Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 317
Хэргийн индекс 105/2017/0226/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Т.Ц
Зүйл заалт 091.2.2, 091.2.12, 091.2.15
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Т.Ц-д холбогдох ял дүйцүүлэн

хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 204 дүгээр шүүгчийн захирамж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар магадлалтай, Т.Ц-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Т.Ц-ын гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар 25 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа Ш овогт Т-ийн Ц.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар оногдуулсан 25 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 20 жил хорих ял болгон хасч, Т.Ц-д оногдуулсан 20 жил хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 13 жил 4 сар 16 хоногийн хорих ялыг хасч, эдлэх ялыг 6 жил 7 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Т.Ц-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Ялтан Т.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар хорих ялыг 20 жил болгон хасч өөрчилсөн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан ялын дээд хэмжээ болох цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүнд уучлал үзүүлж, уг ялыг 30 жилийн хорих ял болгосныг 2015 оны Эрүүгийн хуулиар 20 жил болгосон байна. Гэтэл надад оногдуулсан 25 жилийн хорих ялыг 20 жилийн хорих ял болгон дээрх ялтай хүнтэй адилхан тогтоосон нь ойлгомжгүй байхаас гадна шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж, хохирогчид төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2015 оны Эрүүгийн хуульд бүрэн хамааруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Т.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд дүйцүүлэн хасч шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүх ялтан Т.Ц-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг хянан хэлэлцсэн тухай шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй байна. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар магадлалд 204 дүгээр шүүгчийн захирамжтай ялтан Т.Ц-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг хянасан талаар дүгнэсэн атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд 200 дугаар захирамжтай ялтан  О.Г-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг хянасан талаар бичигдсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-д “...энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна”, мөн зүйлийн 2-т “...шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана”,16.7 дугаар зүйлийн 1-т “...шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нь ... нотлох баримт болно”, 16.14 дүгээр зүйлийн 1-т “...энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ”, 39.4 дүгээр зүйлийн 9-т “Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг энэ хуулийн 11.7 дугаар зүйлд заасны дагуу хөтөлнө” гэснээс үзэхэд шүүх хуралдааны тэмдэглэл нь хэргийг шүүхээр хэлэлцсэн болохыг батлах үндсэн нотлох баримт бөгөөд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Иймээс Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Ц-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн буюу давж заалдах шатны шүүхийн магадлал болон шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй гэсэн үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, ялтан Т.Ц-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар магадлалыг хүчингүй болгож, ялтан Т.Ц-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН