Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-29
Тогтоолын дугаар 289
Хэргийн индекс 000/2017/0289/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч С.Н
Зүйл заалт 148.4.
Улсын яллагч М.Буяннэмэх,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

                                       С.Н-д холбогдох ял дүйцүүлэн

                                                      хасах тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж,   

        Шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

        прокурор М.Буяннэмэх,

      нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

        Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 432 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 104 дүгээр магадлалтай С.Н-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан С.Н-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, Б овогт С.Н нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, одоо уг ялаа эдэлж байгаа,

        Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 432 дугаар шүүгчийн захирамжаар: ... 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар С.Н-гийн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 11 сар 11 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

         Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 104 дүгээр магадлалаар: ...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 432 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С.Н-гийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ялтан С.Н-гийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж,

         2 дахь заалтыг “ялтан С.Н-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Н-гийн 3 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулжээ.

 

         Хяналтын шатны шүүхэд ялтан С.Н гаргасан гомдолдоо: “…хууль эрх зүйн мэдлэггүй гэнэн тэнэг итгэмтгий зангаасаа болж ийм хүнд хэрэгт холбогдсон, үр хүүхдээсээ салж амьдралаа үгүй хийж олон хүнийг гомдоосондоо үнэн сэтгэлээсээ харамсаж байна. Одоо хүүхэдтэйгээ хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа. Энэ байдлыг минь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар торгох ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

        Оролцсон прокуророос: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

         2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт уг хуулийг буцаан хэрэглэхгүй байх нэг үндэслэлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон“ тохиолдлыг хамааруулан хуульчилсан байна.

      Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон гэдэгт өмнөх Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдоггүй байсан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шинэ Эрүүгийн хуулиар эрүүжүүлсэн хэм хэмжээ тогтоосныг ойлгодог билээ.

        Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч нийгэмд аюултай тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцох замаар эрүүгийн хариуцлага, ялыг шинээр тогтоож буй явдал юм.

       Энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан зүйл, хэсгийг уг хэм, хэмжээг  тогтоосон хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

         2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулиар шинээр эрүүжүүлсэн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг дээр дурдсан хугацаанаас хойш үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэх байтал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн С.Н-гийн хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулсан нь үндэслэлтэй болжээ.

         Түүнчлэн давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэснийг үндэслэн ялтан С.Н-д урьд оногдуулсан  ялыг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хөнгөрүүлэн тогтоосон нь зөв байх тул “...торгох ялаар шийтгэж өгнө үү” гэсэн ялтны гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 104 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, ялтан С.Н-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН