Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 308
Хэргийн индекс 164/2017/0032/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч Л.Б, Б.М, Б.П, Б.А нар
Зүйл заалт 098.1.
Улсын яллагч М.Буяннэмэх,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

                                                    Л.Б, Б.М, Б.П, Б.А нарт холбогдох

                                                           эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор М.Буяннэмэх, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр цагаатгах тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9  дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр магадлалтай Л.Б, Б.М, Б.П, Б.А нарт холбогдох эрүүгийн 201707000005 дугаартай хэргийг улсын яллагч Х.Гүнжидмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, Говь-Алтай аймгийн онцгой байдлын газрын орлогч дарга ажилтай, ял шийтгэлгүй У овогт Л.Б,

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Т овогт Б.М, 

3. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй М овогт Б.П,

4. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй М овогт Б.А

Шүүгдэгч Л.Б нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хорооны 4-1 тоот хашаанд иргэн Б.М-ыг нохой дайрлаа гэсэн маргааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М нь Л.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдож, 2017 оны 01 дүгээр сарын 19, 27-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрийн биед гэмтэл учруулсан этгээд, түүний үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй, болсон явдлыг мэдэхгүй мэтээр худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Б.П нь Л.Б-т холбогдох хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 07, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн, харсан, сонссон зүйлээ огт үзээгүй, хараагүй, сонсоогүй мэтээр худал мэдүүлсэн,

Шүүгдэгч Б.А нь Л.Б-т холбогдох хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 09, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн, харсан, сонссон зүйлээ огт үзээгүй, хараагүй, сонсоогүй мэтээр худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр цагаатгах тогтоолоор: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М, Б.П, Б.А нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9  дүгээр сарын 11-ний өдрийн  14 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Х.Гүнжидмаа бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхээс шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гэрч Баяржаргал, Гансүх нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр Б.М-ыг Л.Б нь зодсон болох нь тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Б.М-ыг Л.Б нь цохиж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болохыг нотолсон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн буюу хэргийг цагаатгах болсон үндэслэлээ тодорхой дурдаагүй байна. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, цаг хугацаа, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдож байхад шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй мөн шүүгдэгч Б.М, Б.А, Б.П нарын холбогдсон хэргийг ямар үндэслэлээр цагаатгаж байгаагаа дурдаж заагаагүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулгыг тодорхой заагаагүй байна. Үүнд:

Мөн хуулийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгана гэж заасан байхад ямар үндэслэлээр цагаатгаж  байгаа талаар тодорхой зааж өгөөгүй, ямар гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа, ямар гэрч нар Б.М-ыг Л.Б зодсон гэдгийг гэрчилж чадахгүй байгаа, Б.М, Б.А, Б.П нар нь худал мэдүүлэг өгсөн гэдэг нь ямар нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа зэргийг үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ цагаатгах тогтоолдоо орхигдуулсан нь шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй бол аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана гэж заасан бөгөөд энэ нь нэг талын байр суурь, нотлох баримтыг бүрэн хангалттай няцаасан үгүйсгэсэн үндэслэлээ мөн тусгасан байх ёстой шаардлагыг хангаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн бүрэн судалж үнэлээгүй, ямар нотлох баримтыг няцааж, үгүйсгэж байгаа талаараа тусгалгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь цагаатгах тогтоол үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг удирдлага болгон баримталсан байгаа нь цагаатгах тогтоолд тусгагдвал зохих зүйлийг бүрэн тусгаагүй, цагаатгах тогтоолын өөрийнх нь үндэслэл бүхий байх шаардлагыг үгүйсгэж байна гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийг дурдсан байх бөгөөд дээрх хэрэгт аль үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт зааснаар хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу прокурор, оролцогчид гардуулна гэж заасныг зөрчиж 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 50 минутад гардуулж, 1 хоногоор шүүхийн шийдвэрийг гардуулах хугацааг хэтрүүлсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож  байх тул мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б нарт холбогдох эрүүгийн 201707000005 дугаартай хэрэгт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай цагаатгах тогтоол, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Улсын яллагчийн эсэргүүцэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр бичигдэх ёстой. Гэтэл эсэргүүцэлд энэ талаар огт дурдаагүйг анхаарч үзнэ үү. Цагаатгах тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 Оролцсон прокуророос: Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай гэв.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй болоогүй байна.  

Тухайлбал, уг үйл явдал болохоос өмнө хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй байсан, халдлага болсон гэх газарт хохирогч Б.М  болон төрсөн ах дүү Л.Б, Л.Б нараас өөр хүн байгаагүй, энэ газраас хохирогчийг шууд цагдаагийн газарт авчирсан, тэндээс гэр лүү нь хүргүүлсэн, гэрээсээ эмнэлэгт очсон талаар гэрч Б.Б, Б.Б, Ж.Б, Ш.О, шүүгдэгч Б.П, Б.А нар тодорхой мэдүүлжээ.

Орон зай, цаг хугацааны нөхцөл байдалтай холбогдох дээрх нотлох баримтаас үзэхэд Б.М нь прокурорын яллах дүгнэлтэд тусгаснаас өөр газар, цаг хугацаанд гэмтсэн байх боломжгүй байна.

Түүнчлэн Б.М өөрт нь хүч хэрэглэн халдсан хүнийг тодорхой зааж хэлсэн, мөн түүний амнаас цус гарсан байсан талаар гэрч Ж.Б, Б.Б, Ш.О, шинжээч Т.Алтайбаатар нар мэдүүлснээс гадна шинжээч эмч дүгнэлтээ тайлбарлахдаа Б.М-ын биед үүссэн гэмтлийг зөвхөн цохилтын улмаас үүсэх боломжтой талаар тодорхой мэдүүлжээ.

Мөн шүүгдэгч Л.Б-ын төрсөн дүү Л.Б нь “Б.М-ыг манай ах хоёр удаа цохисон” талаар хэлж байсан гэсэн Ж.Б, Ш.О нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эдгээр шууд ба шууд бус нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар болон бусад баримт сэлт зэрэгтэй харьцуулан судалж, нягтлан шалгаж үнэлэхийн оронд зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл (Гэм буруугүйд тооцох)-ийн 2 дахь хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр цагаатгах тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9  дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.Б, Б.М, Б.П, Б.А нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН