Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-03
Тогтоолын дугаар 244
Хэргийн индекс 188/2017/0066/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч О.Д, Ю.С
Зүйл заалт 091.2.15, 098.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

О.Д, Ю.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч Э.Ганбат,

шүүгдэгч Ю.С-ийн өмгөөлөгч Б.Отгонтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц,

хохирогчийн өмгөөлөгч Г.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 552 дугаар магадлалтай, 201526012610 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Д-ын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1953 онд төрсөн, эрэгтэй, 1986 онд Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б, 213 дугаар зүйлийн А-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 146 дугаар зарлигийн 5 дугаар зүйлийн Б-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 21 хоног хорих ялаас 11 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хасаж, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 09 cap 28 хоногийн хорих ялыг хөдөлмөрт татан оруулахаар тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Х б овогт О-ийн Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь заалтад заасан “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ю-ийн С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Д-ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ю.С-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь заалтад зааснаар О.Д-ыг 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ю.С-ийг 1 жил 05 сар 21 хоног хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Д-д оногдуулсан 15 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ю.С-д оногдуулсан 1 жил 05 сар 21 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар О.Д-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 536 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ю.С-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 536 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногтой тэнцүүлж, түүнд оногдуулсан 1 жил 05 сар 21 хоногийн хорих ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “О.Д-ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ю.С-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай”, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад зааснаар О.Д-ыг 12 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.С-ийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Д-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Д-ын цагдан хоригдсон 536 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай”, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ю.С-ийн цагдан хоригдсон 536 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,040,000 төгрөгөөр тооцон хасч, түүнийг торгох ялыг бүрэн эдэлсэнд тооцсугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын Ю.С-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Д-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Э.Ганбат, Б.Отгонтуяа, Г.Тунгалаг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Д хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолд дахин задлан шинжилгээг хийж, бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргах, нэр бүхий 8 хүнийг гэрчээр байцаах гэж заасан. Гэтэл шарил олдоогүй гэх шалтгаанаар дахин задлан шинжилгээ хийлгүй, хэргийн материалаар буюу зургаар дүгнэлт гаргасан нь өмнөх дүгнэлттэй зөрж, зөрчилдөж байгаа юм. Иймд одоо дахин задлан шинжилгээ хийж, бодит үнэн зөв дүгнэлт гаргуулахыг хүсэж байна. Ю.С нь хамт хонож, гэмт үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн байтлаа худал мэдүүлэг өгсөн, төрсөн дүү О.Ц нь дэргэд байгаагүй, харж үзээгүй байхад дээрх хоёр хүний гүжирдлэг, гүтгэлгийг үндэслэн намайг онц ноцтой гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байхад хүнд гэмт хэрэгт түлхэж 12 жилийн хорих ялыг хаалттай шоронд эдлүүлэх болсныг зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр би цагдан хоригдож байгаа боловч миний зөвшөөрөлгүйгээр байнга оршин сууж байсан байранд орж нэгжлэг хийж, эд зүйлийг хураан авсан нь ямар учиртай юм бэ. Хохирогчийн төлөөлөгчөөр тогтоогдсон миний төрсөн дүү О.Ц нь намайг онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн байцаалтын явцад болон шүүхэд зориуд худал мэдүүлж гүтгэж байгаа нь намайг заавал ялтан болгохыг хүсэж байгаагийнх гэж үзэж байна. Мөн ялгаагүй миний төрсөн дүү О.Цэ, садан төрлийн Г.Ц, үл таних Ч нар мөрдөн байцаалтын шатанд албаар худал мэдүүлэг өгсөн. Миний төрсөн дүү О.Ц нь гэрч О.Цэ, Г.Ц, Ч нарыг худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, мөрдөн байцаагч, өмгөөлөгч нарыг солиулах зорилгоор сүрдүүлсэн, ятгасан гэж би үздэг. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасан “биеэ хамгаалж чадахгүй байгаа” гэдгийг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар буруу ойлгоод байна гэж үзэж байгаа юм. Биеэ хамгаалж чадахгүй хүн гэж нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, тахир дутуугийн 90-100 хувийн буюу тахир дутуугийн 3 дугаар зэргийн групптэй хүн оношилгоогоороо болон биеийн хүч чадлаараа ордог. Иймд би зөвшөөрөхгүй байгаа юм. Миний төрсөн дүү талийгаач О.Л нь тахир дутуугийн 70 хувийн буюу 2 дугаар зэргийн групптэй байсан. Энэ нь мэргэжлийн ажлаа хийх чадваргүй гэсэн групп тогтоох эмч нарын оношилгоо юм. Миний дүү сантехникийн инженер хийх нь хориотой болохоос бусад хүний хийдэг ажлыг бүгдийг нь хийж чаддаг байсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд Ю.С-ийн өмгөөлөгч Б.Отгонтуяа гэдэг хүн оролцоогүй. Гэтэл Б.Отгонтуяа гэдэг өмгөөлөгч миний эсрэг тайлбар өгснөөр магадлалд бичсэн байх юм. Би одоо 64 настай, туранхай, эцэнхий өвгөн болсон хүн. Ийм насны хүн өөрөөсөө 7 дүү, өөрөөсөө өндөр, том биетэй, чадлаар илүү хүнийг зодож алж чадах уу. Би дүүдээ аль чадах бүхнээрээ тусалж, дэмжиж явахыг хүсэж, өрөвдөж хайрлаж явснаас биш Ю.С, О.Ц, бусад гэрч нарын гүтгэж гүжирдсэн, худал мэдүүлсэн шиг зодоогүй. Би гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ мөрдөн байцаалтын болон бүх шатны шүүхэд мэдүүлсэн боловч миний мэдүүлэг, гомдол, өмгөөлөгчийн тайлбар, гомдлыг огт хүлээн авахгүй байсаар өнөөдрийг хүртэл яг 1 жил 08 сар тасралтгүй цагдан хоригдож байна. Иймд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үнэн мөнийг олж өгөхийг та бүхнээс чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүх хуралдаанд: “…Шүүх шүүгдэгч О.Д, Ю.С нарын хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Нэгдүгээрт, шүүгдэгч Ю.С-ийн мэдүүлгийг шууд үнэн гэж үнэлсэн. О.Д болон хохирогч нар зодолдоод байхаар нь 2 удаа толгойд нь цохиж, дахин дайрахад нь цээжин дээр нь дарсны улмаас хавирганд хугарал үүссэн гэж мэдүүлсэн шүүгдэгч Ю.С болон шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр хавирганд үүссэн хугарал нь шууд буюу цохилтын улмаас үүссэн гэж дүгнэсэн, шүүх уг хугарал нь даралтаас үүссэн, хүндэвтэр гэмтэл гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй буюу шууд хугарлыг шууд бус гэж үзсэн үндэслэлээ шүүх тогтоол, магадлалдаа заагаагүй. Хоёрдугаарт, хохирогч тархины ясны хугарал, тархин доторх цусан хураагуур гэсэн гэмтлээр нас барсан нь тогтоогдсон. Тархины цусан хураагуур доргилтоор үүсэж болохыг шүүх үгүйсгээгүй хэдий ч шүүгдэгч Ю.С хохирогчийн толгойд 2 удаа цохьсон үйлдэл авсан гэмтэлтэй огт хамаагүй хэмээн дүгнэсэн. Шүүх шүүгдэгч Ю.С-ийн мэдүүлгийн дагуу буюу хохирогчийн толгойд гутлаар цохьсон гэсэн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн тархины ясанд цөмөрсөн, шугаман хугарал үүссэн гэж үзсэн боловч цөмөрсөн хэсгийг олж тогтоосон зүйл байдаггүй. Цөмөрсөн хэсгийг олсон тохиолдолд гуталтай харьцуулан үзэж, шүүгдэгч О.Д хохирогчийн толгойд гутлаар цохьсон гэдэг нь үнэн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой. Гэвч гуталтай харьцуулж үзээгүй байхад хэргийг шүүгдэгч Ю.С-ийн мэдүүлгээр эцэслэн шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.Д унтаад сэрэхэд дүү чинь хөдлөхгүй байна гэж хэлснийг л мэдэж байгаа гэж мэдүүлсэн. Гэвч үүнийг нотолсонгүй гэж прокурор хэлж байна. Хуульд зааснаар өөрийгөө нотлох үүрэг хүлээхгүй. Шүүгдэгч О.Д-ын гомдлыг дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ю.С-ийн өмгөөлөгч Б.Отгонтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “…Шүүхээс шүүгдэгч Ю.С, О.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Тунгалаг хяналтын шатны шүүх хуралдаанд: “…Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, зөрчсөн зүйлгүй, хэргийн талаар нотолбол зохих бүх зүйлийг тодруулж, нотлох баримтуудыг цуглуулсан тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдал нь нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч О.Д нь олон жил хохирогчийг асарч, хамт амьдарсан гэж мэдүүлсэн. Мөн талийгаачийг хөдөлмөрийн чадвартай хүн байсан гэж мэдүүлсэн нь ингэж тодорхойлох субьект биш. Түүнчлэн гэрчүүдийг зохион байгуулсан гэж ярьсан нь үндэслэлгүй юм” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй ч хохирогчийг алаагүй гэдэг нотлох баримтыг дурдаагүйг анхаарах нь зүйтэй. Хохирогч толгойн чамархай ясны шинэ хугарал, тархины битүү гэмтлийн улмаас амь насаа алдсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Юуны учраас уг гэмтэл учирсан тухай хэрэг болох үед хамт байсан шүүгдэгч Ю.С гутлынхаа өсгийгөөр толгой руу нь цохьсон гэж мэдүүлсэн. Тухайн үед гэрт маргаан болсныг оршин суугчид буюу хажуу айлын хүмүүс нотолдог. Хаалгаа тайлахгүй дотроосоо түгжсэн байхад “доголон ах” хаалгаа нүдсээр байгаад орсон гэдэг бөгөөд аав, ээжийн буянаар гэх мэт дуу чимээ гарсан гэсэн гэрчийн мэдүүлэг байдаг. Хохирогчийн хувьд 25 жилийн өмнө авсан тархины гэмтлийн улмаас тархи нь цоорхой, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан. Дээр дурдсан нотлох баримтууд нь шүүгдэгч О.Д-ын үйлдсэн хэргийг нотолдог. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэв.

Шүүгдэгч Ю.С нь 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Х дүүргийн Х дугаар хороо, Х хорооллын Х байрны Х тоотод шүүгдэгч О.Д, амь хохирогч О.Л нар зодолдоход хохирогч О.Л-ын баруун гарнаас нь угз татан нүүрэнд нь хоёр удаа цохиж, түүний цээжин дээр дарж хэвтсэнээс болж цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч О.Д нь 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Х дүүргийн Х дугаар хороо, Х хорооллын Х байрны Х тоот дахь гэртээ согтуурсан үедээ төрсөн дүү О.Л-ыг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж “дэрэн доороос тамхи авах гэлээ” гэх шалтгаанаар зодож алсан нөхцөл байдал нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Д, Ю.С нарын гэм бурууг хянан хэлэлцэж, О.Д-ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ю.С-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах” гэмт хэрэгт арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүй байхаар тус тус хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүх О.Д, Ю.С нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэн О.Д-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад зааснаар, Ю.С-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, уг зүйлд заасан хэмжээний дотор ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлэх бөгөөд өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой хүн биеэ хамгаалж чадахгүй этгээдэд хамаардаг ба амь хохирогч О.Л хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүх магадлалынхаа тогтоох хэсэгт “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын Ю.С-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэж бичсэн бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалт нь О.Д-тай холбогдох заалт, 5 дахь заалт нь Ю.С-д холбогдох заалт байх тул уг техникийн шинжтэй алдааг залруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 552 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4...” гэснийг “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Д-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                ДАРГАЛАГЧ

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                ШҮҮГЧ                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР