Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-09
Тогтоолын дугаар 232
Хэргийн индекс 188/2017/0265/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Г.Г
Зүйл заалт 11.4.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаар магадлалтай, 201526010262 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар 16 жил хорих ял шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Г-ийн Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэж танхайрах”, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Г-ыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар түүнийг 5 жил 01 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 сар хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар оногдуулсан 16 жил хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 01 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 6 жил 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Г.Г-ыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 5 жил 01 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Г-ын цагдан хоригдсон 57 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 855,000 төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 855,000 төгрөгийг хасаж, түүнийг торгох ял биелэгдсэнд тооцсугай” гэж, 4 дэх заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 сар хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар оногдуулсан 16 жил хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Г-ын биечлэн эдлэх ялыг 6 жил 01 сар хорих ялаар тогтоосугай” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г-т 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар шийтгүүлсэн 16 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялыг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар тэнсэн сулласныг сэргээж, үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй” гэж, 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Г-т оногдуулсан 6 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-т оногдуулсан 2 жил 09 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Г.Г-т холбогдуулан “...хохирогч Ц.Э-ийн зүүн булчинг хутгаар хатгаж танхайрсан...” гэх үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Г.Г-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч А.Очбадралын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би ийм хэрэг хийсэндээ чин санаанаасаа харамсан гэмшиж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор хэлэхдээ Г.Г-ын үйлдсэн хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хүндэвтэр гэмт хэрэг болж байгаа хэдий ч тэрээр өмнө нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байгаа учир ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэсэн. Дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн урьд эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялын зарим болох 1 жил хорих ял гэснийг буцаан хэрэглэж, эдлэх ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч А.Очбадрал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг шинэ Эрүүгийн хуулиар байхгүй болсон. Г.Г нь хутга хэрэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд уг үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар аль ашигтай хуулийг буцаан хэрэглэж шинэ Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэн ял оногдуулсан. Шинэ Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэг юм. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй байхаар хуульчилсан. Г.Г нь 2015 оны 03 дугаар сарын 30-нд уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүнийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар татаж байцаасан байдаг. Г.Г-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул Г.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн уг заалтыг хэрэглэхгүйгээр ял оноосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Г.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улмаар уг хэрэг хэрэгсэхгүй болвол шинэ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх боломжгүй тул Г.Г-ыг 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Г нь архи ууж согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хохирогч Б.Д-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн тухайн хэрэгт шалгагдаж байхдаа хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хуучин болон шинэ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Г нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Хдүүргийн Х дугаар хороо, Х-н Х дугаар гудамжны Х тоотод байрлах нийтийн байранд бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Б.Д-ийн биед “зүүн бугалганы гурван толгойт булчинг гэмтээсэн, зүүн бугалганы дотор болон ар дээд хэсгийн нэвт хатгаж зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэн, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар, мөн давж заалдах шатны шүүх “шүүгдэгч Г.Г-ыг хохирогч Ц.Э-ийн зүүн булчинг хутгаар хатгаж танхайрсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэдэг боловч уг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль мөрдөгдөж эхэлсэн тохиолдолд “хууль буцаан хэрэглэх” зарчим үйлчилдэг бөгөөд энэ зарчим 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагджээ.

Давж заалдах шатны шүүх дээрх зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, улмаар 855,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 57 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ял биелэгдсэнд тооцож шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар дууссан байхад дээрх зүйл, хэсгээр ял оногдуулж буруу шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Г.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Г 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар 16 жил хорих ял шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хяналтын хугацаанд тэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул түүний эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялыг бүхэлд нь биечлэн эдлүүлсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх ба өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг сэргээхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийг давхар журамлалгүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Г-ын “...эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын “...Г.Г-ыг 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Г.Г-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд дүйцүүлэн хасах эсэх асуудлыг ялтны хувийн хэрэг, материалыг үндэслэн прокурор, шаардлагатай гэж үзвэл өмгөөлөгчийг оролцуулан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд дээрх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэхээр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан боловч уг хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх шатанд хэлэлцэгдэж байсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Г.Г-т холбогдох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Г-т 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар оногдуулсан 16 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж, Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар оногдуулсан 16 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 23 хоногийн хорих ялаас тэнсэн сулласан Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                  ДАРГАЛАГЧ

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                  ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                               Б.ЦОГТ