Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-03
Тогтоолын дугаар 246
Хэргийн индекс 105/2016/0321/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Х
Зүйл заалт 148.4.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг, Г.Энхтүвшин,

хохирогч Б.Б,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхүү,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, Т.Алдармаа,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 582 дугаар магадлалтай, 201301020514 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг, Г.Энхтүвшин нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ийн Х нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Х-ыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Х-ыг 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 06 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Х-д оногдуулсан 10 жил 06 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.Х-ыг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Б.Х-ыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жил хорих ял шийтгэсүгэй”, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Х-д оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг, Г.Энхтүвшин, Ж.Батхүү, Б.Цэцэнбилэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Надад холбогдох хэргийг үүсгэсэн цагаасаа авахуулаад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 гэсэн хэсгийн дагуу шалгаж, нотлох баримтуудыг цуглуулсан байдаг. Дээрх хуулийн хэсгээр шалгахдаа цагдаа, прокурор, шүүх нэг ижил хууль, нэг ижил заалт, Улсын дээд шүүхийн нэг л тайлбарыг мөрдлөг болгож ирсэн ч гарсан шийдвэр нь олон янз, нэг нэгнийхээ шийдвэрийг няцаасан, яллах, цагаатгах талыг зөрүүтэй баримталж ирсэн. Энэ нь мөрдөн байцаагч, прокурор хэргийг шалгахдаа, шүүгч хэргийг шүүхдээ Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 гэсэн зүйлчлэлийг иргэний хэргээс ялгаж үзэх гол тайлбарыг шингээсэн Улсын дээд шүүхийн тайлбарыг аль нь ч огт хэрэглээгүй, хэрэглэсэн ч мушгиж, хуулийг гажуудуулж хэрэглэсэн гэдгийг тодорхой харуулж байна. Зориглон хэлбэл Б.Х надад ял шийтгэлийг хүчээр тулгаж оногдуулсан гэж үздэг. Улсын дээд шүүхийн тайлбарт маш тодорхой заасан “хохирогч” гэж хэнийг хэлэх вэ, бодитойгоор хохирсон эсэх, бодитойгоор хохирсон бол хохирлын хэмжээг заавал тогтоох ёстой гэсэн заалтыг байцаагч, прокурорууд шалгаж, хөдөлбөргүй тогтоох байсан гэж би боддог. Миний зүгээс болон өмгөөлөгч нарын зүгээс, мөн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны шүүхийн 361 дүгээр шүүгчийн захирамж, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 493 дугаар магадлал зэрэгт заасан хохирогч гэх Б.Б-ыг жинхэнэ хохирогч мөн эсэх, нэхэмжилж буй 100,000 ам.доллар нь яг өөрийнх нь мөнгө мөн үү гэдгийг шалгуулах гэж олон удаа хүсэлт гаргаж байсан ч харамсалтай нь бидний хүсэлт огт хангагдаагүйгээс гадна дээрх шүүгчийн захирамж, магадлалын заалтууд бүрэн дүүрэн хангагдаагүй юм. Ямар ч байсан ийм их хугацааны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-нд байцаагч Д.Б-ийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг үндэслэн прокурор Ш.А нь 2017 оны 02 дугаар сарын 17-нд “хохирогч нь 100,000 ам.долларынхаа эх үүсвэрийг тогтоож чадаагүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон 206 дугаар тогтоолыг гаргасан. Нэгэнт хохирогч гэх Б.Б нь 100,000 ам.долларынхаа эх үүсвэрийг тогтоож чадаагүй болохоор энэ хэрэг юу болох вэ. Хохирогч Б.Б нь Б.Х намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэж үзэж болохоор байна. Ямартаа ч хохирогч гэх Б.Б нь жинхэнэ хохирогч биш гэдэг нь байцаагч, прокурор нарын шийдвэрээр хөдлөшгүй тогтоогдсоныг анхаарч үзнэ үү. Улсын дээд шүүхийн тайлбарт залилан мэхэлсэн, шунахай санаа сэдэлттэй байсан, хуурсан зэрэг “санаа сэдэл” анхнаасаа байж уу гэдгийг тогтоосноор нотлох тухай тусгасан байдаг. Миний бие анхнаасаа хохирогч гэх Б.Б-ыг хуурч мэхлэх санаа сэдэл огт байгаагүй, мөнгийг Б.Б-ын гараас ч аваагүй. Б.Х миний бие 100,000 ам.долларын тухай, хувьцаагаа худалдах тухай яриаг анхнаасаа хохирогч гэх Б.Б-тай ярьж байгаагүй, энэ талаар санал ч гаргаагүй. Б.Б бид хоёрын дунд энэ талаар ямар ч яриа хэлцэл тохироо явагдаж байгаагүй юм. Нэг талаасаа хохирогч гэх Б.Б нь бодитойгоор хохирсон хохирогч биш гэдгээ нэхэмжилж буй 100,000 ам.долларынхаа эх үүсвэрийг тогтоож чадахгүй байгаагаар нотолж байхад, нөгөө талаас Б.Х миний зүгээс хохирогчийг хуурч мэхлэх, залилах ямар нэгэн санаа сэдэл, үг үйлдэл огт гаргаагүй нь хохирогчийн өөрийнх нь болон гэрч Э.А, Ш.Ц нарын мэдүүлгээр нотлогдож байхад Б.Х надад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж, ял тулгаад байгааг ойлгохгүй байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 582 дугаар магадлалын тухайд байр сууриа товчхон хэлье. Уг магадлалд хохирогч Б.Б, гэрч Э.А, Ш.Ц нарын мэдүүлгээс иш авснаас үзэхэд Б.Х намайг шууд буруутгах, хохирогчийг хуурч мэхэлсэн гэх үндэслэл огт харагдахгүй байгааг анзаарна уу. Гэрч Т.Э-ын Компанийн тухай хууль, компанийн дүрэмд огт байхгүй заалтын талаар ярьсан мэдүүлгийг сайтар нягталж, шалгах ажиллагаа хийлгүй намайг буруутгаж байгаа нь хэргийг нотлох баримтад түшиглэн шалгаж шийдээгүйг харуулж байгаа юм. Хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоож өгөхгүй байгаа нь ямар их ашиг сонирхол нуугдаж байгааг шууд илтгэдэг. Б.Х надад өгсөн гэх уг 100,000 ам.доллар нь компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан, идсэн завшсан дээрээ тулбал хохирогч гэх Б.Б ч тэр, гэрч Э.А, Ш.Ц, Ж.О, Т.Э бүгд л энэ мөнгөнөөс хүртсэн. Тэр ч бүү хэл Б.Х надад хуулиар олгогдох ёстой 30 хувьд оногдох ногдол ашиг болох 280,000 орчим ам.доллар, бүтээгдэхүүн захиалахад зориулсан 64,000 ам.долларын аль алиныг нь дээрх нэр бүхий этгээдүүд завшсан гэдгийг татвар, аудит, шинжээчийн дүгнэлтүүдээр хөдлөшгүйгээр нотолсон болохыг мөн л чухалчлан авч үзэж шалгана уу. Б.Х надад холбогдох уг эрүүгийн хэргийг үнэн зөвөөр шүүн тунгааж, Б.Х намайг Э.А нарын ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн үгсэж хуйвалдсан гүжир гүтгэлгээс салгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Г.Энхтүвшин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “…Хэрэг давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцсан үед зарим баримтууд тодорхой болж хохирогч гэх Б.Б Ш.Ц-оос 100,000 ам.доллар зээлж авч Б.Х-д өгсөн гэсэн нь худлаа болох нь тогтоогдсон. Гараар бичсэн гэрээ нь мөнгө зээлсэн гэх өдрөөс 6 хоногийн өмнө огноотой байдаг. Ш.Ц аавыгаа нас бардаг өдөр 2012 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө сейфнээс нь гэрээсээ мөнгийг авч өгсөн. Гэр маань 5 дугаар сургуулийн ард байсан гэж мэдүүлдэг. Гэтэл уг орон сууц нь 8 сарын өмнө өөр эзэмшигчид худалдагдсан нь тогтоогдсон. Мөн хохирогч Б.Б, гэрч Ш.Ц нарын өгсөн авсан гэх 100,000 ам.доллар тэдний мэдүүлгээр мөнгөний дэвсгэрт нь зөрдөг. Энэ байдлаас дүгнэхэд Б.Б гэх хүн өөрөө хувьцаа авах гэж гэрээ, хэлцэл хийгээгүй, Э.А-ын зохиосон жүжгийн голлох тоглогч болж, Эрүүгийн хэрэг үүсгүүлж, бусдыг хилс хэрэгт яллах нөхцөлийг бүрдүүлж байна. Хэрэв дээрх үйлдэлд Б.Х буруутай гэж үзвэл Компанийн тухай хууль зөрчиж хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэхгүй Б.Б-аар 100,000 ам.долларыг авчирч өгүүлээд байгаа Э.А буруугүй юм уу. Энэ бүхнийг Э.А зохион байгуулаад байгаа нь өөрийнх нь мэдүүлэг, бусад гэрч нар болон Б.Х-ын мэдүүлгээс тодорхой байдаг. Тэгвэл гэмт хэрэг хамтран үйлдсэн хүмүүсийн нэгийг нь онцолж, ял шийтгэл оногдуулж байгаа нь Үндсэн хуулийн “ялгаварлан гадуурхахгүй байх” заалт, Эрүүгийн процессын хуулийн “хуулийн өмнө эрх тэгш байх” зарчим хэрэгжсэнгүй. Б.Х-ын залилсан гэх 100,000 ам.доллараас “Х” ХХК-ийн дансанд 64,000 ам.доллар орж Тайван Улс руу барааны захиалгад шилжсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сард Нано бүтээгдэхүүн болж ирснийг Э.А, Б.Б нар авч олон компаниудад зарж 1,5 тэрбум төгрөгөөр борлуулсан ч компанид энэ орлого эргэж ороогүй, хувьцаа эзэмшигч Б.Х-д нэг төгрөгийн ч ашиг хуваарилаагүй, хөрөнгийг Э.А завшсан. Тэгсэн байтал анхан шатны шүүх 64,000 ам.долларыг “Х” ХХК-иас гаргуулахгүй, Б.Х-аас гаргуулсан нь үндэслэлгүй юм. Э.А татвар ногдуулах бараа бүтээгдэхүүнийг татварт оруулахгүй нууж үрэгдүүлж завшсан байтал тэр хүн ял зэмгүй, хөрөнгө мөнгөтэй, бусдад буруугаа чихэж уснаас цэвэр гарч, хэргээс мултарч байна. Э.А гэмт хэрэгт хамааралгүй гэж үзвэл Б.Х-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй болно. Түүнчлэн Б.Х-д гэмт хэрэг үйлдэж мөнгө олох зорилго, санаа сэдэл байсан уу, үгүй юу гэдгийг сайтар нягтлах ёстой. Шилжүүлэх гэж байсан 15 хувийн хувьцаа байсан, шилжүүлэх зарах ажлыг Э.А сэдэж, шахалт дарамт үзүүлж эцэстээ Б.Б-ыг олж авчирсныг та бүхэн анзаарч дүгнэж үзнэ үү. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэрэг биш байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Б.Х-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “…Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоол, магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгийг өөр өөр байдлаар тайлбарласан гэж дүгнэхдээ гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд ч бас өөр өөр байдлаар тайлбарлаж мэдүүлснийг хэрхэн тайлбарлаж байгаагаа дурдаагүй байж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан яллах үндэслэлээ болгон тайлбарлаж байгаад гомдолтой байна. Шүүх Б.Х-ыг шалтаг тайлбар гаргаж өдийг хүрсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байгаа ба гол яллаж байгаа залилах гэмт хэрэг үйлдэж эд хөрөнгийг өөрийн мэдэлд оруулсан цаг хугацаа буюу 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдсэн үү, үгүй юу гэдэгт шүүх дүгнэлт хийлгүй, өдийг хүртэл гэж залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж байгаа үеэс хойш 5 жилийн хугацаанд Б.Х-ын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж байгаа нь гэмт хэргийн ойлголт шинжийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Б.Х-ыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 322 дугаар шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд залилах гэсэн нэр томьёотойгоор гэмт хэргийг хуульчилжээ. Тухайлбал “Залилах” гэдэг гэмт хэргийн ойлголт шинжийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэг байхаар хуульчилжээ. Б.Х-ын хувьд залилах гэмт хэргийн дээрх жагсаасан гэмт хэргийн аль ойлголт шинжээр гэм буруутайд тооцох нь хэрэгт авагдсан байдлын хувьд эргэлзээ бүхий байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дүгнэсэнчлэн мөн хуучин хуулийн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр хэрэгжсэн хуулийн залилах буюу дээрх жагсаасан 6 ойлголт шинжтэй адилтган төсөөтэй хэрэглэх боломжтой эсэх, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл үүсэх нөхцөл хоёр хуулийн хэрэгжилтийн явцад үүсэх эрсдэл байгаа болно. Өмгөөлөгчийн зүгээс үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн хуулийн заалтын хүрээнд шинээр хэрэгжсэн Эрүүгийн хууль үйлчилнэ гэж үзэж байна. Хуучин хуулийн залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хуурч мэхлэх, итгэл эвдэх арга гэдэг нь шинэ Эрүүгийн хуулийн залилах гэмт хэргийн хуурч, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэсэн ойлголттой ижил мэт боловч шүүгдэгч Б.Х хохирогчид юу гэж худал хэлж хуурсан болох, Э.А-ын танилцуулснаар анх уулзсан, урьд нь таньдаггүй, ямар ч харилцаагүй байсан хохирогч Б.Б, шүүгдэгч Б.Х нарын хооронд ямар итгэл байсан, түүнийг хэрхэн яаж ашигласан болох үйл баримт хэрэгт авагдаагүй бөгөөд харин ч ийм зүйл байгаагүй гэдэг нь нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Б.Х Б.Б-ыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаа хэзээ вэ гэдэгт шүүх бодит дүгнэлт хийлгүй гэмт хэрэг төгссөний дараах жилийн хувьцаа эзэмшигч нарын хурлын талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдэж шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэгт шийтгэх тогтоолдоо ямар нотлох баримтыг үнэлж дүгнээд байгааг анхааран үзнэ үү. Шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэж дүгнэсэн байж уг өдрөөс өмнө хохирогч, шүүгдэгч нарын хооронд ямар итгэлцэл байсан, тухайн цаг үед болон өмнө нь ямар үйл баримтыг худал хэлж итгүүлэн хуурсан зэрэг хэргийн бодит байдал цугларсан баримтаар хэрхэн тогтоогдож байгааг дүгнэлгүй гэмт хэрэг гарсан гэх хугацаанаас хойших буюу хувьцаа эзэмшигч нарын 2013 оны хурлын хэлэлцсэн асуудлаар дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.Х Х ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшиж байсан уу, эсхүл эзэмшдэггүй хувьцаагаа эзэмшдэг мэтээр зарсан уу. Б.Х Х ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Хувьцаа эзэмшигч хувьцаагаа бүхэлд нь буюу зарим хэсгийг нь зарж борлуулах нь гэмт хэрэг мөн үү. Бусад хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй зарсан бол гэмт хэрэг болох уу. Хувьцаа эзэмшигч хувьцаа зарах талаараа хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх үүрэгтэй юу. Хувьцаа эзэмшигч хувьцаагаа худалдах талаар бусад хувьцаа эзэмшигч нарт яаж мэдэгдэх вэ, энэ бүх асуудлыг Компанийн тухай хуулиар зохицуулсан бөгөөд хувьцаа эзэмшигч Б.Х хувьцаагаа зарж борлуулах эрх нь хуулиар нээлттэй бөгөөд бусад хувьцаа эзэмшигч нарт борлуулах үнэ, хугацааг мэдэгдэж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх удирдлага буюу захирал нь бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэхээр Компанийн тухай хуульд хуульчилсан байна. Хувьцаагаа зарах эрх нь хуулиар хувьцаа эзэмшигчид олгогдсон ба Б.Х нь хувьцаа зарахаа компанидаа мэдэгдсэн, компанийн бусад хувьцаа эзэмшигч нар давуу эрхээр худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй байхад Б.Х гуравдагч этгээдэд зарсан процессыг яагаад гэмт хэрэг гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Хувьцаа авахаар 100,000 ам.доллараар хохирсон гээд байгаа хувьцаа нь одоо хүртэл Б.Х-д байсаар байгаа ба харин хувьцаа эзэмшигч нар хурлаа хийж дүрэмдээ өөрчлөлт оруулж, улсын бүртгэл хийгдэхгүй байгаад зөвхөн Б.Х-ыг буруутгах нь учир дутагдалтай юм. Б.Х-ын бусдыг хохироосон гэх 100,000 ам.доллараар бүтээгдэхүүн захиалж 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж ашиг гарган хуваан авсан хүмүүс завшиж байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх, шударга ёсны зарчим алдагдаж, Б.Х-ыг гэм буруутай гэх шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай тохироогүй болохыг нотолж байна. Шүүх компанийн бусад хувьцаа эзэмшигч нарт өөрийн хувьцааг худалдан борлуулах талаар танилцуулан саналыг нь авч, өөрийн хувьцаагаа худалдан борлуулах эрх үүсэх байхад энэ талаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан байна гэж дүгнэжээ. Хувьцаа эзэмшигч Компанийн тухай хуульд зааснаар компанидаа худалдах хувьцаа, үнэ, хугацааны талаар мэдэгдэнэ. Түүнээс биш бусад хувьцаа эзэмшигч нараас санал авдаггүй. Харин компани нь хувьцааны тоо, үнийг бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж, худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх хариуг компанид ирүүлэх хугацааг заан мэдэгдэнэ. Энэ хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй татгалзсан гэж үзэж гуравдагч этгээдэд бусад хувьцаа эзэмшигч нарт санал болгосон үнээс доошгүй үнээр худалдах эрх үүснэ. Х ХХК-д Б.Х нь хувьцаагаа зарах талаар мэдэгдсэн нь хохирогч Б.Б-ын мэдүүлгээр тогтоогддог. Тодруулбал, Х ХХК-ийн захирал Э.А-т Б.Х мэдэгдэж, улмаар Э.А-аас сураг дуулж хохирогч Б.Б хувьцаа худалдан авахаар болсон байдаг. Э.А шүүхийн хэлэлцүүлэгт бусад хувьцаа эзэмшигч нартаа мэдэгдсэн гэж хэлдэг. Хувьцаа эзэмшигч компанийн хүлээх хариуцлагыг үүрэхгүй бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй захирал Э.А бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх үүрэгтэй этгээд болно. Компанийн тухай хуулийн зохицуулалтыг эрүүгийн хэрэг гэдэг утгаар мушгин гуйвуулж буруутгах үндэслэл болгосонд гомдолтой байна. Хувьцаа нь Б.Х-д одоо хүртэл байсаар байтал хувьцаа шилжүүлнэ гэж залилсан гэж байгаа нь ойлгомжгүй. Б.Х хувьцаагаа шилжүүлэхээс татгалзсан ямар ч баримт байхгүй, хувьцааг улсын бүртгэлд бүртгүүлэхэд хувьцаа эзэмшигч нарын шийдвэр гараагүйд Б.Х-ыг буруутгаж яллаж байгаад гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч О.Одхүү хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүх нэг зүйлийг буруу дүгнэсэн. Компанийн тухай хуульд заасан үүргийг шүүгдэгч Б.Х биелүүлэх ёстой буюу биелүүлээгүйн улмаас залилан мэхэлсэн гэж дүгнэсэн. Уг дүгнэлтэд шүүгдэгч Б.Х компанийн хувьцаагаа зарах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд мэдэгдэх ёстой байсан ч мэдэгдээгүй гэсэн асуудлыг гол үндэслэл болгосон. Компанийн тухай хуульд зааснаар энэ нь компанийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал юм. Хувьцаа зарах асуудлыг “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А санаачилж, шүүгдэгч Б.Х-д өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа түүний найзад зарах саналыг тавьсан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал Э.А энэ асуудлыг мэдэж байсан. Шүүгдэгч Б.Х хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх санал гаргахад Э.А хэлэлцүүлээгүй байдаг. Үүнээс болж хувьцаа зарагдаагүй буюу иргэний харилцааны эрсдэл гарсан. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн асуудал нь гүйцэтгэх захиралд хамаатай үйлдэл болохоос хувьцаа эзэмшигчид хамааралгүй. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй холбон үндэслэлээ тайлбарлалаа” гэв.

Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч П.Одонтунгалаг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хувьцаа эзэмшигч өөрийн эд хөрөнгө болох хувьцаагаа зарах эрхтэй. Компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдсэн тохиолдолд компанийн дүрмийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар өөрчлөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар шаарддаг. Хувьцаа шилжүүлээгүй гэдэг асуудлаар шүүгдэгч Б.Х-ыг буруутгаж байгаа бол тэрээр хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хийсэн байсан. Гүйцэтгэх захирал Э.А хувь эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлээгүйн улмаас хувьцаа шилжүүлээгүй. Хохирогч хувьцаа авна гэж мөнгө шилжүүлсэн боловч хохирсон гэж мэдүүлсэн. Прокурорын байгууллага, шүүхийн шийдвэрээр хувьцааг шилжүүлэх боломжтой юу гэхэд хохирогч Б.Б “компани тусгай зөвшөөрлөө алдсан учир одоо надад ашиггүй” буюу би авахгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, ашиггүй болсон учир гэрээнээс хохирогч Б.Б татгалзаж байна. Хувьцаа шилжүүлж аваагүй асуудал нь иргэний эрх зүйн гэрээтэй холбоотой. Бусад хувьцаа эзэмшигчид хуралдаа ирээгүйн улмаас хувьцаа шилжүүлэх шийдвэр гараагүй нь шүүгдэгч Б.Х-ын буруу гэж үзэн ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хувьцаа зарахаар тохиролцож авсан 100,000 ам.долларын 64,000 ам.долларыг компанид бүтээгдэхүүн захиалахад зарцуулсан. “Х” ХХК нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Компани 64,000 ам.долларыг буцааж өгөх ёстой. Шинжээчийн дүгнэлтээр бусад хувьцаа эзэмшигчид борлуулалтын орлогоос хувь хүртсэн байдаг бөгөөд шүүгдэгч Б.Х борлуулалтаас хувь авсан эсэх тал дээр анхаарч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхүү хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгчдийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Иргэний хариуцагчийн асуудлыг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй. Т.Э-ын хувьд мөнгө авсан асуудал хэрэгт авагдсан нотлох баримтад байхгүй. “Х” ХХК болон иргэн Т.Э нарт холбогдуулж иргэний нэхэмжлэл гаргаагүй учир анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгч өөрийн үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа боловч хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Х-ын мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна” гэв.

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг, Г.Энхтүвшин нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Х-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, Б.Х-ын үйлдэл холбогдол, гэм буруугийн байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв.

Нэг. Шүүгдэгч Б.Х нь “Х” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа 150,000 ам.доллараар зарж шилжүүлэхээр тухайн компанийн гүйцэтгэх захирал Э.А-ын санал болгосноор иргэн Б.Б-тай харилцан тохиролцож, түүнээс 10 хувийн хувьцаатай тэнцэх 100,000 ам.долларыг авсан үе, эсхүл компанийн хувьцааг шилжүүлэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа үеийн аль цаг хугацаанд нь гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоох шаардлагатай.

Уг асуудлыг шалган тогтоох нь дээрх үйлдэлд Б.Х ганцаар буруутай эсэх, түүний бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд хэн нэгэн санаатай саад учруулсан эсэх, энэ нь гэмт хэргийн шинжтэй эсэх, үүнд Б.Х хамтран оролцсон эсэх зэргийг тодруулахад ач холбогдолтой гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгч Б.Х нь Б.Б-аас авсан гэх 100,000 ам.долларын зарим хэсгийг “Х” ХХК-ийн үйл ажиллагаа буюу бараа захиалахад шилжүүлсэн эсэх, үүнээс ашиг хүртсэн эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд иргэний хариуцагчаар уг хуулийн этгээдийг татах, хохирол, иргэний нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хариуцах эсэх асуудлыг шалган шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд Б.Х-д холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг, Г.Энхтүвшин нарын гэм буруугийн талаар гаргасан гомдлуудыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 582 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Х-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                   ШҮҮГЧ                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР