Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-27
Тогтоолын дугаар 240
Хэргийн индекс 142/2016/0195/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Э.Б
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Э.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, Б.Бат-Ерөөлт,

хохирогч О.Энхжин, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 444 дүгээр магадлалтай, Э.Бод холбогдох эрүүгийн 201625013972 дугаартай хэргийг шүүгдэгч Э.Б, түүний  өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их хойд овогт Энхтуяагийн Батцогт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Быг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон нийт 130 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Э.Боос оршуулгын зардал 16.291.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхжинд олгох”-оор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Шүүгдэгч Э.Быг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

4 дэх заалтын “... оршуулгын зардалд” гэснийг “... гэм хорын хохиролд” гэж,

7 дахь заалтын “... 2 ширхэг сиди” гэснийг  “... 3 ширхэг сиди” гэж өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, Б.Бат-Ерөөлт, хохирогчийн Л.Мөнхтөр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… талийгаач Энх-Одын биед үүссэн тархины хүнд гэмтэл нь зочид буудлаас гараад харих замдаа хэн нэгэнтэй маргалдаж, зодолдож, цохиулсны улмаас үүссэн эсэх, эсвэл халтиргаа гулгаа ихтэй үед согтууруулах ундаа хэрэглэсэн хүн өөрөө халтирч унан толгойгоо хатуу зүйлд цохин, юм мөргөсний улмаас үүссэн, мөн Баянцээлийн “Голомт” банкны бичлэгт талийгаач зочид буудлаас гараад алхаж яваа харагддаг бөгөөд гэр лүүгээ алхаж харьсан байх магадлал өндөр байна. Үүнтэй холбоотойгоор миний бие мөрдөн байцаалтын шатанд талийгаачийн зочид буудлаас гараад гэртээ харих хүртэлх замын чиглэлийг үргэлжлүүлэн бүрэн гүйцэд тогтоож, замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгүүдийг болон тухайн чиглэлд байрлах албан байгууллагуудын гаднах камерын бичлэгүүдийг шүүж өгнө үү хэмээн удаа дараа амаар болон бичгээр, өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг минь шийдвэрлэлгүй шүүхэд шилжүүлсэн. Дээрх бичлэгүүд нь талийгаачид үүссэн тархины хүнд гэмтэл нь яг хэнээс болж, юунаас болж үүссэн болохыг нотлох буюу энэ хэргийг бүрэн бодитойгоор нотлоход туслах, хэрэгт маш чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох байтал үүнийг бүрэн нотлохгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, мөн хуулийн 80 дугаар зүйлийг зөрчсөн хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлохгүйгээр яллаж байгаад гомдолтой байна. Найз Энх-Одын амь насаа алдсанд нь маш харамсаж байгаа бөгөөд талийгаач найзынхаа ар гэрийнхэнд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлэн өөрийн чадах бүхнээрээ тус болно гэдгээ давхар илэрхийлсэн. Энэ хэрэг нэгэн эрдэнэт хүний амь нас болон нөгөөтэйгүүр миний болон гэр бүлийхний минь ирээдүйн амь, амьдралтай холбоотой чухал асуудал тул энэхүү хэргийг үнэн зөв, бүрэн бодитойгоор нотлохын тулд хяналтын шатны эрхэм шүүгчид та бүхэн дээрх бичсэн хүсэлтүүд болон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… нотолбол зохих асуудлууд бүрэн дүүрэн нотлогдоогүй. Учир нь камерийн бичлэгт хийсэн үзлэг болон гэрч нарын мэдүүлэг зэргээс харахад амь хохирогч нь эрүүл байсан бөгөөд ямар нэгэн байдлаар өвдөлтийн шоконд ороогүй байсан нь нотлогддог. Эмч Б.Долгормааг байцаасан байцаалтанд “тухайн гэмтлийг авсан даруйдаа амь хохирогч нь өвдөлтийн гүн шоконд орно” гэсэн байгаа. Мөн согтуу хүн шиг гуйвна, эрүүл хүн шиг ярьж чадахгүй гэж нилээд эргэлзээтэй мэдүүлгүүдийг өгсөн. Шинжээч эмч болон гэрч нарын хоорондох мэдүүлгийн зөрүү их байхад уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.4-д заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэрхэн, яаж үйлдэгдсэн гэдэг нь энэ хэрэгт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байдаг. Гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон байдаг. Мөн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх гэсэн хуулийн зарчмыг хангаагүй. Өөрөөр хэлбэл амь хохирохоос өмнө тухайн гэмтлийг авсан байна гэж ерөнхийлөн дүгнэсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Хэрэв хяналтын шатны шүүх мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн хүрээнд бүрэн гүйцэд хийгдсэн” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “... шүүгдэгч Э.Б нь амь хохирогчийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин 2015 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Ундруул” зочид буудлын 210 тоот өрөөнд хамт архи уусан найз О.Энх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдохдоо О.Энх-Одын биед “гавал тархины битүү гэмтэл” учруулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 34 хоногийн дараа нас барсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогчийн нас барсан шалтгаан шүүгдэгчийн учруулсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний хорих ял оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэжээ.

Гэвч хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд шүүгдэгч Э.Бын үйлдэл нь уг хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэх шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Энэ нь шинээр дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх үндэслэлд хамаарах тул мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод холбогдох хэргийн зүйлчлэлийг шинээр батлагдсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг болгож, урьд оногдуулсан ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч, хорих ял эдлэх дэглэмийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинээр тогтоох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх эрхийг хуульчлаагүй тул хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гомдлыг хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 444 дүгээр магадлалд:

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод 7 /долоо/ жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                 Б.ЦОГТ 

                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН