Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 307
Хэргийн индекс 000/2017/0089/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч Д.Б
Зүйл заалт 181.2.5.
Улсын яллагч М.Буяннэмэх,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

                                            Д.Б-д холбогдох ял дүйцүүлэн

                                                          хасах тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж,      

          Шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,  

          прокурор М.Буяннэмэх,  

          нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар магадлалтай Д.Б-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Д.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй Х овогт Д.Б нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-д зааснаар 23 жилийн, 252 дугаар зүйлийн 252.2-т зааснаар 2 жилийн, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 91.2.12-д зааснаар 23 жилийн хорих ял дээр  252 дугаар зүйлийн 252.2-т зааснаар 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жилийг  тус тус нэмж нэгтгэн, нийт 25 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 834 дүгээр магадлалаар хэвээр үлдээснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны  2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Д.Б-д Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ял оногдуулж, уг ялд 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тус тус багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 18 жилийн хорих ялаар тогтоосон ба одоо уг ялаа эдэлж байгаа

          Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Д.Б-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан багтаасан ялаас чөлөөлж, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар оногдуулсан 18 жилийн хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялтай дүйцүүлэн 14 жил 4 сар 26 хоногийн хорих ял болгож,  түүний биечлэн эдэлсэн 7 жил 3 сар 7 хоногийг хасаж, эдлэх ялыг 7 жил 1 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар магадлалаар:  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар захирамжийн удиртгал хэсэгт “... /ШГ61072411/...” гэснийг “...ШВ68022312 регистрийн дугаартай...” гэж өөрчилж, шүүгчийн захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээж, ялтан Д.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

          Хяналтын шатны шүүхэд ялтан Д.Б гаргасан гомдолдоо: “…Магадлалын тодорхойлох хэсэгт дурдсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т заасан зүйл ангиар оноосон 18 жилийн хорих ял нь 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан зүйлчлэлд шилжиж 14 жил 4 сар 26 хоногийн хорих ял болгон тогтоосон хэмжээ нь тоон аргачлалын хувьд дутуу тооцоологдож тогтоогдсон байгааг Улсын Дээд шүүх хянан зөвтгөж тогтоож өгөхийг хүсэж байна... Шүүх надад 18 жилийн хорих ял оноохдоо 2002 оны Эрүүгийн хуулийн “архидан согтуурсан үедээ, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн” гэдэг 3 нөхцөл байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хориглогдсон нөхцөл байдал байх тул бууруулах коффицентээр тогтоогдож надад оноосон ялаас энэ 3 нөхцөл байдалд оногдох ялын хэсэг бас хасагдах ёстой. Учир нь надад 2002 оны Эрүүгийн хуулиар ял оноохдоо энэ 3 нөхцөл байдлыг харгалзаагүй бол ялын доод хэмжээ болох 15 жилийн хугацааг эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 дүгээр зүйлээр 15 жилээс ч доогуур ял оноож болох байсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх  2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн 21041357 дугаар хэргийн материалыг миний өмгөөлөгч Г.Золзаяагийн гомдлоор хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1.4-т зааснаар хөнгөрүүлэн авч үзсэн байдаг. Тийм болохоор шинэ Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж оноохыг хориглосон энэ 3 нөхцөл байдалд оногдох ялын хэсэг надад шинэ Эрүүгийн хуулиар дүйцүүлэн багасгаж оноосон хэмжээнээс бас хасагдаж, надад оногдох ялыг багасгах ёстой. Улсын Дээд шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэж, надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх зүйлчлэлээр оноосон ялаас энэ 3 нөхцөл байдалд оногдох ялын хугацааг бас хасч, оногдох ялыг багасгаж тогтоож өгөхийг би хүсэж байна” гэжээ.

          Оролцсон прокуророос: Анхан болон давж заалдах шатны шүүхийн захирамж, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:  

          Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж заасан байна.

         Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн (Хууль буцаан хэрэглэх) 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тодорхой заажээ.

         Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа этгээдийн хувьд хууль буцаан хэрэглэх явдал нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод, дээд хэмжээг хөнгөрүүлэн тогтоосон тохиолдолд л зөвхөн тэр багасгасан хэмжээнд нь нийцүүлэн хасах байдлаар хэрэгжих билээ.

         Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд шүүхээс биечлэн эдлүүлэхээр өмнө нь тогтоосон ялын хэмжээг л багасган шийдвэрлэхээс бус хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор нотолсон хэргийн үйл баримт, түүнд өгсөн эрх зүйн дүгнэлт зэргийг ялыг дүйцүүлэн хасч буй шүүх өөрчлөх эрхгүй болно.

          Мөн ялыг дүйцүүлэн хасах ажиллагаа нь зөвхөн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын хүрээнд явагддаг ба энэ ажиллагааны явцад гэм бурууг шинээр тогтоож, ял оногдуулдаггүй тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл (Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал) 6.6 дугаар зүйл (Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал)-ийн зохицуулалтууд үүнд хамаарахгүй юм.

          2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн (Хүнийг алах) 2.1-д зааснаар ялтан Д.Б-д оногдуулж болох хорих ялын доод хэмжээ 12 жил, дээд хэмжээ 20 жил болж тус тус багассан боловч энэ гэмт үйлдэлд нь өмнө оногдуулсан 18 жилийн хорих ял нь шинээр тогтоосон дээрх ялын хэмжээний хязгаар дотор багтаж байх тул шинэ хуулиар оногдуулах хорих ялын хэмжээг хөнгөрүүлсэн гэж үзэхгүй байх үндэслэлтэй хэдий ч нэгэнт хоёр шатны шүүх ялыг дүйцүүлэн хасах жишиг аргачлалыг хэрэглэж,  шүүхээс анх оногдуулсан ялаас 3 жил 7 сар 4 хоногийн хорих ялыг хасч тооцсоныг хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэв.

          Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг хэрэглэн хорих ялын хэмжээг дахин бууруулж өгөхийг хүссэн ялтны гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтан Д.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН