 72 мөнгөний үнэлгээ тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг эргэлзээтэй гэж үзэж шүүгдэгч нарыг цагаатгасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд М.Энх-Ирээдүй, М.Ц, Н.Хурэлбаатар, З.Т нарыг цагаатгаж шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “... шүүгдэгч нар нь ашигт малтмалыг хайх, олборлох ажлыг тусгай хамгаалалтын газар явуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаагаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Дээрх баримтуудаар шүүгдэгч нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байх тул Баянхонгор аймгийн прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч З.Тын өмгөөлөгч Л.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч М.Энх-Ирээдүйгийн өмгөөлөгч Д.Мэндээ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... мөрдөн байцаалтаар шүүгдэгч М.Энх-Ирээдүйг хууль бус бусаар алт олборлосон гэдгийг огт нотолж чадаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч М.Энх-Ирээдүйгийн өмгөөлөгч С.Батболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хууль зүйн нотолгоо байхгүй учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч М.Ц, Н.Х, З.Т, М.Энар нь 2015 оны 10 дугаар сарын 2-ноос 7-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сум, 3 дугаар багийн нутаг “Овоон шанд” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 10.761.834 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч нар болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай онцгой харилцаа юм.

Иймээс ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй болно.

Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу болон хэвлийд үүсч бий болсон эрдэсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Хууль бусаар ашигт малтмал эрж хайсан, ашигласан, олборлосон үйлдэл нь дангаар болон нийлмэл байдлаар тухайн гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд газрын гадаргуу, эсхүл хэвлий дэх ашигт малтмалыг ашигласан, олборлосон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх “... шүүгдэгч нар нь газрын хэвлий рүү нэвтрэн малтлага хийгээгүй, харин газрын гадарга дээрээс цагаан чулуу гараараа түүж савласан нь олборлосон гэх ойлголтод хамаарахгүй” гэж хуулийг жинхэнэ утгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарах тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай Баянхонгор аймгийн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг бөгөөд анхан шатны шүүх тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний буюу баривчлах ялыг шүүгдэгч нарт оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэжээ.

Хэргийг давж заалдах журмаар хянан магадлах үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн зарим хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан гэх шинжийг хасч, торгох ялын торгуулийн хэмжээг багасгаж тогтоосон байна.

Энэ нь шинээр дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн үндэслэлд хамаарах тул М.Ц, Н.Х, З.Т, М.Энарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,  мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, Н.Х, З.Т, М.Энарын урьд шийтгүүлсэн баривчлах ялыг шинээр тогтоосон хөнгөн ял болох торгох ялаар сольж, тэдний баривчлагдсан 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож торгох ялаас хасч тооцохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 37 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолд “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, М.Энарт 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Х, З.Т нарт 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай” гэж, “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, Н.Х, З.Т, М.Энар тус бүрийн цагдан хоригдсон 40 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 600.000 төгрөгийг эдлэх ялаас хассугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Б.ЦОГТ 

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН