Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 319
Хэргийн индекс 188/2017/0158/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Д.А
Зүйл заалт 091.2.1, 091.2.7, 091.2.11
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.А-т холбогдох ял дүйцүүлэн

хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар магадлалтай, Д.А-т холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Д.А-тын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ял шийтгүүлж, хорих ял эдэлж байгаа Б овогт Д-ийн А.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-д зааснаар оногдуулсан 25 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 20 жил хорих ял болгож, Д.А-т оногдуулсан 20 жил хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 10 жил 8 сар 5 хоногийн хорих ялыг хасч, эдлэх ялыг 9 жил 3 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “...10.1 дүгээр зүйлийн” гэсний дараа “...2.5,” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Д.А-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Д.А гаргасан гомдолдоо “...Намайг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-д зааснаар 25 жил хорих ял шийтгэхдээ “ялтай байх хугацаандаа, архидан согтуурсан, дахин гэмт хэрэг үйлдсэн” гэдэг хүндрүүлэх нөхцөл байдлыг үндэслэл болгосон байсан. Шинэ Эрүүгийн хуулиар 25 жилийн хорих ялыг 20 жил болгон өөрчилсөн болохоос дээрх 3 хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хасаагүй. Миний хувьд эдгээр хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялын хэсгийг хянах ёстой. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлаас дээрх 3 үндэслэл хасагдсан бөгөөд уг зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заажээ. Ийм учраас хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан 20 жилийн хорих ялаас хасагдах ёстой гэж үзэж байна. Мөн хорих байгууллагын оёдлын үйлдвэрт ажиллаж, цалингаасаа хохирлоо төлж байгаа болно. Иймд надад оногдуулсан 20 жил хорих ялыг багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөхийг хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Д.А-т 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд дүйцүүлэн хасч шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан ялын доод, дээд үндсэн хэмжээнд нийцүүлэн хасах байдлаар хэрэгжинэ.

Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “гэмт хэргийг уулгалан довтлох буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ” гэсэн шинж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиас хасагдсан гэж зөв тодорхойлсон атлаа “шунахайн сэдэлтээр” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж зөвтгөн, ялтан Д.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-д зааснаар оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.11 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Учир нь шүүх Д.А-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 25 жил хорих ял шийтгэсэн байх бөгөөд уг гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.11 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 20 жилийн хорих ялтай нийцүүлэх байдлаар тогтоосон нь үндэслэлтэй болно.

Ялтан Д.А нь шүүх 2015 оны Эрүүгийн хуулиар тогтоосон хэмжээнд ялыг нийцүүлэн хасахдаа өмнө “ялтай байх хугацаандаа, архидан согтуурсан, дахин гэмт хэрэг үйлдсэн” гэдэг хүндрүүлэх нөхцөл байдлаар оногдуулсан ялыг хасаагүй гэж гомдолдоо дурдсан байх бөгөөд шүүхээс тухайн үед дээрх гурван үндэслэлээс зөвхөн согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон нь хэргийн зүйлчлэлд нөлөөлсөн гэж үзэх учиргүй тул ялтны гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтан Д.А-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН