Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-08
Тогтоолын дугаар 256
Хэргийн индекс 000/2017/0256/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч Д.Ө
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

                                                         Д.Ө-д холбогдох ял дүйцүүлэн

                                                                       хасах тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаар шүүгчийн захирамж, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 7 дугаар магадлалтай Д.Ө-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, Ш овогт Д.Ө нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, одоо уг ялаа эдэлж байгаа,

 Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаар шүүгчийн захирамжаар: ... Д.Ө-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан хуульд заасан ялаас доогуур ял оногдуулсан байх тул уг ял нь 2015 оны хуульд дүйцэж хасагдахгүй байх тул... хууль буцаан хэрэглэх журам хэрэглэгдэхгүй” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ө-ын эдлээгүй үлдсэн 04 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 7 дугаар магадлалаар: ...Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

 Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг гаргасан гомдолдоо: “…Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна... 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах хорих ялын хэмжээ нь 10-15 жил байсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хүнийг алах буюу 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын хэмжээг 8 жилээс 15 жил гэж заажээ. Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Ө-д 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар мөн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 6 жил 9 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тийм учраас шинэ Эрүүгийн хуульд дүйцүүлэн ялыг хасахдаа уг хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хорих ялаас мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ыг журамлан хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэх ёстой байлаа. Гэтэл шүүх шинэ Эрүүгийн хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэсэнгүй. Өөрөөр хэлбэл ялыг дүйцүүлэн хасах тухай шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3-т заасан “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж заасан байхад шүүгч Д.Ө-ын ялыг шинэ Эрүүгийн хуулийн ялын доод хэмжээний ялаас доогуур байх тул гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээж авсангүй, хуулийн дээрх зохицуулалтыг буруу ойлгож шийдвэрлэлээ. Шинэ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг дүйцүүлэн тооцвол өмнө нь 10 жилийн ялын гуравны хоёроос доошгүй ял оногдуулсан байсан юм бол одоо 8 жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэсэн үг. Тэгэхээр 8 жилийн хорих ялын гуравны хоёр нь 5 жил 3 сар 4 хоног болох ёстой гэж үзэж байна. Үүнээс биеэр эдэлсэн 1 жил 9 сар 2 хоногийг хасвал одоо үлдэж байгаа ял нь 3 жил 6 сар 2 хоног болж байх бөгөөд энэ ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх байлаа. Иймд энэ үндэслэлээр шүүгчийн захирамж, магадлалд өөрчлөлт оруулна уу” гэжээ.

Оролцсон прокуророос: Шүүгчийн захирамж, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж уг хуулийг буцаан хэрэглэх гурван үндэслэлийг тодорхойлон заажээ.

Дээрх гурван үндэслэлийн “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ... “ гэдэгт Эрүүгийн хуулиар тогтоосон ялын төрөлд заагдсан үндсэн ялын доод эсхүл дээд хэмжээг хөнгөрүүлсэн, доод, дээд хэмжээний аль алиныг багасгасан, тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, хэд хэдэн төрлийн ялаас хүнд ялыг хүчингүй болгосон, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн нэг болон түүнээс дээш ялыг шинээр нэмсэн, нэмэгдэл ялын доод, дээд хэмжээг бууруулсан эсхүл уг ялыг хүчингүй болгосон зэргийг хамааруулан ойлгодог билээ.

Эдгээрээс “ялын доод, дээд хэмжээг хөнгөрүүлсэн” тохиолдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон заасан тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээний дотор ял шийтгүүлсэн этгээдийн хувьд хууль буцаан хэрэглэх замаар шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг хөнгөрүүлэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Тухайлбал, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан ялын доод, дээд үндсэн хэмжээнд нийцүүлэн хасч тооцно.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ялын хэмжээ”, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “ялын хэмжээ” гэдэгт дээр дурдсанаар тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээг хамааруулан ойлгодог тул ял оногдуулах нийтлэг зарчмаас тусгайлан зохицуулдаг, хуульд заасан тодорхой үндэслэл журам бүрдсэн нөхцөлд л хэрэглэдэг, эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны илрэл болох хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулсан,  энэхүү ял нь шинэ Эрүүгийн хуулийн тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын доод үндсэн хэмжээнээс бага байгаа тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуульд заасан ялын доод, дээд үндсэн хэмжээнээс дээгүүр ял шийтгүүлсэн этгээдийн ялыг уг хуульд нийцүүлэн хасч хөнгөрүүлэхээс бус хуучин болон шинэ Эрүүгийн хуулийн аль алинд нь зааснаар тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын доод үндсэн хэмжээнээс доогуур ял шийтгүүлсэн этгээдийн ялыг дахин хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан доод хэмжээний ял болох 10 жил 1 хоног, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээний ял болох 8 жилийн хорих ялын аль алинаас доогуур буюу 6 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлсэн Д.Ө-ын ялыг дүйцүүлэн хасах үндэслэлгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл зөв болсон байх тул энэ талаар гаргасан ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаар шүүгчийн захирамж, мөн аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 7 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН