Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-11
Тогтоолын дугаар 235
Хэргийн индекс 142/2016/0195/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Н.Ц, Б.С, Х.М
Зүйл заалт 181.2.1, 181.2.5.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Н.Ц, Б.С, Х.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч Н.Цийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 516 дугаар магадлалтай, Н.Ц, Б.С, Х.Мнарт холбогдох эрүүгийн 201625032183 дугаартай хэргийг шүүгдэгч Н.Цийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 24 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 24 хоногийн хорих ялын хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Лочин овогт Нямсүрэнгийн Цогтгэрэл нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан “Бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Батжаргалын Сайннямбуу нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан “Бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тогос овогт Хатанбаатарын Мөнхсайхан нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан “Бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сг Н.Ц, Х.Мнартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Н.Ц, Х.Мнарыг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Б.Сд 3 жил 6 сар хорих ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар шүүгдэгч Н.Цд 3 жил 3 сар хорих ял, шүүгдэгч Х.Мөнхсайханд 3 жил 5 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялын зарим болох 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч Н.Цийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.С, Х.Мнар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах”-аар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.Сг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.Ц, Х.Мнарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 2 жил 2 сар 13 хоног хорих ялаар, шүүгдэгч Н.Цийг 1 жил 7 сар 14 хоног хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц, Б.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Цийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.С, Х.Мнар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай” гэж,

8 дахь заалтыг “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил тэнссүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Цийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгч Н.Цийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Цийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэхдээ танхайрах зүйл ангиар ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Цийг гэм буруутай гэж үзэхдээ олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ямар үйлдлүүдийг гаргасан талаар дүгнэлт хийгээгүй, энэ үйлдлүүдийг гаргаагүй гэж үзэж байна. Энэ нь хохирогч Түвшинхүү, Замбалдорж, Дашням нар болон тухайн хэрэг болох мөчид шүүгдэгч нартай хамт явж байсан Отгонболд нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байгаа учир шүүгдэгч Н.Цийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй үгийг хэрэглэсэн байна. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд “танхайрах” гэсэн ойлголт байхгүй. Шүүгдэгч Б.Мөнхсайхан, Х.Сайннямбуу, Н.Ц нарын хэргийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинж, агуулгаар нь авч үзэж байгаа. Иймд шүүгдэгч Н.Ц, Б.Мөнхсайхан нарын ялыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Х.Сайннямбууд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шийтгэх тогтоолын  3 дахь заалтыг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, хэрхэн хүчингүй болгож байгаагаа тодорхойлоогүй нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ц, Х.Мнарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.Сг танхайрах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдэхдээ бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Б.Сд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 181.2.5-д зааснаар шүүгдэгч Н.Цд 3 жил 3 сар хорих ял, шүүгдэгч Х.Мөнхсайханд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Б.Сд дээрх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялын эдлээгүй үлдсэн ялын зарим болох 3 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Н.Ц, Б.С, Х.Мнарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг давж заалдах журмаар хянан магадлах үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд уг хуулиар “танхайрах” гэмт хэргийг “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг болгон өөрчилж, оногдуулах ялын доод хэмжээг 1 жил хорих ял болгож хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл болжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шинэ хуульд нийцүүлэн өөрчилж ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Сгийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нөхцөл байдлын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл мөн болно.  

Хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл уг ялыг сэргээн эдлүүлэх журмыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойлгох бөгөөд мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан дагуу ялыг нэмж  оногдуулна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул шүүгдэгч Н.Цийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцээгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийг хэвээр үлдээх, бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх, эсхүл хүндрүүлж өөрчлөх  эрхтэй боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь учир дутагдалтай болно.

Гагцхүү анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэдэг тул шинэ хуульд нийцүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа уг асуудлыг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 516 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Н.Ц, Б.С, Х.Мнарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН