Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-15
Тогтоолын дугаар 325
Хэргийн индекс 142/2017/0200/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Ж.А
Зүйл заалт 148.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ж.А-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Д.Оюунчимэг,  нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж, хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 93 дугаар магадлалтай, 201614000403 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.А болон өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.А-г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ж.А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлүүдээс Д.Б-аас 535,000 төгрөг, Н.Т-аас 2,304,000 төгрөг, М.Ч-оос 1,000,000 төгрөг, Ө.О-аас 984,000 төгрөг, М.Г-аас 1,000,000 төгрөг, 4 ширхэг хонь нийт 1,380,000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Ж.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.  

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял” гэснийг “6 сарын хорих ял” гэж өөрчилж, тогтоох хэсгийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих тухай 5 дахь заалт болон Ж.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, Ж.А-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Ж.А болон өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.А гаргасан гомдолдоо “...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Тухайн үед Газрын харилцааны албанд ажиллаж байсан н.Г болон надтай хамт блок хийдэг Д.Т нарын хоорондох асуудлаас болж ийм байдалд хүрсэн. Газар хүссэн иргэнийг Д.Т надтай уулзуулж, би мөнгийг нь н.Г-т өгдөг байсан. Д.Т нь өөрөө н.Г-тэй бас уулзаж хүмүүст газар авч өгөөд, тэр нь хэл ам болоод л явдаг юм байна лээ. Д.Т-ээс 300,000 төгрөг аваагүй, миний эгч Ж.Н-гаас надаар дамжуулж авсан 300,000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сард надад өгснийг нь эгчдээ өгөлгүй би хэрэглэсэн юм. Гэтэл тэр мөнгийг газар авч өгнө гэж авсан хэмээн намайг гүтгэж байна. Мөн 2015 оны хавар миний ямар ч оролцоогүйгээр Яргуйт багаас 5 айлын газар дээр шон, дай мод зөөгөөд нөхрийнхөө компанийн ажилчдаар хийлгэсэн байсан. Д.Т нь бусдаас авсан мөнгийг намайг авсан мэтээр харагдуулахын тулд надаар гарын үсэг зуруулах гэж зодож, улмаар шийтгүүлж байсан. Үүнээс гадна Даваа гэдэг хүнээс 800,000 төгрөг авсан атлаа намайг авсан гэж шүүхэд өгсөн боловч нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Хохирогч нараас авсан бүх мөнгийг н.Г-т өгч байсан. Бусдын гар хөл болж буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна, эрүүл мэндийн хувьд өнчин тархины хавдартай болсон. Иймд ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Яллах дүгнэлтээр нийт хохирлын хэмжээ 7,203,000 төгрөг гэж ирсэн байхад хохирогч М.Г, Ө.О, М.Ч, Н.Т, Л.Т нарын мэдүүлгийг үндэслэн хохирлын тооцсон буруу бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг зөрчиж Н.Т 498,000 төгрөг, Л.Т-д 2,934,000 төгрөг хор уршиг учирсан гэж хоёр шатны шүүх үнэлээд байгаа нь үндэслэлгүй. Эдгээр иргэний нэхэмжлэлүүд нь Ж.А-г гэм буруутай гэж үзсэн үйлдэлтэй шалтгаант холбоогүй. Тухайлбал Л.Т-ээс Яргуйт багийн нутаг дэвсгэрт газрын гэрчилгээ гаргаж өгөхийн тулд газрын даамал Б.Ганчимэгт өгнө гэж 300,000 төгрөг залилан мэхэлж авсан үйлдэлд буруутай гэж шүүх үзсэн. Л.Т-ийн зөвшөөрөлгүй газарт дураараа 10 хашааг барьж, газрын албанаас албадан буулгасан болон эд зүйлийг хураан авч улсын орлого болгосон тухай баримт хэрэгт байхгүй. Хэрэгт газар албадан чөлөөлөх актуудын хуулбар байгаа бөгөөд эдгээр баримтыг хохирогч Л.Т нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байдаг. Энэ актанд хашааны шон, дай модыг хурааж авсан тухай бичилт байгаа боловч хэнээс хурааж авсан тухай нэр байхгүй, үнэ байхгүй, тамга тэмдэггүй байдаг. Мөн уг актанд хураалгасан шон, дайг Их залуу багийн түлээний захад хадгалуулсан тухай бичилт байна. Тэгэхээр хохирогч Л.Т, Н.Т нар зөвшөөрөлгүй газарт шон босгож, дай мод хадаад энэ нь хураагдаж улсын орлого болсон бол хохирол гэж үзэж болох юм. Гэтэл Баян-Өндөр сумын А/300 дугаар захирамж болон дээрх актанд дээрх шон, дай модыг улсын орлого болгосон тухай заалт, тэмдэглэл байхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх яллах дүгнэлт заасан хохирлын хэмжээг дээрх баримтуудыг үндэслэн нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулахын оронд хохирлыг төлөөгүй байна гэж ялыг хүндрүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын талаар прокурор эсэргүүцэл бичээгүй байхад давж заалдах шатны шүүх шүүх хуралдаан дээр хэлсэн улсын яллагчийн саналыг хүлээн авч, шүүгдэгч Ж.А-гийн ялыг хүндрүүлэн хорих ялаар сольсон нь хэтэрхий нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр болжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан гэм буруу, ял шийтгэлийн талаар маргахгүй, харин Д.Б-д 385,000 төгрөг, М.Г-т 1,260,000 төгрөг, Ө.О-д 834,000 төгрөг, М.Ч-т 850,000 төгрөг, Н.Т-т 2,304,000 төгрөг, Ч.Н-д 420,000 төгрөг, Л.Т-д 200,000 төгрөг, нийт 6,253,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл, 6.21 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудыг зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолын хохирол заасан хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогч Н.Т, Л.Т нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг хэлсэн саналдаа “Б.Долгорсүрэн өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх ял хөнгөдсөн гэж эсэргүүцэл бичээгүй байхад ялыг хүндрүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийг 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх нэгдүгээр хавтаст хэргийн 247, 248, 249, 250 дугаар талд байгаа нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Мөн Д.Т нь бусдаас авсан мөнгөө шүүгдэгчээс авсан мэтээр харагдуулах гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудад гарын үсэг зуруулах гэж зодож, улмаар хөнгөн зэргийн гэмтэл учруулж шийтгүүлж байсан. Ж.А нь дээрх үйлдлийн улмаас өнчин тархины хавдар туссан эмчлүүлэх шаардлагатай тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ж.А-гийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бусдад учруулсан хохирол, хохирол төлөөгүй байдлыг харгалзан үзэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.А болон өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Э.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.А нь 2013 оны 04 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарын хооронд газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч мэхлэн Д.Б-аас 535,000 төгрөг, Н.Т-аас 2,304,000 төгрөг, М.Ч-оос 1,000,000 төгрөг, Ө.О-аас 984,000 төгрөг, М.Г-аас 1,380,000 төгрөг, Л.Т-ээс 300,000 төгрөг,Ч.Н-ээс 700,000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.А-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу анхан шатны шүүх Ж.А-д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.

Харин давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялын хэмжээг өөрчлөх эрхийн хүрээнд хохирол төлөөгүй болон шүүгдэгч Ж.А-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 6 сарын хорих ял болгон хүндрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзнэ.  

Хяналтын  шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч Ж.А болон өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан “н.Ганчимэгийг шалгах, хохирлын тооцоог дахин нягтлах” тухай гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 93 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А болон өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН