Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-22
Тогтоолын дугаар 340
Хэргийн индекс 166/2017/0199/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 148.3.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Е.Б-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогч Г.Одончимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр магадлалтай, 201709000158 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Е.Б, түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бн овогт Е-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн аргаар залилан мэхлэж авсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Е.Б-ыг цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгө шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Е.Б, өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Б гаргасан гомдолдоо “...миний бие хэрэг мөрдөн байцаалтын явцад 6 сартай жирэмсэн байсан бөгөөд сэтгэл зүйн хувьд маш хямралтай, үнэн байдлаа мөрдөн байцаагчид хэлэхээс маш их айж явсаар хэрэг прокурорт шилжих үед төрөөд дөнгөж 10 хонож байсан. Уг байдлыг харгалзан прокурор намайг нэг ч удаа дуудаж уулзаагүй бөгөөд хэргийг шууд шүүхэд шилжүүлсэн. Маш их хүндрэлтэй төрсний улмаас цус алдаж, хүүхэд маань үргэлж уйлдаг учраас 2 сарын турш хүүхдээсээ өөр зүйлд анхаарал хандуулах боломжгүй үед шүүх хурал болсон. Санхүүгийн байдлаас болж өмгөөлөгчөөс зөвлөгөө авч чадаагүй. Мөн ар гэрээсээ энэ хэргийг нууж туслалцаа авалгүй хэтэрхий хайнга хандсан. Хохирогч Г.О-ээс бага багаар уг мөнгийг авч, өөрийн сайн сайхан амьдралын төлөө бусдын сайхан сэтгэлээр тоглож залилан хийсэндээ үнэхээр харамсаж хохирогчоос уучлал хүссэн. Миний гэр бүлийн зүгээс хохирогчид учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө өөрийн гэрийн эд зүйлээ зарж борлуулан хохирлыг барагдуулж эхэлсэн. Мөн үлдэх хохирлыг төлөхийг илэрхийлсэн болно. Миний хувьд эрдэм боловсролтой, гадаадад сурч байсан, Монгол улсдаа хувь нэмэртэй шинэ боловсон хүчин бөгөөд уг хэргийг өөрийн хувийн сэтгэл зүйн асуудлаасаа болж үйлдсэндээ маш их гэмшиж байна. Миний бие 8 настай охин, 5 сартай хүүтэй. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж хорих ялыг хойшлуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Е.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн ч хувийн байдалд нь тохироогүй. Е.Б хэдийгээр гэмт хэрэг үйлдэж түүндээ тохирсон ял шийтгэлийг авах нь зүйн хэрэг боловч 5 сартай нялх хүүхдийнх нь эрх ашиг үнэхээр хохирч байна. Анхан шатны шүүх хурлын үед Е.Б төрөөд 2 сар болж байсан. Гэтэл шүүх шууд цагдан хорьж нялх хүүхэд хэний ч асрамжинд биш хаягдаж хөхнөөс нь шууд салгасан учир богино хугацаанд тураалд орж өвчин ороож, сэхээн амьдруулах эмчилгээнд орсон ба эхийг нь даалтанд гаргаснаар арай гайгүй болж, хэвийн бойжиж эхэлсэн. Энэ хугацаанд гэм буруугаа ойлгож, 7,500,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх хохирлоо яаралтай төлж барагдуулахын төлөө чармайж байгаа билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх гэм буруугаа ойлгож гэмшээгүй гэх үндэслэлээр хорих ял хойшлуулах асуудлыг хүлээн аваагүй бөгөөд үүнээс болж 5 сартай хүүхэд нь мөн л хөхнөөсөө холдож хохирч байна. Анхан шатын шүүхээс хүүхдүүдэд асран хамгаалагч томилохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад үүрэг болгосон боловч Засаг дарга энэ талаар мэдээ ч үгүй, ямар ч арга хэмжээ аваагүй байсан. Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан “хүний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 16 дугаар зүйлийн 11-д заасан “... эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэсэн заалтуудыг зөрчиж байгаагаас гадна Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Төр ... үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэх зарчмыг баримтлана” гэснийг харгалзан үзээгүй. Иймд хуульд заасан боломжуудыг харгалзан үзэж, 5 сартай нялх хүүхэд эхийн буруутай үйлдлээс болж сүүгээ хөхөж чадахгүй байгаа байдлыг харгалзан ялыг хойшлуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас Г.О-т 24,415,000 төгрөг учруулснаас 7 сая төгрөгийг төлж, үлдэх хохирол төлөгдөөгүй байна. Шүүгдэгчийн хувьд хохирол төлөх эх үүсвэр нь тодорхойгүй бөгөөд ялыг хойшлуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Е.Б- болон өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан гомдлыг үндэслэн Е.Б-т холбогдох хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Е.Б нь 2015 оны 09 сард хохирогч Г.О-тэй өөрийн биеэр очиж уулзан Б.Энхжин гэх хүн байдаг гэж итгүүлэн, олон нийтийн цахим сүлжээ болох “facebook”-т иргэн Б.М-ын гэрэл зургийг ашиглан “Буяндбадрахын Энхжин” гэх нэрээр хуурамч хаяг нээн хохирогч Г.О-тэй харилцаж “хүүхдийн бие муу, эмчилгээний мөнгө хэрэгтэй”, “гэмт хэрэгт холбогдлоо, хохирол төлөх хэрэгтэй байна” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бэлнээр болон Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5046281469 тоот данс, иргэн С.А-ын эзэмшлийн 5055264500 тоот дансыг ашиглан нийт 24,415,000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Е.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгө шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Е.Б-т холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Е.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмшсэн болон хохирол төлбөр барагдуулсан байдалд хийсэн шүүхийн дүгнэлт, одоо 5 сартай Б.Данзан эрүүл бойжиж буйг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Е.Б, түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Е.Б- болон өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН