Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-15
Тогтоолын дугаар 267
Хэргийн индекс 137/2017/0060/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч Ц.Н
Зүйл заалт 215.4.
Улсын яллагч Ц.Бурмаа,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 Ц.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж, 

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа, ялтны өмгөөлөгч Д.Наранбулаг,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Дашдорж, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/ДШМ/63 дугаар магадлалтай Ц.Н-д холбогдох эрүүгийн 201610010145 дугаартай хэргийг ялтны өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй,  Х овогт Ц.Н нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний орой 22 цаг 40 минутын орчим Дундговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас хойшоо 45 км зайд төв засмал замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: “... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин Тоёота Камри маркийн 30-77 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.1-д заасан “Замын гэрэлтүүлэггүй  хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэснийг тус тус зөрчсөнөөс Н.Д-ны жолоодон явсан Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн уг тээврийн хэрэгсэлд 3.870.000 төгрөгийн шууд хохирол, зорчигч Г.М-ийн бие махбодид хөнгөн, жолооч Н.Д-ны бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан,

Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч С.Э, Э.Б, Г.А, А.Ц, Б.Б нарын 5 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор: ...Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-д /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

 

Шүүгдэгч Ц.Н-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ц.Н-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/ДШМ/63 дугаар магадлалаар: … Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Ц.Н-ыг анхан шатны шүүхээс Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан арга хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ц.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гээд 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д  “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж хуульд хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхой зааж өгсөн байна. Ц.Н нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад эдгээр хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудыг 8 хэсэг болгож тодорхой дурдсан байна. Ц.Н-ын холбогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хуульд заасан хүндрүүлэх 8 нөхцөлийн алинд ч хамаарахгүй байхад хоёр шатны шүүхээс хуульд заагаагүй нөхцөл байдал буюу “олон хүний амь нас хохирсон” гэдэг үндэслэлээр хүндрүүлэн авч үзэж, тухайн зүйл, хэсгийн хорих ялын хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулж буй нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмын дагуу гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хэнийг ч ялгаварлахгүйгээр хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байх тул өмгөөлөгч миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Ц.Н-ын хувьд тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Ц.Н-д оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү  гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Наранбулаг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ц.Н-ын ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Дашдорж: Хэлэх саналгүй гэв.

Оролцсон прокуророос: Хэргийн нөхцөл байдал тогтоогдсон, зүйлчлэл тохирсон, ялтан эсрэг урсгалаар орж осол үйлдсэн, хурд хэтрүүлсэн нь нотлогдсон. Хохирол төлбөрийг ялтан өөрөө бүрэн хариуцах ёстой тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Мөн шинэ Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасныг анхаарах нь зүйтэй гэв.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтан Ц.Н нь авто тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын жолоодон явсан авто тээврийн хэрэгслийг мөргөн уг тээврийн хэрэгсэлд 3.8 сая төгрөгийн эвдрэл, нэг хүний биед хөнгөн, нэг хүний биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан, мөн таван хүний амь насыг хохироосон гэмт хэргийг мөрдөн шалгах явцад үүнд хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтуудыг хоёр шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шинжлэн судалж, хянан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд (Нотолбол зохих байдал) заасанчлан Ц.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруу, уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээний талаар үндэслэлтэй  дүгнэлт хийжээ.

Түүнчлэн шүүх Ц.Н-д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн...” гэсэн үндэслэлээр мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн нь зөв болсон байна.

Мөн шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн (Эрүүгийн хариуцлага хүлээлгэх) 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ... учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ... харгалзан үзнэ” гэснийг үндэслэн Ц.Н-д мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан ялтны өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар (Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ) зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянасан бөгөөд Ц.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Харин давж заалдах гомдлоосоо татгалзсан хохирогч Д.Б-ийн гомдлын үндэслэлийг магадлалд тусгах шаардлагагүй талаар давж заалдах шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/ДШМ/63 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                           Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН