Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-29
Тогтоолын дугаар 288
Хэргийн индекс 186/2017/0118/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч Ц.А
Зүйл заалт 233.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

                                  Ц.А-д холбогдох эрүүгийн

                                              хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж,

        шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

         прокурор М.Буяннэмэх,

         цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Одончимэг,

         хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, 

      нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

         Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 275 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9  дүгээр сарын 26-ны өдрийн 691 дүгээр магадлалтай Ц.А-д холбогдох эрүүгийн 2014250005570 дугаартай хэргийг цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Х овогт Ц.А нь Г.Ө хамтран барилга барьж түүний ашгийн хуваарилалтад өс санаж буюу өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Ө гүйцэтгэх захиралтай УУСА /UUSA/ нэртэй компаний тамгатай цаасыг ашиглан 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Г.Ө нь 60.000 ам.долларыг 1 жил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухай “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хуурамчаар үйлдэн иргэний хэргийн шүүхэд 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, Г.Ө 60.000 ам.доллар буюу 70.009.000 төгрөгийн /1 ам.доллар=1250,15 төгрөг/ онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 275 дугаар цагаатгах тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ц.А-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

         Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9  дүгээр сарын 26-ны өдрийн 691 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 275 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.А-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

        Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Одончимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Ц.А-д холбогдох үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнийг цагаатгасныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 691 дүгээр магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь дараах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

         Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж буй үндэслэлийг тодорхой заан дүгнээгүй боловч магадлалын агуулгаас дараах нөхцөл байдлыг журам зөрчсөн гэж дүгнэсэн мэт харагдаж байх ба энэ нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

         -Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан асуудлыг тусгаагүй хэмээн дүгнэсэн боловч цагаатгах тогтоолд дурдвал зохих асуудал бүрэн тусгагдсаныг үгүйсгэх боломжгүй байна.

        - Шүүх “иргэний хэргээс зээлийн гэрээ, мөнгө өгсөн баримт зэргийг эх хувиар нь авч эрүүгийн хэрэгт хавсаргаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлах шаардлагатай”  гэснийг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болгожээ. Энэхүү баримт хэрэгт авагдаж, эдгээр баримтанд шинжилгээ хийж, гаргасан шинжээчийн 4 дүгнэлт хэрэгт авагдсан байтал шүүх ийнхүү дүгнэсэн нь анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг илтэд үндэслэлгүйгээр үгүйсгэсэн хэрэг болж байна.

         Анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлэг таамаглалд үндэслэсэн, шууд нотолсон шинжгүй байх тул тэдгээрээр Ц.А-ны гэм буруутай болох нь нотлогдохгүй байна гэх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх “дүгнэлт хийлгүй орхигдуулсан” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн хэрэг болжээ.

        Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэв.

        Хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх тодорхой үндэслэл зааж, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан гэж үзэж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

        Оролцсон прокуророос:  Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй... хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийг тодорхойлон заажээ.

         Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан бүх нотлох баримтад тулгуурлан хянах эрхтэй ба үүрэгтэй байна.

         Өөрөөр хэлбэл хуулийн шаардлагад нийцүүлэн цуглуулж, бэхжүүлсэн бүх нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн эсэхийг хянан үзэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарч байна.

          Ц.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах шатны шүүх нь мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн эсэх, одоогийн байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэхийг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг хийж, эрх зүйн үнэлгээ өгснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

          Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан байх тул “магадлалыг хүчингүй болгож, өгөхийг хүссэн” өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9  дүгээр сарын 26-ны өдрийн 691 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН