Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-01
Тогтоолын дугаар 242
Хэргийн индекс 186/2017/0125/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Ч.О
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Ч.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 535 дугаар магадлалтай, 201625031889 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.О-ын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ын О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.О-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ч.О-т оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ч.О-ын цагдан хоригдсон 227 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Ч.О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.О-ыг 10 /арав/ жил 9 /ес/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-ын цагдан хоригдсон 227 /хоёр зуун хорин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2016 оны 10 дугаар сарын 02-нд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр мөрдөгч, цагдаагийн ахмад Н дуудаж өрөөндөө оруулахад танихгүй эмэгтэй сууж байсан. Ахмад Н шууд энэ хүнийг өмгөөлөгчөөр аваад одоо мэдүүлгээ өг гэж тулгаж шаардахад нь би эгч нартайгаа ярилцаж байгаад больё гэхэд өмгөөлөгч Г.М би эгчтэй чинь уулзаад гэрээгээ хийхээр тохирчихсон, одоо та нар хаанаас өмгөөлөгч хайж явах юм бэ гэж хэлээд би Чингэлтэй дүүрэгт прокурор хийж байсан, эрх зүйн байдлыг чинь дордуулахгүй, чиний өмнөөс эрх ашгийг чинь хамгаалж найдвартай явж чадна гээд өөрийгөө сурталчлаад намайг мэдэх хүмүүс нь мэднэ гээд ятгаад тулгаад байхад нь аргагүй байдалд орж мөрдөгч, өмгөөлөгч хоёрын хүчинд автаж мэдүүлэг өгсөн. Би тухайн үед гүн шоконд орж айж цочирдсон, шарталтын байдалтай бие муу мэдүүлэг өгөх боломжгүй байхад одоо шууд мэдүүлэг өг гэж тулгаж мэдүүлэг авсан. Анх мэдүүлэг авахад ахмад Н өрөөнийхөө цонхон дээр аппарат тавиад давхар бичиж байгаа гээд байсан. Хэрэв энэ үнэн бол тухайн бичлэгийг шалгаж үзвэл би нүдний шилгүй байгаа. Миний огт хэлээгүй, яриагүй үгийг ярьсан болгож худлаа зохиож бичээд, хөтөлж байцаагаад, тулгаж асуусан. Ахмад Н өөрийнхөө бодол санааг тулгаж байцаагаад бичсэн мэдүүлгээ надад унш гэж өгөхөд нь нүдний шилгүй болохоор унших боломжгүй байхад өмгөөлөгч Г.М авч уншихдаа ахмад Н-ын зохиож бичсэн, миний хэлээгүй үгийг алгасаж уншаад байцаагч руу хараад дараагийн мэдүүлэг дээр энэ асуудал өөрчлөгдөнө шүү дээ гэж өмгөөлөгч Г.М-ийг хэлэхэд нь ахмад Н хамаагүй тэр үед нь би аргална гээд хоёулаа хоорондоо битүү утгатай үг хэллэг хэрэглэж яриад байхад нь би дэргэд нь сонсоод сууж байсан. Тэр үед нь би ойлгоогүй юм. Ахмад Н хавтаст хэргийг надад дутуу танилцуулсан. Хэргийг прокурорт шилжүүлсний дараа прокурор П.Н-т хүсэлт гаргаад хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй гэхэд байцаагч, ахмад Н-т үүрэг өгөөд буцаасан. Дараа нь ахмад Н хэргийн талаар мэдүүлэг аваад дахиж хавтаст хэргийг дутуу танилцуулсан. Өмгөөлөгч Г.М ахмад Н-тай үгсэн хуйвалдаж шүүгдэгч намайг хуурч мэхлэн анхны мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан. Ийм хүний мөсгүй, шударга бус үйлдэл гаргасан өмгөөлөгч Г.М-т маш их гомдож харамсаж байна. Өмгөөлөгч Г.М-ийн энэ байдлыг байцаагч Н, прокурор П.Н нар овжин ашиглаж анхны мэдүүлэг дээр тулгуурлан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоолгүй, зөвхөн яллах талыг барьж хэргийг түргэн шуурхай түүхий шалгаж боогоод шүүх рүү шилжүүлдэг хариуцлагагүй, хэтэрхий нэг талыг барьж туйлбаргүй байдал гаргаж шүүгдэгч миний хувь тавилан, амьдралаар маань тоглож байгаад маш их гомдож байна. Би яг болсон бодит үнэнийг олж зөв шударгаар зүйлчилж өгнө үү гэж гуйж байна. Ахмад Н нь шүүгдэгч миний гарт хайч байсан гэж бичсэн байсан. Хэрвээ миний гарт хайч байсан бол гарын хээ яагаад алга байна вэ. Талийгаач нь шүүгдэгчээс намхан хүн доороос нь дээш байдалтай хатгасан байна гэсэн, хэрэв би талийгаачийг хатгасан бол өндөр юм чинь дээрээс доош нь байдалтай хатгамаар юм. Мөн би санаатай алсан бол цагдаа болон тусламж үзүүлэх гээд зам тосоод өөрийн биеэр аль болох туслах санаатай ийм үйлдэл хийж цагдаа нартай уулзаад хэлээд явах уу. Санамсар хайхрамжгүй, болгоомжгүй байдал, үйлдлээсээ болж ийм том алдаа хийсэндээ чин санаа, сэтгэлийн гүнээс харамсаж барахгүй юм. Энэ байдлыг минь үнэн зөвөөр ойлгож, зөв зүйлчилж өгөхийг гуйж байна. Аргагүй байдалд орж, сэтгэл гутарсандаа харамсаж хямарч санаатай алаагүй хэргээ хийсэн болж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нягтлан тунгаагаад ямар ч аргагүй, гаргалгаа байхгүй, хуучин зүйлчлэл зөв гэж үзэж байвал Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн доод хэмжээ болох 8 жилээр бодож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан 2/3-оос багагүй ялыг оногдуулах гэснийг хэрэглэж өгнө үү. Мөн тэтгэвэрт байдаг, өндөр настай биеийн байдал, сэтгэл санааны тогтворгүй хямралаас болж бие эрс муудаж, ангийн эмнэлэгт 6 удаа хэвтэж эмчлүүлсэн, даралт өндөр, зүрх, ходоод, бөөр, нойр булчирхай, цөсний чулуутай хагалгаанд орох шаардлагатай, эмчийн хяналтад байгаа зэргийг харгалзан хохирол гомдолгүй, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.О нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтний анхны мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч Ч.О өөрийнхөө үйлдсэн хэргийг болгоомжгүй үйлдэгдсэн гэж үздэг бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хувийн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.О-ын хувийн байдлыг нь харгалзан авч үзэх шаардлагатай байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, бэлгийн чиг хандлага өөр, хорих байгууллагад олон жил ажилласан хүн. Иймд, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Х дүүргийн Х дугаар хороо, Зүүн тасганы Х дугаар гудамжны Х тоотод Л.Б-тай архинаас болж маргалдан, улмаар түүний зүүн нүдний доод хэсэгт хайчаар хатгаж, зүүн нүдний ухархайн арын ханыг гэмтээн гавлын хөндийд нэвтэрсэн гавал тархины гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийн үйл баримт нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Ч.О-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилж, хорих ялын доод хэмжээг багасгажээ.

Давж заалдах шатны шүүх Ч.О-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэн Ч.О-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйлд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа хууль буруу хэрэглээгүй байна.

Хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, хэргийн бүх ажиллагааг хянаж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд дуудлага өгсөн болон шүүгдэгчийн хувийн байдал, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 535 дугаар магадлалд “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.О-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.О-ын хяналтын шатны шүүхэд гаргасан “болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн” талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                    ДАРГАЛАГЧ

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

                    ШҮҮГЧ                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                    Б.ЦОГТ

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН