Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-08
Тогтоолын дугаар 259
Хэргийн индекс 000/2017/0259/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч М.Б
Зүйл заалт 126.3.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

                                                     М.Б-д холбогдох ял дүйцүүлэх

                                                                    хасах тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

ялтны өмгөөлөгч А.Туул, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/101 дүгээр шүүгчийн захирамж, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр магадлалтай  М.Б-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан М.Б-ын өмгөөлөгч А.Туул, Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Б овогт М, Б нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг болгон өөрчилж, 8 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Говьсүмбэр, Дорноговь аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр магадлалаар М.Б-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, одоо уг ялаа эдэлж байгаа,

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/101 дүгээр шүүгчийн захирамжаар: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Б-д  хууль буцаан хэрэглэхээс татгалзаж, ялтан М.Б-ын үлдсэн 03 жил 5 сар 25 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр магадлалаар: ... Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/101 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч А.Туул, Г.Батбаяр нар гаргасан гомдол болон А.Туул шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  Магадлалыг хууль буруу хэрэглэн тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1.3.1, 40.1.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан хяналтын гомдол гаргаж байна. М.Б-д оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан. Шинэчилсэн Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 өөрөө хүчиндэх зүйл анги гэтэл 12 дугаар зүйлийн 12.2 дахь зүйл анги чинь Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах 2 өөр зүйлчлэл. Гэтэл шүүгч шинэчилсэн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн мөртлөө М.Б-д оногдуулсан зүйл ангийг Эрүүгийн хуулийн 12.1.4 дэх хэсэгт заасантай дүйцэж байна гэж  ял хүндрүүлсэн нөхцөл байдлаар тайлбарлаж байгаа нь буруу гэж үзэж байна. М.Б-ын хэрэг 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар дүйцэж байна. Иймд магадлалд дурдсанаар хүчиндэх гэж дүйцүүлсэн нь буруу гэж үзэж байна. М.Б-ын урьд авсан ялаас шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.9.3 дахь хэсэгт шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт шинээр оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна гэж заасан учир М.Б-ын урьд авсан ялаас хасаж тооцож өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Шүүгчийн захирамж, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт (Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах) “...бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэж энэхүү гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлд (Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах) дээрхтэй адил зохицуулалт байхгүй байна.

Харин 2015 оны Эрүүгийн хуульд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орохдоо...” гэж шинээр тодорхойлсоноос гадна 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн  гэмт хэргийг өөр төрлийн буюу хүчиндэх (Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, тайлбар) гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчилжээ. 

Бага насны буюу 14-өөс доош насны хүүхдийн хувьд бэлгийн харьцаанд орохын учир холбогдлыг ойлгодоггүй тул түүний хувьд зөвшөөрсөн болон эсэргүүцэл үзүүлээгүй нөхцөл байдлыг тогтоох шаардлагагүй бөгөөд энэ агуулгаар тэрээр “хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ...” гэж шинээр тодорхойлон 2015 оны Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлд (Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах) заасан гэмт хэргийн хохирогч байх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, эр, эмийн ёсоор хурьцал үйлдэх зорилгогүйгээр бэлгийн харьцааны замаар бус садар самуун байдлаар бага насны хүүхдийг далимдуулан дур сонирхлоо хангасныг “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд (Хүчиндэх) шинээр тодорхойлон, уг үйлдлийн талаар дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна уг зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг хуульчилан тогтоожээ.

Хууль тогтоогч бэлгийн дур хүслээ бага насны хүүхдийг далимдуулан ёс бусаар хангасан гэмт хэргийг өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнээр (Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг) ийнхүү шинээр хүндрүүлэн зүйлчилэхээр тогтоосон байна. 

Энэ тохиолдолд ял дүйцүүлэн хасах боломжгүй бөгөөд энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл зөв байх тул ялтны өмгөөлөгч А.Туул, Г.Батбаяр нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Ялтны өмгөөлөгч А.Туул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байхад магадлалын удиртгал, тогтоох хэсэгт “ялтан М.Б-ын гаргасан гомдол...” гэж буруу дурдсаныг тэмдэглэн анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/101 дүгээр шүүгчийн захирамж, мөн аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч А.Туул, Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН