Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-27
Тогтоолын дугаар 05
Хэргийн индекс 106/2017/0206/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Д.Т
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Т-д холбогдох ял дүйцүүлэн

хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаар магадлалтай, Д.Т-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Д.Т-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 831 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны  2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгүүлсэн, одоо уг хорих ялыг эдэлж байгаа Б овогт Д-ийн Т.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ялтан Д.Т-д 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан 15 жил хорих ял нь 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчлөгдөөгүй тул ял дүйцүүлэн хасах саналыг хэрэглэх боломжгүй гэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Д.Т-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Ялтан Д.Т хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Д.Т миний бие Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 18 жил хорих ял шийтгүүлснийг Улсын дээд шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, 15 жил хорих ял болгосон. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүн бүрт тэгш эрхтэйгээр үйлчилнэ гэж гарсан боловч миний хорих ялд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болно. Иймд энэ байдлыг харгалзан үзэж шинэ Эрүүгийн хуульд хамааруулж өгнө үү” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Д.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээрзүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялын дээд хэмжээнд нь 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчлөлт ороогүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуулиар тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч тооцно.

2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээтэй адил тогтоогдож өөрчлөгдөөгүй учир ялтан Д.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ялыг шинээр тогтоосон ялтай дүйцүүлэх боломжгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул ялтан Д.Т-н гаргасан ял дүйцүүлэн хасах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтан Д.Т-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН