Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-03
Тогтоолын дугаар 247
Хэргийн индекс 106/2017/0259/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Ж.А
Зүйл заалт 148.4.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ж.А-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 640 дугаар магадлалтай, 201626020032 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд, Э.Хашчулуун, хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ж-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны  улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.А-г давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ж.А-г 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Ж.А-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ж.А-г 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.А-д цагдан хоригдсон 136 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэсэн өөрчлөтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А болон өмгөөлөгч М.Ариунболд, хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч М.Ариунболд, Ц.Бат-Өлзий нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд, Э.Хашчулуун нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу шүүхийн магадлалд заасан үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр хяналтын гомдол гаргаж байна. Эрүүгийн хуульд заасны дагуу залилах гэмт хэргийн объектив тал нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлддэг шинжтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Ж.А- нь хохирогчийг хуурч мэхлэх замаар хувьдаа онц их хэмжээний хөрөнгө завшаагүй байна гэж дүгнэсэн мөртлөө бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Ж.А нь “Бласт Фурнас Плант”, “Дархан говь Феоре” ХХК-тай зээлийн зуучлалын гэрээ байгуулан уг гэрээнийхээ дагуу 9,500,000 ам.долларын зээлийг Хонг Конг дахь “UBS” банкнаас гаргуулахад зуучлах хариуд нь энэ хоёр компаний үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт 24 хувийг эзэмшин, хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцсон. Зээлийн зуучлалын гэрээний хөлс нь зээлийн төслийн материалыг боловсруулах аудитын зардал нь 260,000 ам.доллар болсон байдаг бөгөөд үүнийг 130,000 ам.доллараар нь тус тусдаа гаргахаар харилцан тохиролцсон. Үүнийхээ дагуу Ж.А Хонг Конг дахь “Сити” банкны данснаасаа “UBS” банк руу 260,000 ам.долларыг шилжүүлсэн байдаг. Энэ нь интерполын шугамаар авагдсан албан бичгийн хариугаар “Сити” банкинд данс байхгүй гэсэн дүгнэлт гарсан ч Ж.А-гийн “Сити” банкны картыг давж заалдах шатны шүүх хуралд үзүүлсэн боловч уг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй. Мөн гэрээ байгуулсны дагуу Канад улсын иргэн Тим Онил Монгол улсад ирж хохирогч талын 2 компанийн удирдлагуудтай санхүүгийн баримтад дүн шинжилгээ хийсэн бөгөөд 260,000 ам.долларыг хүлээн авсан болохыг “UBS” банкны салбарын захирал Шау Син Ен гэх хүний албан бичиг е-мэйлээр ирүүлснээс харагдана. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу ажиллагаа явагдсан байдаг.

Иймд Ж.А нь залилах гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд уг хэрэг нь гэрээний дагуу үүссэн иргэний эрх зүйн харилцаа байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.

 Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал зэрэгт хохирогчийн өмгөөлөгч миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоол, магадлалаар шүүгдэгч Ж.А-г “Бласт Фурмас Плант”, “Дархан говь Феоре” ХХК-ийг залилж 129,794 ам.доллар буюу 238,079,238 төгрөгийг шилжүүлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, давж зааалдах шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус ял шийтгэл оноосныг үндэслэлгүй болсон, хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна. Дээрх хоёр компани нь анх Ж.А-д хүсэлт гаргаснаар тухайн компаниудын хэрэгжүүлэх гэж байгаа хоёр төслийг санхүүжүүлэх гадны санхүүгийн байгууллагыг судалж олох, холбоо тогтоож төслийг санхүүжүүлэх боломжийг судлуулахаар харилцан тохирч хоорондын гэрээнүүдийг бичгээр байгуулж, улмаар Ж.А эдгээр төслүүдийг санхүүжүүлэх боломжийг судлуулахаар Хонг Конгийн “UBS” банкинд хандаж, тухайн банк дотоод журмынхаа дагуу судалгааны ажлын зардал 260,000 ам.доллар шаардахад нь “Бласт Фурмас Плант”, “Дархан говь Феоре” ХХК-иуд 4 удаагийн баримтаар 129,794 ам.доллартай тэнцэх 238,079.238 төгрөгийг Ж.А-гийн Голомт банк дахь данс руу шилжүүлж, Ж.А- 39,000 ам.долларыг БНХАУ-ын тусгай бус Хонг Конг дахь “Сити” банкинд эзэмшдэг хувийн данс руугаа шилжүүлээд уг данснаасаа 260,000 ам.долларыг “UBS” банк руу шилжүүлчихсэн. Тухайн банк нь Жим Онил, Шау Син Ен гэх төлөөлөгч нараа Монгол улсад ирүүлж төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжийг судалж байгаад “Бласт Фурмас Плант” ХХК нь Хаан банкинд 2,000,000 ам.долларын хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, зээл хүсэгч 2 компани санхүүгийн үйл ажиллагаа нь хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын Аудитын дүгнэлтгүй, Олон улсад Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж энэ чиглэлээр бизнесс хямралд орсон гэх үндэслэлүүдээр тухайн төслүүдийг санхүүжүүлэх боломжгүй гэсэн хариуг өгч эхэлмэгц дээрх 2 компаниуд гомдол гаргаж Ж.А-д Эрүүгийн хэрэг үүссэн үйл факт байгаа юм. Ж.А нь гэрээний үндсэн дээр дээрх Олон улсын “UBS” банкны Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан, дээр дурдсан 2 компанитай зуучлалын болон хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр 129,000 ам.долларыг шилжүүлэн авсан нь мөн 260,000 ам.долларыг “Сити” банкны данснаас “UBS” банк Ж.А-гээс хүлээн авсан тухай гэрээ, баримтууд тус тус хэрэгт авагдсан байдаг.

Хохирогч тал эдгээр нөхцөл байдлыг үгүйсгэхгүй, тэрчлэн анхан шатны шүүхээс эхлэн гомдлоосоо татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгуулах, хоорондын маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэл зоригийг илэрхийлдэг. Гэтэл хоёр шатны шүүх ийм үйл баримтыг гэмт хэрэг гэж дүгнэн гэм буруутайд тооцож, дээр дурдсан зүйл заалтаар Ж.А-д ял шийтгэл оноосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “Тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй, тэрчлэн хуучин Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, шинэ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Мөн хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий би анхан шатны шүүхэд “UBS” банкнаас ирүүлсэн 260,000 ам.доллар хүлээн авсан гэх баримт интерполоос Монгол Улсын Хууль зүйн яаманд ирүүлсэн баримтыг хэрэгт хурааж, түүнд үзлэг болон шинжээч томилж орчуулга хийлгэх, баримтуудыг нотлох баримт дахин шалгах журмын дагуу шалгаж, эргэлзээгүй нэг мөр болгох талаар гаргасан хүсэлтийг хангалгүй орхисон нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийн эрхийг хохироосон хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үздэг.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд хяналтын шатны шүүх хуралдаанд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байр суурьтай хуралдаанд оролцож байна. Нэгдүгээрт энэ бол гэмт хэрэг биш, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив болон субъектив шинжүүдийг хангаагүй. “Бласт Фурмас Плант” ХХК болон иргэн Ж.А нарын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан.  Зуучлалын гэрээний дагуу талууд ирээдүйд үйлдвэрлэлийг явуулж буй компанийн хувьцааны 24%-ийг хамтран эзэмшихээр болж, UBS банктай гэрээ байгуулан 260.000 ам.доллар төлөхөөр тохиролцсон. Түүний зардлыг хамтарч ажиллаж байгаа гэдэг үүднээс 50, 50%-иар хувааж хоёр компани тус бүрээс 130.000 ам.доллар авсан. Үүний дагуу Канад улсын иргэн Жим Онил Монгол Улсад ирээд зээл хүсэхэд шаардлагатай санхүүгийн материалуудыг авснаас гадна компанийн удирдлагуудын хамт Хөтөл хотод очиж үйлдвэртэй танилцсан. Санхүүгийн зуучлалын гэрээний тодорхой хэсгийг биелүүлсэн буюу гэрээтэй холбоотой маргаан юм. Дараагийн шалгуур үндэслэл нь шүүгдэгч Ж.А нь өөрөө зээл гаргуулах саналыг тус компанийн удирдлагуудад эхэлж тавиагүй бөгөөд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх болон хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудаар нотлогддог. Компанийн удирдлага болон Чингистөр, Батцэнгэл нар өөрсдөө ирж санал тавьсан нь гэрээний харилцаа юм. Зохиомол байдлыг зориудаар бий болгосон буюу UBS банк төлөөлөгчийн газрын захирал гэж итгүүлсэн хэмээн давж заалдах шатны шүүх дурьдсан. Үүнийг няцаахад, UBS банкны Хонг Конг дахь салбарын захирлаар ажиллаж байгаа нь тухайн банктай байгуулсан гэрээгээр тогтоогддог. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн гэрээг хувийн мэйлээс хэвлэн өгсөн ба үүнийг анхнаасаа мэдүүлсэн. Уг гэрээний гарын үсэг зурсан хэсэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахад ердийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн тул хүчингүй гэж үзэн шүүх хэргийг шийдэж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Шүүгдэгч Ж.А-д холбогдох хэрэг нь эрүүгийн хэрэг биш, иргэний маргаан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.А-д холбогдох хэрэгт 129,000 ам.доллар буюу 238,000,000 төгрөгийг залилан хийж авсан уу, эсвэл иргэний журмаар гэрээний дагуу авсан уу гэдгийг голлон анхаарах хэрэгтэй. Хохирогч болон шүүгдэгч талын өмгөөлөгч нарын хэлж буйгаар төлбөрийн асуудлыг дараа дараагийн гэрээг үндэслэн төлөх боломжтой гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Т.Б нь өөрийн өмгөөлөгчийн санал болох шүүгдэгч Ж.А-г цагаатгах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгох бус мөрдөн байцаалтын шатанд буцааж, Ж.А-гийн тусламжтай гадны компаниас төслийн зээл авсан тохиолдолд хохирлоо барагдуулсанд тооцно, шүүгдэгч Ж.А шоронд хоригдох ял авсан тохиолдолд бид хохирлоо төлүүлэх боломжгүй болно гэж хэлсэн. Хохирлоо барагдуулах гэсэн гол хүсэл зориг хохирогчид байгаагаас гэмт хэрэг биш гэж  үзэхгүй байгааг түүний хэлснээс харж болно. Залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх дээр шүүх бүрэлдэхүүн гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Залилан гэдэг нь хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ж.А нь UBS банкны Монгол талыг хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилладаг гэдгийг батлах ажлын санал гэсэн бичиг дээрх хүний нөөцийн ажилтан болон төслийн ажилтнуудын гарын үсэг биш байсан. Харин Ж.А болон бусад ажилтнуудын гарын үсэг тохирч байгаа бөгөөд зөвхөн гарын үсгийг хэвлэхэд энгийн хэвлэгч будаг ашигласан нь тогтоогдсон.

 Урьдчилгаа төлбөр авсан ойлголт, хамт ажиллах гэрээ, зуучлалын хөлс, урьдчилсан зээлийн судалгаа хийх зардал зэргээр авсан мөнгийг тайлбарласан. Хамтран ажиллах гэрээний дагуу Ж.А 130,000 ам.доллар шилжүүлсэн гэсэн боловч хэрэгт авагдсан зарим нотлох баримтаар Ж.А нь байр, машин зэргийг авах гээд чадахгүй байсан нь харагддаг. Шүүгдэгч Ж.А-г и-мэйлээр UBS банктай харьцаад өөрийн болон бусдын 130,000 ам.долларыг авах талаар сануулахад ажлаасаа гарсан учир хуучин и-мэйлээ ашиглах боломжгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. 130,000 ам.доллар авсан эхний үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд, Э.Хашчулуун нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.А нь “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоро” ХХК-иас өөрийгөө Швейцарь улсын “UBS” банкны Бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны тусгай нэгж болох Хонг Конг дахь салбарын Монголын талыг хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилладаг 9,500,000 ам.долларын төслийн зээл авахад зуучилж хамтарч ажиллана гэж хуурч мэхлэх аргаар 2014 оны 05 дугаар сарын 20-нд 30,000 ам.доллар буюу 54,375,300 төгрөгийг “Дархан Говь Феоро” ХХК-ийн Голомт банкны 2010006608 тоот төгрөгийн данснаас өөрийн 3000001641 тоот долларын дансанд шилжүүлж авсан,

2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр давтан үйлдлээр “Дархан Говь Феоро” ХХК-ийн данснаас өөрийн 3000001641 тоот дансанд 29,794,15 ам.доллар буюу 54,602,248 төгрөгийг шилжүүлж авсан,

2014 оны 09 дүгээр сарын 12-нд өөрийн 3009352415 тоот Голомт банкны долларын дансанд 17,000 ам.доллар буюу 31,358,030 төгрөгийг “Бласт Фурнас Плант” ХХК-иас “BFP LLC” гэрээний төлбөр гэсэн утгаар шилжүүлж авсан,

2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн 3009352415 тоот Голомт банкны ам.долларын дансанд 53,000 ам.доллар буюу 97,743,660 төгрөгийг “Бласт Фурнас Плант” ХХК-иас “BFP LLC” гэрээний урьдчилгаа гэсэн утгаар нийт 4 удаагийн үйлдлээр 129,794,15 ам.доллар буюу 238,079,238 төгрөгийг шилжүүлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.А-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин  давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг оногдуулах ялыг хөнгөрүүлсэн үндэслэлээр буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял хөнгөрүүлэн оногдуулахдаа ял дүйцүүлэх зарчмыг хэрэглэж биечлэн эдлэх ялыг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан ял шударга байх зарчмыг зөрчжээ.

Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ 2002 оны Эрүүгийн хуулиар тогтоосон ял, эрүүгийн хариуцлагын хэмжээг илт хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж ял оногдуулж буй тул анхан шатны шүүхээс өмнөх Эрүүгийн хууль хэрэглэж оногдуулсан ялтай дүйцүүлэх шаардлагагүй бөгөөд ял, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болохоор хуульд заасан билээ.

Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал шүүх тухайн ялтны ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасахдаа ял дүйцүүлэх зарчмыг хэрэглэх учиртай юм.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.А-гийн 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгүүлсэн 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тогтоосон ялын доод хэмжээнд нийцүүлж Ж.А-г 2 жилийн хорих ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ж.А-д холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй  гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 640 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ж.А-д холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ж.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

                      ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР