Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 321
Хэргийн индекс 188/2017/0160/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Д.Б
Зүйл заалт 091.2.12
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Б-д холбогдох ял дүйцүүлэн

хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга  Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 91 дүгээр магадлалтай, Д.Б-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Д.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 18 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялаа эдэлж байгаа Б овогт Д-ийн Б.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д зааснаар оногдуулсан 18 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 12 жил хорих ял болгон тогтоож, Д.Б-д оногдуулсан 12 жил хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 4 жил 11 сар 13 хоногийн хорих ялыг хасч, эдлэх ялыг 7 жил 17 хоног болгож хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Б-ийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 17 хоногоор тогтоосугай” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан хорих ялыг 14 жил 4 сар 26 хоногоор тогтоосугай” гэж, захирамжлах хэсгийн 2 дахь заалтад “Ялтан Д.Б-ийн 7 жил 17 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-ийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, ялтан Д.Б-ийн ялын тооцоог хийж, шинэчлэн тогтоосон ялаас хасч тооцохыг тухайн хорих байгууллагад мэдэгдэж, түүний давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Д.Б гаргасан гомдолдоо “...миний бие 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 18 жил хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 4 жил 6 сар 04 хоног, шагналын 5 сар 9 хоног, нийт 4 жил 11 сар 13 хоногийн ял эдлээд байна.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаартай “Ялыг дүйцүүлэн хасах” тухай шүүгчийн захирамжаар миний биечлэн эдэлсэн нийт 4 жил 11 сар 13 хоногийн хорих ялыг хасч, үлдэх 7 жил 17 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосныг эс зөвшөөрч, шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдол гаргасан юм. Гэтэл давж заалдах шатны шүүх миний биечлэн эдлэх хорих ялыг 14 жил 4 сар 26 хоног болгон өөрчилж, миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хуульд “ялтны эрх зүйн байдлыг дордуулахгүй, түүнд ашигтай байдлаар шийдвэрлэнэ” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх зөрчсөн болно. Хэд хэдэн зүйл ангиар шийтгүүлсэн хоригдлоос дунджаар 8 жилийн ял дүйцүүлэн хасч, надтай адилхан зүйл ангиар 23 жил хорих ял шийтгүүлсэн ялтнаас 9 жилийг дүйцүүлэн хассан, 13 жил хорих ялаас 6 жилийг хасуулж, үлдэх 7 жилийн хорих ялыг биечлэн эдлээд суллагдсан олон тохиолдол байгаа нь ялыг янз бүрээр хасах боломж байгааг тодоор харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоосон ялыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Д.Б-д 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд дүйцүүлэн хасч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 15 жил, дээд хэмжээ 25 жилийн хугацаагаар хорих эсхүл цаазаар авах ял шийтгэхээр хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 12 жил, дээд хэмжээг 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх болгон ялын доод болон дээд хэмжээг багасгаж, цаазаар авах ялыг халсан нь 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Өмнөх Эрүүгийн хуулиар шийтгүүлсэн этгээдийн хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасахдаа ялын доод, дээд хэмжээнээс гадна тэдгээрийн хооронд тогтоосон ялыг ч “хорих ял дүйцүүлэх загвар томъёолол”-ыг ашиглан шинээр тогтоосон хэмжээнд дүйцүүлж мөн багасгана.

Анхан шатны шүүх ялтан Д.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэхдээ тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 12 жилийн хорих ялаар тогтоосныг давж заалдах шатны шүүх 14 жил 4 сар 26 хоног болгож зөвтгөж тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзнэ. 

Иймд ялтан Д.Б-ийн ялыг дүйцүүлэн хасах талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан ялтны гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 91 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, ялтан Д.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН