Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-06
Тогтоолын дугаар 228
Хэргийн индекс 142/2016/0195/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч С.Б
Зүйл заалт 096.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар магадлалтай, С.Б-т холбогдох эрүүгийн 201609000425 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жаргал овогт Санжидын Буянцог нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар С.Б-од 5 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, хохирогч Д.Чинбатын сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлээ холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар С.Б-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-од Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 гэж өөрчилж,

шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялаас нь хасаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Чинбатын “сэтгэл санааны болон Солонгос улсад эмчлүүлэх” зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний үндсэн дээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурьдаж энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-тийн өмчлөлийн 67-81 ДАР  дугаартай  “Киа Бонго” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-оос 381.000 төгрөг гаргуулж Дархан сумын 10-р баг 5 дугаар хороолол 1в байрны 30 тоотод оршин суугч Д.Чинбатад олгож” шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж зөв дүгнэлт хийсэн мөртлөө шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан ялыг 2 жил болгон багасгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан үзэж байж хэргийг шийдвэрлэх ёстой байсан” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “... давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Иймд хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хуульд нийцүүлэн нэмж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ одоо болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б- нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын албан өрөөнд хохирогч Д.Чинбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдахдаа баруун нүд рүү нь цохиж хараагүй болгож, хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулсан хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг бөгөөд анхан шатны шүүх тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн гэж үзнэ.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулах ялд торгох ялыг шинээр нэмж, хорих ялын доод хэмжээг урьд байснаас багасгаж тогтоосон байна.

Энэ нь шинээр дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буцаан хэрэглэх үндэслэл мөн тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, шинээр тогтоосон ялыг оногдуулсан явдал нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахгүй болно.

Мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Иймд “хорих ялын хэмжээ 2-8 жил болж өөрчлөгдсөн ч гэсэн анхан шатны шүүхийн оногдуулсан ял уг ялд багтаж байхад заавал доошлуулна гэж ойлгох нь буруу, ийм бага ял авч байгаад хохирогч тал туйлын гомдолтой байгаа учир зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж өгнө үү” гэсэн хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн “... шүүгдэгч нь хохирол, төлбөрт байр, эсхүл 30-40 сая төгрөг төлөх боломжтой гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, тэрч бүү хэл магадлалд дурдсан 381.000 төгрөг ч нөхөн төлөгдөөгүй, аль ч шатны шүүх хохирогчийн эрх ашигт ач холбогдол өгч хуулийн заалтыг хангаагүй” гэх гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт шүүх бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршигийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор заажээ. 

Иргэний хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чинбатын биед баруун нүдний алимны доргилт, эвэрлэгийн урагдал, доторх агууламжийн гадагшлалт, торлогийн ховхрол бүхий хүнд гэмтэл учирч баруун нүдний алим авахуулах мэс засалд орж хөдөлмөрийн чадвараа 65 хувь тогтонги алдсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогджээ.

2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “эрүүл мэндээрээ хохирсон иргэнд шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн хүнд зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 112 дахин өсгөж олгох”-оор заасан хуулийн зохицуулалтыг үндэслэн хүнд гэмтэл учруулсны нөхөн төлбөрт шүүгдэгчээс 21.504.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийг хэвээр үлдээх, бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх, эсхүл хүндрүүлж өөрчлөх  эрхтэй боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь учир дутагдалтай болно.

Гагцхүү анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэдэг тул шинэ хуульд нийцүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа уг асуудлыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 53 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-оос 21.504.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Чинбатад олгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболдын хяналтын шатны шүүхэд гаргасан “... давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж оногдуулсан ялыг үндэслэлгүй багасгасан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Т.УРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Б.ЦОГТ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН