Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-04
Тогтоолын дугаар 220
Хэргийн индекс 186/2017/0054/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Э.М, Н.С
Зүйл заалт 145.1., 253.2.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Э.М, Н.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгч Н.С,

шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 538 дугаар магадлалтай, 201625032286 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, Т овогт Э-ийн М нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Н-ийн С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан “Өмгөөлөгч эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.М-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, Н.С-ийг эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.М-д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Н.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.С-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Оюунбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.С хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие шүүгдэгч Э.М-ын хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан Монгол хэл, бичиг мэддэггүй шүүгдэгчид шүүхийн шатнаас өмгөөлөгч оролцоно гэснийг үндэслэж “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 17-нд байгуулсан. Би гэрээ байгуулсан өдрөөс шүүх хурлын өмнөх өдөр хүртэл хохирогч Н.О-той мессеж болон утсаар харилцаж байсан талаарх нотлох баримт байгаа. Хохирогч Н.О-д шүүгдэгч Э.М-ын эрүүл мэнд, хэргийн талаар хэлэхэд би Э.М-д гомдол саналгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ хоёр удаа цагдаагийн байгууллагад бичиж өгсөн гэж мессеж болон утсаар ярьж байсан. Шүүгдэгч Э.М-ын хувьд хэрэг шийдвэрлэх шүүхийн шатанд нүд нь өвдсөн, бусдад зодуулсан зэрэг асуудал гарч байсан. Өмгөөлөгч би Э.М-ын эрүүл мэндтэй холбоотой асуудлаас өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд төвөгтэй байсан ч тууштай үйлчилгээг үзүүлсэн, би өөрийн эрүүл мэндийн шалтгаанаас тухайн хэргээс татгалзах үүргээ биелүүлээгүйгээс дүрмээ зөрчсөндөө харамсаж явдаг. Хохирогч Н.О шүүх хурлын өмнө холбогдож өөрөө та наад гомдолгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн бичгээ зохицуулаад бич гэсний дагуу бичсэн юм. Миний хувьд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэснийг үндэслэж бичсэн. Хохирогч Н.О мессежээр та бичээд ир, би гарын үсгээ зурна гэсэн боловч уулзах хугацаанд утсаа салгасан байсан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хурлын өмнө Н.О-той утсаар ярихад та зурчих, зохицуул гэж хэлсний дагуу энэ асуудал үүссэн юм. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэсэн заалтаар бол хохирогч Н.О нь мөрдөн байцаалтын шатанд ирж би зөвшөөрсөн, зохицуул, гарын үсгээ зур гэдгээ мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс мэдүүлэг авах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байхад миний өмгөөллийн үйл ажиллагаатай холбогдуулан уг эрүүгийн хэргийг үүсгэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан өмгөөлөгч Н.С надад холбогдуулж үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Н.С-ийн үйлдэл, болсон үйл явдалд зөв дүгнэлт хийсэнгүй. Учир нь Н.С нь шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгчөөр ажиллаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтад заасан “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах” гэснийг үндэслэн өөрийн чадах хэмжээнд хамгаалах үүднээс хэргийн хохирогч Н.О-той удаа дараа утсаар ярьж мөн мессеж бичиж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг мэдэж, хохирогчийн өмнөөс энэ талаар бичиж, шүүхэд өгөх зөвшөөрөл авсан байдаг. Түүнчлэн өмгөөлөгч Н.С-ийн хохирогч Н.О-ийн өмнөөс тухайн үед бичиж өгсөн “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаарх бичиг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, миний үйлчлүүлэгч Н.С-ийг гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулсан нь хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4, 91, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгүүдийг зөрчиж, өмгөөлөгч Н.С-ийн гаргаж өгсөн бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, түүнд ял оноосон нь үндэслэлгүй бөгөөд түүний энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан болохыг анхаарсангүй. Хохирогч Н.О нь тухайн нөхцөл байдалд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэл зоригоо илэрхийлэх тухайгаа өмгөөлөгч Н.С-тэй утсаар ярилцаж, мессежээр илэрхийлсэн байдаг боловч ажлын зав зай гарахгүй байсан учир та өөрөө мэдээд зохицуулчих, өөрөө бичээд гарын үсгийг түүний өмнөөс зурахыг зөвшөөрсөн талаар мэдүүлсэн байдаг. Үүнээс гадна мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Н.С-ийн гар утсанд хийсэн үзлэг, Н.О-ээс авсан мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн өмнө Н.О шүүхэд гаргасан нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргээс үзвэл өмгөөлөгч Н.С нь хохирогч Н.О-ийн өмнөөс дур мэдэн, огт зөвшөөрөгдөөгүй бичгийг өөрийн санаачилгаар шүүхэд гарган өгөөгүй бөгөөд түүний шүүхийн хэлэлцүүлгийн үед гарган өгсөн бичиг нь үнэн хэрэгтээ хохирогч Н.О-ийн хүсэл зоригийн бодит илэрхийлэл болох нь нотлогдсон байдаг. Болсон бодит байдлаас үзвэл өмгөөлөгч Н.С-ийн гаргасан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, тодруулбал субьектив санаа зорилго агуулаагүй, түүний гэм буруутайг харуулах Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлага хангагдаагүй байхад шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгч Н.С-ийг гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын Н.С-т холбогдох хэсэг нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг харгалзан хүчингүй болгож, Н.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.С-ийн үйлдэл нь өөрөө ёс зүйн зөрчлөөс гадна гэмт хэрэг. Ёс зүйн зөрчил нь дотроо гэмт хэргийг агуулж байдаг. Хохирогч хэрвээ өвчтэй байсан бол тухайн шалтгааныг нь хэлээд шүүх хуралдааныг хойшлуулах гэх мэт олон аргууд байсан боловч эдгээр аргуудыг хэрэглэхээсээ илүүтэйгээр шүүхийг хуурч мэхлэх үйлдэл гаргасан. Шүүгдэгч Н.С-ийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Харин хууль буцаан хэрэглэх тухайд анхан шатны шүүх шүүгдэгч Н.С-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн. 2015 онд батлагдсан шинэ Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай болсон. Иймд шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь ашигтай байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Э.М нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн баруун талын автомашины зогсоол дээр явж байсан Н.О-ийн халааснаас “Самсунг эс-6 эджи” загварын гар утсыг хулгайлсан,

шүүгдэгч Н.С нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгчөөр оролцохдоо хохирогч Н.О-ийн өмнөөс “эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт бичиж эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийн үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.М, Н.С нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, Н.С-т хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан, мөн Э.М-ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий өмгөөлөгч нь хуульд заасан арга хэрэгслийг ашиглан, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж, шударга ёсыг хэрэгжүүлэх нь түүний мэргэжлийн болон хууль ёсны үүрэг мөн.

Гэтэл өмгөөлөгч Н.С нь хохирогч Н.О-ийн өмнөөс “эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хуурамчаар бичиж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан ”... өмгөөлөгч, ... эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол ...” гэсэн хуулиар журамлагдаж, хамгаалагдсан объект, халдлагын зүйл, субъект, гэм буруугийн хэлбэртэй тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тодорхой үйлдэл хийснээр төгсөх буюу материаллаг хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул Н.С-ийн шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгснөөр дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.С-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг нэг жилээс таван жил болгож ялыг хүндрүүлэн тогтоосон байх тул шүүгдэгч Н.С-ийн үйлдсэн гэмт хэрэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 538 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                   Б.ЦОГТ